top of page

ӨВӨР ТЭВЭРСЭН НУТГААС МОНГОЛОО САНАДАГ


Урд хойд хэсэгт хоёр хуваагдсан ахан дүүсийн талаар "мэдлэг"-тэй хүн нь мэдэхийн нэр зүүснээсээ олон болов уу? Өнгөрсөн зуунд Монголчуудын туулсан хар бараан түүхийн хуудсанд үлдсэн бичиг бүрийн жимээр ахин аялахуй...


МОНГОЛЧУУДЫН ЭРГЭН НЭГДЭХ ОРОЛДЛОГО

1911 оны 12-р сарын 29-нд Монголчууд Манж Чин гүрний хязгааргүй эрх мэдлийн гинжин хэлхээнд гацсан хувь заяагаа таслан зогсоож өөрсдийн тусгаар тогтнолыг зарласны дараа Өвөр Монголтой эргэн нэгдэх гэж хэд хэдэн удаа Таван замын байлдаан мөн Чөлөөлөх дайнд мордож байсан ч БНХАУ, ЗХУ-ын нөлөөгөөр шахагдаад чадаагүй юм. Таван замын байлдааныг 1912-1915 оны хооронд явуулж Монголын талаас Өвөр Монголыг нэгтгэх зорилготой явсан ч Хятадын талаас нөхцөл байдлыг ажиглан өвөр, ар гэлтгүй Монголыг тэр чигт нь өөрийн захиргаанд байлгахыг хүссэний улмаас ЗХУ-тай хамтарч Хиагтын гэрээг батлан тэрхүү дайныг зогсоов. Дахин Дэлхийн II-р дайны дараа Японы эзлэн түрэмгийллийн эсрэг Орос, Монгол цэрэг хамтран Чөлөөлөх дайныг зарлан урд хилийн зүгийг гатлаж харин тэр үед  Маршал Х.Чойбалсан энэ цагт л Өвөр Монголоо эргэн нэгтгэе гэсэн боловч ЗХУ талаас зогсоож мөн бүтэлгүйтсэн байдаг.


Ийм замаар урд болон хойд хөрш улсууд бидний түүхийг гуйвуулан, замхруулах зорилготой Монголын их хэлмэгдүүлэлтийн хар бараан он цаг 1930аад оны дунд үеэс эхэллээ. Эрдэм номтой сэхээтэн хэн бүхнийг, шашин төрийн төлөөлөл  лам нарыг тэр байтугай алтан ургийн хүмүүсийг ч онилон ард олныг мунхруулж төрийн эсрэг болгосон гэх гол үзэлд тулгуурлан "эсэргүү" хэмээн гүтгэн бууны хүйтэн хошуу тулган заримыг нь нарсанд суулгаж байв. Бичиг үсэг тайлагдаагүй хэдэн бор, харц ардыг нь үлдээж хожим өөрийн колони улс болгож дагаар оруулах л бодлого байсан юм шиг байгаа юм. Ийн сүм хийдийг олноор нь шатааж мал хуйг нь улс өмчлөх аюулаас болж лам нар, малчин ард Өвөр Монголын газар нутаг руу нүүсэн үеэс эхлэн одоо миний өгүүлэх бодит хүмүүсийн түүхийг хуваалцъя.


МИНИЙ ӨВӨР МОНГОЛ ДАХЬ ХАМААТНУУД

1939 онд миний хуланц эмэг эх Сайнхүү эмээ өөрийн охин Норжмаа болох элэнц эмээг минь есхөн настайд нь өөрийн эгч Шамбалындаа өргүүлэн бусад 9 хүүхдээ дагуулан тэмээтэйгээ харийн нутгийг зорьсон юм билээ. Элэнц минь ярихдаа ээжийнхээ араас гүйгээд гүйгээд чадаагүй, цэг болтлоо холоо яван зэрэглээнд уусах хүртэл нь ширтсэн гэдэгсэн. Харин элэнц өвөөгийн минь хувьд Чөлөөлөх дайнд оролцсоны улмаас 1945 онд их хэлмэгдүүлэлтийн үеэр тагнуул хэмээн гүтгэгдэж 4 жилд шоронд суусан аж. Тэд минь бол Монголын ТАМ МЭТ өдрүүдийг өөрсдийн биеэр туулсан хүмүүс билээ.


Элгэн нутаг, энхрий үр, элэг нэгт ах дүүсээ орхин салсан өвөг дээдсийн маань үр сад, ач зээ нар нь одоо ч урд хөршийн нутагт энх тунх аж төрж байна. Тэдний төлөөлөл болсон 10 дөхөм хүмүүс өнгөрсөн зун Монголоороо тойрон аялж Улаанбаатар, Сайншанд, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь аймагт амьдран суудаг олон олон хамаатнуудтайгаа танилцаж харилцаа холбоогоо тогтоосон уулзалт болсон юм. Харин тэдний гэрээр зөрүүлэн зочилж мөн Хөх Хотыг үзэхээр 8-р сарын сүүлээр бид гэр бүлээрээ Өвөр Монголын нутгаар хөндлөн гулд аяллаа. Тэдэнтэй байж, аж амьдралыг нь хөндлөнгөөс өөрийн биеэр ажихад олон ч дүгнэлтийг дотроо хийсэн дээ.


Өвөр Монголын Баянцагаан гэх нутагт тариалан, мал аж ахуйг хослуулан хийдэг жирийн нэг хөдөлмөрч айл. Хотондоо хэдэн үхэр, тахиатай тэгээд тариа тарьдаг. Шавар байшин хэд хэдээр нь эгнүүлэн барьсан байх ба хөршүүд нь гэсэн. Анхны өдөр гэрийн боорцог, сүүтэй цай, буузаар дайлсан юм. Тэгээд биднийг ирсэн гээд Монгол цай ундаар дайлж байгаа юм болов уу эсвэл яг л тэдний өдөр тутамдаа иддэг хоол нь адилхан байдаг уу талаар асуухад адилхан өдөр бүр Монгол хоолоо л иддэг гэж хариулсан. Гэрт нь Чингис Хааны хөрөг өлгөөстэй, хойморт нь Монголоос бэлгэнд авсан морин хуураа бас Үлэмжийн чанар дууны шүлгийг хамтад нь залсан байгааг харахад дэндүү дотно... “Дундад улсын хөгжил барилга байгууламжийнхаа хамтаар тэнгэр баганадаж байгаа нь үнэн ч эх орондоо эрх дураараа байгаа Монголчууддаа цагаан атаархаж байна даа.” гэв. Ёстой л хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг шиг. Монголд очоод ямар гоё байснаа нүд нь гэрэлтээд, хааяа нэг нулимс урсган ярих тэднийг харахад эх орондоо амьдарч байгаадаа битүүхэн баярлах ч шиг мэдрэмж төрж байлаа. Хэдий холын хол газар хоёр өөр нийгэмд өсөн хүмүүжиж өдийг хүртэл нэгнээ энэ дэлхийд байдаг гэдгийг мэдээгүй явсан ч Монголоо гэсэн эх оронч сэтгэлийн гал бүгдийнх нь зүрхэнд бөхөөгүй юм болохоор эргэн уулзахыг тэнгэрээс харсан өвгөдийн минь санасан сэтгэл дэвтсэн биз ээ.


ТҮҮХИЙН ГУЙВУУЛГЫН ХОР УРШИГ ОДОО

Аавыг минь дунд сургуульд байх үед буюу 1980-аад онд Зөвлөлтийн нөлөө улс орон даяар хүчтэй нөлөөлж, коммунист үзэл дэлгэрсэн байж ээ. Тэр үед "Чингис Хаан" гэж ам нээхийг хорьсон, дунд сургуулийн Монголын түүх хичээлийн эхний бүлэг ердөө 1921 оноос хойших үйл явдлын тухай байсан юм гэнэ лээ. Энэ үеэс л их олон жинхэнэ түүхийн талаарх худал зүйлс тархсан байх даа. Түүхийг гуйвуулснаас болж одоог хүртэл засагдаж үл амжаагүй ойлголтууд бидэнд байсаар байгаа. Хүмүүсийн бодлоор Өвөр Монголчууд бүгд "хятадажсан” гэнэ. Эрээн-Бээжин-Монгол хооронд наймаа хийж хагас хугас монголоор ярьдаг хятадуудыг Өвөр Монголчууд гэж андуурдаг. Хэдий 1966-1976 он хүртэл Мао Цзэдун удирдсан Хятадын соёлын хувьсгалаар Өвөр Монголын газар нутаг руу олон ядуу хятад тариачдыг хүчээр нүүлгэн цус холилдуулж, хэл соёлыг нь үгүй хийх хөдөлгөөн явсан нь үнэн боловчиг эх хэлээрээ цэвэр ярьж, босоо монгол бичгээрээ бичиж нэг ч Хятад хүнийг босгоороо давуулаагүй Монголчууд байдаг.


Дараагийн бас нэг буруу ойлголт бол Өвөр Монгол өөрсдөө салж урвасан гэх. Манжийн дарлалын дараа тусгаар тогтнолоо тунхаглаж хилийн зурвасаа хатгахын өмнө Монголын газар нутаг яг хаагуур хиллэж байсан тухай үнэн мэдээлэл олоход тун бүрхэг. Одоогийн  Өвөр Монголын газар нутаг  бүхэлдээ Монгол улсын хэсэг агаад  тэнд аж төрөн амьдарч байсан хүмүүсийн наана хилийн шугам татагдан тусгаарлагдаж, баруун хойшоогоо Увс аймгийн наагуурх хүртэлх газар нутгийг Оросууд авсан байх. Өвөр Монголын уул хад, газар усны нэр бүгд монгол нэршлүүд. Анхнаасаа л Монголчууд байсан учраас тэгж нэрлэсэн юм шүү дээ. Хөх Хотыг “呼和浩特”(Hūhéhàotè) Сайханталыг “赛汗塔拉” (Sàihàntǎlā), Баянцагаан “白音查干” (Báiyīnchágan), Шилийн гол 锡林郭勒 (Xīlín Guōlè) гэх мэтчилэн хятад ханзаар хөрвүүлэн ашигладаг. Онцын биш юм шиг хэрнэ ийм жижигхэн, нүдэнд ил байгаа энэ жишээнээс хэрхэн хоёр талаас Монголын газар нутагт шунан өөрийн болгосоныг харж болно… Энэ бүхэн зүгээр л нэг муу ноорхой цаасан дээр бичээд орхигдсон, хааяа нэг худлаа үнэн чихний хажуугаар урсаад өнгөрдөг цуу яриа мэт зүйл бус жинхэнэ түүх гэдгийг санаасай.


Морин дэл дээр босоо монгол хиймориор тоос босгон давхисаар дэлхий талыг эзэлж явсан 13-р зууны түүхийн өв Азийн цээжинд орших энэ улсын МОНГОЛ гэх 6 үсэгт нэртэй хамт 8 зууныг үджээ. Ард түмэн Манжийн эрхшээлд хоёр зуу гаруй жил хөлс, цус, нулимсаа баран өнгөрүүлэхдээ шалбарч зулбарсан өвдгөөрөө тулан эх орныхоо шороог атган босоод улсаа тусгаарласан юм. Тэд Монгол ахан дүүсээ нэгтгэх чин хүсэл тээсэн юм. Өөрийн толгой дээр мэдэлтэй амьдарч яваа энэ цагтаа газар нутгаа хайрлах ёстой цаг нэгэнт иржээ. Учир нь энэ чинь Өвөр нутгаас Монголоо санасан ахан дүүсийн минь, энх тайвны төлөө амиа өргөж явсан өвөг дээдсийн минь нулимс шингэсэн газар шороо юм шүү дээ. 

                                         С.Эгшиглэн


Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page