Generation буюу үе хоорондын ялгаа
- Humuun News
- 3 days ago
- 2 min read

Ч.Амирлан: “Би бүх сэдвээр хүүхэдтэйгээ ярилцдаг нээлттэй ээж болно гэж боддог...”
-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн нэгдүгээр түвшний оюутан Ч.Амирлантай ярилцсан “Generation буюу үе хоорондын ялгаа” ярилцлагыг хүргэж байна.
Generation гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлдгоо хуваалцаач?
-Миний хувьд Generation гэдэг бол хүмүүсийн шинэчлэлт, өөрчлөлтөөс хамаараад төрсөн оноор нь тодорхойлж буй ангилал юм. Өмнөх үеийнхэн буюу Baby boomer, Gen X, Millennials нар бидэнд түүх үлдээсэн. Харин дараагийн үе буюу Gen Z, Alpha нар түүх соёлын үргэлжлэл гэж боддог. Манай насныхан Gen Z-д харьяалагддаг. Яагаад гэвэл 1997-2012 оны хооронд төрсөн хүмүүсийг энэ үед хамрагдана гэж нэвтэрхий тольд бичсэн байдаг юм билээ.
Үе хоорондын ялгаа юунд илэрдэг юм бол?
-Хамгийн ойрын жишээ нь хүмүүстэй харилцах харилцаа, амьдралыг харах өнцөг, онлайн орчин дахь хэрэглээ, мэдээ мэдээлэлд хандаж байгаа нь хүртэл шал өөр байдаг. Эдгээрээр л ялгадаг даа.
Таны насныхны хамгийн том бэрхшээл, сорилт юу байсан бэ?
-Технологийн хөгжил хурдацтай байгаа учраас сэтгэл зүйн эрүүл мэнд бол хамгийн эхний асуудал. Амьд харилцаа багасаад миний үеийнхэн илүү дотогшоо, ганцаараа байхыг эрхэмлэдэг, анхаарал төвлөрөлт багатай, сэтгэл зүйгээ хянах чадваргүй болчихсон харагдаж байгаа.
Аав ээж, ах дүү нарынхаа хандлага, үзэл бодлыг ойлгоход танд хэцүү байдаг уу?
-Би хувьдаа бусад үеийнхнээ аль болох ойлгохыг хичээдэг. Яагаад гэвэл бичигдээгүй хуультай адил хүн бүрийн өссөн орчин, нийгэм, үзэл бодол, үнэ цэнэ нь ялгаатай. Аав ээж, эмээ өвөө нарын маань үеийнхэн тэр үзэл бодлоороо биднийг зэмлэх үеүд байдаг. Тухайн үед нь дургүйцэлгүй “За яах вэ дээ, бидэн шиг чөлөөтэй нийгэмд өсөөгүй юм чинь” гэж бодоод ойлгохыг хичээдэг.
Өөрөөсөө насаар ахимаг хүмүүстэй харилцахад мэдрэгддэг ялгаа?
-Сая миний хэлсэнчлэн хаалттай байдал. Би жишээ нь аав ээжтэйгээ чөлөөтэй ярихаас эмээдэг. Энэ нь нэг талаараа хүндлэл ч нөгөө талаараа хувийн зүйлсээ хуваалцаж чаддаггүй. Би ээж болохоороо хүүхэдтэйгээ бүх сэдвээр нээлттэй ярилцах болно. Тэгээд миний бодлоор өмнөх үеийнхэн маань өөрийгөө нээх, нээлттэй байх тал дээр хайрцлагдмал.
Ирээдүйд үе хоорондын харилцаа, ойлголцол хэрхэн өөрчлөгдөнө гэж бодож байна вэ?
-Би 3 дүүтэй. Дүү нараа ажиглаад байхаар шинэ үе гарч ирэх тусам илүү нээлттэй, чөлөөтэй, задгай сэтгэлгээтэй болоод нийгэм нь ч дагаж хувьсан өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр ирээдүйд үе хоорондын ялгаа, харилцааны асуудал багасах байх гэж харж байна.
Ч.Номинжин
Comments