top of page

Б.Ган-Эрдэнэ: Дээд лигийн тамирчин болоод UG Arena-д тоглож байна гэж төсөөлдөг

2023-2024 оны "Оюутны лиг" өнгөрсөн оны аравдугаар сарын 6-ны өдөр нээлтийн тоглолтоо хийсэн. Тус лиг 26 долоо хоногийн турш 25 их, дээд сургуулийн 8 багийн хооронд үргэлжлэх талаар Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн холбооноос танилцуулсан билээ. Ийнхүү оюутан тамирчдын хувьд хичээл зүтгэл, тууштай байдал, багаар ажиллах эв нэгдэл, авьяас чадвараа шалгуулах чухал үе ирээд байна.


Дээрх 8 багийн нэг болох Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн "HAWKS" багийн ахлагч залуу тамирчин Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр бизнес удирдлагын ангид дөрөв дэх жилдээ суралцаж байгаа аж.


- Анх сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

- Би дээрээ хоёр төрсөн ахтай. Гуравдугаар ангид байх үеэсээ л ах нартайгаа хамт гадаа сагсны талбай дээр өдөржин сагс тоглож өнждөг байсан. Энэ үедээ эргэлт буцалтгүй энэ спортод хайртай болж байсан.


- Спортын олон төрөл байдаг шүү дээ. Яагаад сагсан бөмбөгийг сонгож хичээллэсэн бэ?

- Миний хувьд сагсан бөмбөгийг эрчүүдийн спорт гэж боддог. Сагсны бэлтгэл хийхэд хувь хүний зүгээс тэсвэр тэвчээр, хатуужил гэх мэт олон төрлийн чадвар шаардагддаг. Тухайлбал өөртөө итгэх итгэл, хурдан шийдвэр гаргах чадвар мөн багаар ажиллах чадвар гэх мэт.

Бүх амьдралаа энэ спортод зориулах болно.

Үлгэр дуурайлал авдаг тоглогч байгаа юу?

-  Байлгүй яах вэ. Kobe Bryant, Lebron James хоёрын ярилцлагуудыг нь үзэх дуртай. Өдөр болгон тууштайгаар өөрсдийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээхийн төлөө хөдөлмөрлөдөг талаар нь сонсохоор маш их урам зориг авдаг.


-Сагсан бөмбөгийн багийн спорт гэдэг. Багийн ахлагчийн хувьд багтаа ямар зарчмууд баримталхыг хичээдэг вэ?

-Юуны түрүүнд багийн ахлагч болсон түүхээсээ хуваалцвал сонирхолтой байх болов уу, Анх "HAWKS" багт хоёрдугаар курсдээ довтлогчийн үүрэгтэйгээр нэгдэн орж байлаа. Удалгүй хувийн шалтгааны улмаас багаас гарч бэлтгэлдээ ирэлгүй нэг сар болсон. Тухайн үед оюутны лигийн бэлтгэл эхлээд хагас сар болчихсон байхад эргэн багтаа орохоор шийдсэн. Дотроо намайг эргүүлж авахгүй байхдаа "хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцроно" гэж энэ дээ гээд л санаа зовнин бэлтгэлийн зааландаа орсон. Гэтэл багш болон манай багийнхан харин ч баяртайгаар уриалгахан хүлээн авч тэр өдрөө багийн ахлагчаар томилсон. Ийм сайхан түүхийн ард ахлагч болж байлаа.


Манай багийн үндсэн гишүүд хоёроос гурван жил оюутны лигт тоглосон болохоор бусад багуудыг бодвол туршлагатай санагддаг. Багаар ажиллах зарчмын хувьд  багийн гишүүн бүр өөр өөсдийн онцлог шинж чанартай урчаас түүнийг нь алдуулалгүй давуу талуудыг нь тодруулан гаргаж, эв нэгдэлтэй атгасан гар шиг байхыг зоридог.


- Арван жилдээ ямар хүүхэд байсан бэ? 

- Тухайн үед олон зүйлд сонирхолтой хүүхэд байсан. Хичээлийн чиглэлээс гэвэл физикийн хичээлээр дүүргийн олимпиадад оролцож хүрэл медаль хүртэж байсан. Харин урлагийн талаас морин хуур,гитар тоглож чаддаг. Бас дөрвөн хүүхэдтэй хамтлагт гоцлол дуулаачаар дуулдаг байсан. 


- Хамгийн дурсамжтай тоглолтынхоо талаар хуваалцаач?

-Их засаг олон улсын их сургуультай хийсэн тоглолт санаанд орж байна. Тухайн үед хожих боломжгүй нөхцөл байдалд буюу 3 онооны зөрүүтэй байсан санагдаж байна. Гэсэн ч тоглолт дуусахаас 10 секундын өмнө гурваас бөмбөг шидэн гоол оруулж байсан. Яах аргагүй онооны зөрүүнээс хожигдол хүлээсэн ч гэсэн одоо бодоход хамгийн дурсамжтай тоглолт байсан гэж хэлэх юм байна.


-Ойрын ирээдүйд буюу таван жилийн дараа өөрийгөө хаана юу хийж байгаагаар төсөөлдөг вэ?

-Сагсан бөмбөгт бүхий л амьдралаа зориулна гэсний дагуу дээд лигийн ямар нэг үүрэг хүлээсэн өндөр цалинтай тамирчин болоод "UG Arena"-д тоголж байна гэж төсөөлдөг. Тэр хүртэл бэлтгэл сургуулилтаа идэвхитэй хийж багаар ажиллах чадвараа сайжруулж өдөр бүр нэг шат ахихыг хичээж байгаа.


-Тамирчин бүрийн ард сайн дэмжигч байдаг шүү дээ. Чиний хамгийн сайн урам зориг өгч дэмждэг хүн чинь хэн бэ?

-Үндэсний дээд лигийн "Тэнүүн Өлзий Металл" багийн туслах дасгалжуулагч Б.Тамжид багшийгаа гэж хэлмээр байна. Б.Тамжид багшийнхаа дасгалжуулалт доор гурван жил идэвхитэй бэлтгэл хийж байгаа. Багш маань хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдэд туслах зорилгоор “Тэнүүн өлзий Агар" спорт зааланд сагсан бөмбөгийн секц хичээллүүлж өөрийн сурч судалсан мэдлэг, туршлагаа зааж зөвлөн залуу тамирчдын сэтгэл зүрхэнд гал асаадаг.


-Ярилцлаганы төгсгөлд "HAWKS" багийн дэмжигчдэд зориулан үг хэлнэ үү.

-Улирлын тоглолт дуусахад гурван тоглолт дутуу байгаа. Ийнхүү хариуцлагатай тоглолтууд ирж байгаа учраас бэлтгэлүүдээ чанаржуулж, багийн нэгдэлээ сайжруулах гэж хичээсээр байгаа. Мэдээж өндөр байраар шилдэг дөрөвт орохыг зорьж байгаа.

Төгсгөлд нь сургуулийн шигшээ багийхнаа дэмжиж байгаа бүх дэмжигчиддээ баярлалаа хайртай шүү гэж хэлье.


Ярилцсан: Б.Хонгорзул

コメント


bottom of page