top of page

Электрон тамхи түүний соосготой хүүхэд

Электрон тамхийг 2003 онд Хятадын эм зүйч Хон Лик өөрөө тамхинаас гарах зорилгоор бүтээжээ. Янжуур тамхинаас ялгаатай нь хэрэглэгч утаагаар биш уураар амьсгалдаг боловсронгуй хэлбэр бүхий тамхи орлуулагч юм. Электрон тамхинд ихэвчлэн никотин, пропилен гликол, ургамлын глицерин, амт оруулагч зэрэг химийн бодис агуулсан байдаг ба шингэнийг халаах зарчмаар ашигладаг. Англиар vapor гэх бөгөөд түүнээс вэйп гэх нэршил үүсэж татах үйл явцыг вэйпинг гэж нэрлэх болжээ.

Томчууд тамхинаас гарах аргаар хэрэглэдэг гэтэл огт тамхи татдаггүй өсвөр үеийнхэн татсанаар цаашаад тамхинд орох эхлэлээ тавьдаг.

Электрон тамхины бүтэц
Электрон тамхины бүтэц

Энгийн тамхинаас ялгаатай нь чихэрлэг амттай бөгөөд татаж байгаа хүнд таагүй амт мэдрүүлэхгүй, хэрэглэж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг. Яагаад гэвэл зогсох дохио өгдөггүй учраас зогсолтгүй татсаар л байдаг сөрөг талтай гэдгийг эрдэмтэд анхааруулсан. Тиймээс өсвөр насныхан хэт их хэтрүүлэн хэрэглэж донтож, сорох хүсэл сонирхол нь нэмэгддэг. Харин хэтрүүлэн хэрэглэх үед толгой эргэх, дүүрэх, чих шуугих, бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг ч хэвийн үзэгдэл шиг үргэлжлүүлэн татсаар л байдаг.





Электрон тамхины бүтэц нь хэд хэдэн үндсэн хэсгээс бүрддэг бөгөөд эдгээр нь хамтдаа ажиллаж, шингэнийг халааж уур болгон хувиргадаг.


1. Батерей (Цахилгааны эх үүсвэр): Электрон тамхины гол хөдөлгөгч хэсэг бөгөөд ихэвчлэн литийн батерей (3.7 вольтын хүчин чадалтай) ашигладаг. Батерей нь төхөөрөмжийг тэжээж, халаалтын элементийг ажиллуулдаг. Зарим загварт батерейг цэнэглэх боломжтой, эсвэл сольж болдог. Заримдаа хүчдэлийн тохиргоог өөрчлөх боломжтой байдаг бөгөөд энэ нь уурын хэмжээ болон амтны эрчмийг хянахад тусалдаг.


2. Атомжуулагч (Халаалтын элемент): Атомжуулагч нь шингэнийг халааж, уур болгон хувиргадаг гол хэсэг юм. Энэ нь ихэвчлэн хөвөн эсвэл халаалтын ороомогоос (coil) бүрдэнэ. Халаалтын элемент нь шингэнийг халаахдаа уур үүсгэдэг бөгөөд энэ уур нь хэрэглэгчийн амьсгалдаг аэрозоль юм.


3. Шингэний хайрцаг буюу сав (Cartridge/Tank): Шингэнийг хадгалах зориулалттай хэсэг. Энэ нь никотин, пропилен гликол (propylene glycol), глицерин (glycerin), амт оруулагч зэрэг бодисуудыг агуулдаг. • Зарим загварт хайрцгийг дахин дүүргэх боломжтой, заримд нь нэг удаагийн хэрэглээтэй байна.


4. Агаарын мэдрэгч ба/эсвэл товчлуур: Электрон тамхийг идэвхжүүлэхийн тулд агаарын мэдрэгч (хэрэглэгч сорох үед ажилладаг) эсвэл товчлуур ашигладаг. • Мэдрэгч нь агаарын урсгалыг илрүүлж, халаалтын элементийг ажиллуулдаг.


5. LED гэрэл (заавал биш): Зарим электрон тамхинд LED гэрэл байдаг бөгөөд энэ нь тамхи татахыг дуурайлган гэрэлтдэг, эсвэл батерейны түвшин, төхөөрөмжийн ажиллагааг илтгэдэг.


6. Ууршуулагч (Vaporizer): Ууршуулагч нь шингэнийг уур болгон хувиргахад тусалдаг. Зарим загварт хэт авианы технологи ашигладаг бол зарим нь энгийн халаалтын системтэй байдаг.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхинд агуулагддаг никотины хэмжээг танилцуулав.

Бүтээгдэхүүн

Никотины дундаж агууламж

Энгийн тамхи

13.3 - 15.4 мг

Электрон тамхи

0.5 - 15.4 мг

Дүнсэн тамхи

30.08 - 50.89 мг

Зажилдаг тамхи

 144 мг нэг бүтэн лааз

Hookah буюу усан шүүлтүүрт тамхи

 1.04 мг

Сүүлийн үед манай улсад арван жилийн сурагчид вэйпийн хэрэглээг нэмэж эхэлсэн ба сургууль, нийтийн тээвэр, кино театр гэх мэтчилэн хаа сайгүй татах болжээ.

Залуусын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж хэрэглэж буй энэ зүйл нь энгийн тамхитай ижил хэмжээний хор хөнөөлтэй түүнээс илүү байх боломжтой. Тодруулвал сорохгүй бол бачимдах, уурлах хэт их донтож түүнээсээ хамааралтай болох эрсдэл үүсдэг.

2023 оны 12 дугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон байдаг. Гэтэл зарим ААН насанд хүрээгүй хүүхдэд ашгаа бодон зардаг. Гэвч ямар нөлөө үүсэж болох талаар бодсонгүй гэж үү?.... Зүгээр нэг өнгө зүс, хэлбэр хөөж нэг нэгнээ дуурайн татах хүүхдүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг ч анзаарсангүй.

Харин 2023 оны байдлаар Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын есөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 205 сургуулийн сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглээний судалгаа хийсэн. Уг судалгаагаар 8938 хүүхэд хэрэглэж байгаа гэсэн дүн гарсан. Эдгээрийн 6936 буюу 77.6 хувь нь хөвгүүд, 2017 буюу 22.4 хувь нь охид байна.

( https://ulaanbaatar.mn/news/18907 ) эх сурвалж дарж ор

gif


Хэрэв таны хүүхэд тамхи татаж, сонирхож байгааг мэдсэн бол та хүүхэдтэйгээ ярилцан түүнд учирж болох эрсдэлийн талаар тайлбарлан хэлж өгөх нь зөв.



Электрон тамхины хэрэглээ нь ялангуяа өсвөр насныханд уушгины шинэ төрлийн өвчлөл, эрүүл мэндийн сөрөг нөлөөтэй холбоотой гэж судлаачид анхууруулж байна.

Анхаарах зүйлс:  Электрон тамхины шингэнд никотин, пропилен гликол, глицерин зэрэг бодисууд агуулагддаг бөгөөд зарим тохиолдолд хорт хавдар үүсгэгч бодисууд (ацетилальдегид, формальдегид, бензол) илэрсэн тул эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болно. Электрон тамхины бүтэц нь энгийн мэт боловч нарийн технологи ашигладаг бөгөөд уламжлалт тамхинаас хор багатай гэж сурталчилдаг ч эрүүл мэндэд эрсдэл дагуулдаг тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэхийн эмч С.Ганчимэгийн зөвлөгөө

Бэлтгэсэн: Т.Отгонзаяа

 
 
 

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page