Бариста хийх нь хобби харин сэтгүүлч болох нь мөрөөдөл
- Apr 2
- 7 min read

Кофе шопын тайван уур амьсгал, шинэхэн буталсан кофены үнэр, сүүн дээр урлах зураг, энэ бүхний цаана баристагийн мэдрэмж, хөдөлмөр нуугдаж байдаг. 12-р ангиа төгсөөд ажил хийх хүслээ эхлүүлсэн тэрээр одоо кофег хүмүүсийн сэтгэлд хүргэх хамгийн нандин зүйл гэж боддог болсон. ХИС-ийн Сэтгүүл зүйн 1-р ангийн оюутан Г.Маргадтай кофе хийх мөч бүр шинэ мэдрэмж, туршлагын тухай ярилцсанаа хүргэж байна.
Чиний хувьд өдрийг сайхан эхлүүлэх хамгийн чухал зүйл юу вэ?
-Миний хувьд сайн амарч, бүтэн нойртой сэрэх байдаг. Хэрвээ урд орой нь эрт унтаж, хангалттай амарч чадвал маргааш нь илүү тайван, сэтгэл санаа өөдрөг сэрдэг. Сэрэх үедээ өнөөдрийнхөө талаар стрессдэх зүйлгүй, санаа зовоох асуудалгүй байх нь тухайн өдрийн эхлэлийг маш сайхан болгодог. Өглөө тайван, цэгцтэй эхлэхээр өдөржин хийх ажилдаа илүү төвлөрч, эрч хүчтэй байж чаддаг гэж боддог.
Чиний давуу тал юу вэ?
-Миний нэг давуу тал бол хийж байгаа зүйлдээ хариуцлагатай хандаж, хийсэн шиг хийж чаддаг зан гэж боддог. Би аливаа ажлыг сайн хийхийг хичээдэг. Мөн надад элдэв зан ааш гаргаад байдаг маяг байхгүй, тайван, зөнгөөрөө явж байгаад ажлаа хийчихдэг талтай. Хэрвээ би ямар нэг зүйлийг хийж суръя гэж шийдвэл хурдан сурч чаддаг. Шинэ зүйлд сонирхолтой хандаж, суралцахдаа хурдан дасан зохицдог нь миний бас нэг давуу тал болдог.
Чи кофе уух дуртай юу?
-Тийм ээ, би аймаар дуртай. Анхандаа ер нь кофе уудаггүй хүн байсан. Харин ажиллаж эхэлсний дараа чихэрлэгийг нь ууж үзсэн. Тэр амт нь надад их таалагдаж, дуртай болж эхэлсэн. Тэгээд аажмаар дасах тусам илүү архаг болоод хүчтэй амттайг нь сонирхож эхэлсэн. Одоо бол бүр эспрессо, шот зэрэг илүү гашууныг нь ч хүртэл дуртай уудаг болсон. Анх амсаж байхдаа их гашуун санагддаг байсан ч одоо бол тэр амт нь бүр таалагддаг болсон.
Кофены үнэр чамд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Надад янз бүрийн мэдрэмж төрүүлдэг. Бүхэл кофены үрийг бутлаагүй байх үед үнэр нь надад эвгүй санагддаггүй. Харин үрийг нь яг буталж байх үед үнэртэх үнэр нь үнэхээр гоё санагддаг. Тэр үнэр нь маш шинэхэн, сэргэг мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг сэргээдэг. Заримдаа үүнийг мэдрэхэд л ажлаа хийх урам орж ирдэг шүү.
Кофе шопд яаж ажиллах болсон түүхээ хуваалцвал?
-Би 12-р ангиа төгсөөд амралтаараа ажил хиймээр байсан юм. Тэр үед Tous les jours-ийн ажлын зар хараад анкет бөглөсөн. Анкет бөглөхдөө өөрийн нас, мэдээллээ яг үнэнээр нь бичсэн. Би 2008 онд төрсөн, 16 настай байсан. Мөн ХИС-д сэтгүүл зүйгээр сурах гэж байгаагаа ч бичсэн. Харин дараа нь манай менежер миний насыг анзаараагүй бололтой, намайг оюутан болох гэж байгаа хүн юм байна гээд 18 настай гэж ойлгосон байсан. Тэгээд над руу залгаад “Маргааш ирээд уулзах уу?” гэж асуухад нь би бөөн баяр болоод уулзахаар очиход “Чи үндсэн ажилтан болох уу, цагийн ажилтан болох уу?” гэж асуусан. Би ялгааг нь сайн мэдэхгүй байсан болохоор асуухад “Нийгмийн даатгал төлөх, төлөхгүйгээрээ ялгаатай” гэхэд нь 18 хүрээгүй ч гэсэн үү? гэж хэлээд насаа барьж өгөөд яг намайг ажилд авах гэж байсан хүний хүслийг байхгүй болгочихсон юм шиг санагдсан. Тэгээд намайг ажилд авахгүй шинжтэй болоод “За, чи намайг залгахгүй бол ойлгоорой” гэж хэлэхэд нь энэ ч худлаа боллоо доо гэж бодоод нэлээд их сэтгэлээр унасан. 8 сарын 19-нд гэнэт менежер над руу залгаад “За, нэг ажиллаад үзэх үү?” гэж хэлэхэд нь маш их баярлаж байсан. Маргааш нь ажилдаа очихдоо ээж, ааваасаа зөвшөөрөл авч очоод, ингэж анх ажилдаа орж байсан юм.
Ажиллахад хамгийн дуртай цаг чинь?
-Миний хувьд өглөө нээх үе болон орой хаах үе байдаг. Өглөө эрт очиход бариста нар их тайван, гоё ааштай байдаг. Өдрийн цагаар хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй болдог болохоор заримдаа жаахан тухгүй санагддаг. Харин орой хаах үед нам гүм, тайван болдог болохоор надад илүү амар санагддаг. Ер нь би хүн багатай, тайван үед ажиллах илүү дуртай.

Танай ажлын уур амьсгалыг гурван үгээр илэрхийлбэл?
-Цэвэрхэн, эелдэг, дулаахан. Ажлын орчин маань үргэлж цэвэрхэн байдаг. Мөн хамт ажилладаг хүмүүс маань хоорондоо эелдэг, сайн ойлголцож чаддаг. Тэр уур амьсгал нь ер нь их дулаахан, тухтай санагддаг.
Чи бариста хийх хэр дуртай вэ?
-Би бариста хийх үнэхээр дуртай. Надад энэ ажил зүгээр нэг ажил биш, харин хобби минь. Заримдаа ядарсан байсан ч гэсэн дурлаж хийж байгаагаа мэдэрдэг. Ажиллаж байхдаа яг л Францын нэг кинонд тоглож байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэр орчин, кофены үнэр, хүмүүсийн уур амьсгал гээд бүх зүйл нь надад их таалагддаг.
Чиний хамгийн их хийх дуртай кофены төрөл юу вэ?
-Миний хамгийн дуртай нь мока. Энэ нь шоколадтай кофе байдаг болохоор амт нь их гоё . Бас сүүний кремээр зураг зурахад илүү сайхан болдог. Энгийн төрөл дээр заримдаа тийм гоё, сүртэй зураг гаргах боломж бага байдаг. Харин хүмүүс мока захиалах үед би “Энийг би хийнэ шүү” гээд өөрөө хийхийг хүсдэг. Тэр дээрээ гоё зураг зурах их дуртай.
Хэрвээ чиний ажлын нэг өдөр кино болвол ямар төрлийн жанртай байх вэ?
-Зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгнийгээ хайрлах хайр дурлал биш, харин хүмүүсийн хоорондын өөр төрлийн хайрыг харуулсан кино байх байсан. Жишээ нь: найз нөхдийн хайр, ах эгч дүүгийн халамж, хүмүүсийн бие биедээ тавьдаг сэтгэлийн тухай. Би ажлынхаа хамгийн бага нь болохоор ч тэр үү хамт ажилладаг хүмүүс маань намайг их хайрлаж, халамжилдаг. Тийм болохоор тэр мэдрэмжүүдийг харуулсан дулаахан кино байх байсан.
Ажлынхаа явцад хамгийн их сурсан зүйл чинь юу вэ?
-Ажиллаж эхлэх үед хүмүүсийн хэлсэн үг бүр надад маш их нөлөөлж хүнд тусдаг байсан. Зарим үйлчлүүлэгч жаахан ширүүн харьцахад л би маш их эмзэглэж, уйлчихдаг байсан үе бий. Харин цаг хугацаа өнгөрөх тусам үйлчлүүлэгчтэй хэрхэн зөв харьцах, хүмүүсийн хэлсэн үгийг дааж сурах, арга эвийг олох зэргийг сурсан. Мөн ажлаа илүү цэгцтэй хийх хэрэгтэйг ойлгосон. Сургуулийнхаа хичээлийн хажуугаар ажил хийдэг болохоор ачаалал дааж, цагийг зөв зохицуулж сурах нь ч бас надад том туршлага болж байгаа.
Үйлчлүүлэгчтэйгээ холбоотой мартагдашгүй түүх байгаа юу?
-Нэг удаа 11-р сард надад сэтгэл санааны хувьд нэлээд гунигтай хэцүү үе байсан. Тэр үед ажил дээрээ үйлчлүүлэгчдийн захиалгыг ч бичиж чадахгүй нулимсаа тэвчээд ажлаа үргэлжлүүлж байхад нэг эгч бялуу авчхаад төлбөрөө төлснийхөө дараа надад “Миний дүү, энийг өөрөө идчих. Хөөрхөн охин ингэж уйлж болдоггүй юм шүү” гэж хэлсэн. Тэр үгийг сонсоход надад маш сайхан мэдрэмж төрж, их урам өгсөн. Танихгүй хүн ч гэсэн ийм сайхан сэтгэл гаргаж чаддаг юм байна гэж бодоод баярлаад бас дахин уйлж байсан.
Ажиллаж байхад нь хэцүү хүндрэлтэй зүйл байсан уу?
-Би жаахан дотогшоо зантай. Анх мэдэхгүй зүйлээ асууж чадахгүй байх нь хэцүү байсан. Дахиж асуухдаа үнэхээр санаа зовоод, намайг юу ч хийж чаддаггүй гэж бодоод ажлаас халчихвал яах уу гэж аймар айгаад, эргэлзээтэй байдаг байсан. Сүүлдээ “Уучлаарай, би мартчихсан байна, эхнээс нь тайлбарлаад өгөөч” гэж хэлдэг болоод одоо сайхан ажиллаж байгаа. Ер нь бол санаа зовох шаардлагагүй зүгээр л асуух зүйлээ асуух л хэрэгтэй юм байналээ.
Кофе хийхэд өөрийн чинь гарын хэв маяг, мэдрэмж хоёрын аль нь хамгийн их шаарддаг вэ? -Миний бодлоор гарын хэв маяг болон мэдрэмж хоёулаа маш чухал. Жишээ нь: Кофены буталсан үр 14 гр байх ёстой, мөн өөрийнхөө биеийн хүчнээс 12-15 кг-аар дарах, шотыг зөв шахах нь гарын хэв маяг шаарддаг. Харин сүүний кремийг зөв хөөрүүлж, дээр нь гоё зураг гаргах нь мэдрэмж их шаарддаг. Тийм болохоор энэ хоёр зүйл хоёулаа тэнцүү чухал гэж боддог.
Хүмүүс чиний хийсэн кофег хараад ямар үйлдэл гаргаж байсныг анзаарч байсан уу?
-Тийм ээ, анзаархад их гоё. Хэрвээ би дээр нь зураг зураад өгвөл хүмүүс зургийг нь авч story хийж, найз нөхөдтэйгөө хуваалцахад дуртай байдаг. Заримдаа зурагтай кофегоо текэн дээр тавьчихсан байхад дараагийн захиалга өгч байгаа хүмүүс хараад “Чи надад бас ийм зурагтайг хийж өгөх юм уу? Хэрвээ хийж өгвөл энийг захиалъя” гэж хэлдэг. Тэр мөчид өөрийн хийсэн зүйл бусдад таалагдаж байгааг харахад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг.
Кофе хийж байхад кайф авдаг болон дуртай үйл явц нь юу вэ?
-Зарим шот маш удаан, дусал дуслаар гардаг. Тэр үед зураг зурахад тохиромжгүй болчихдог болохоор жаахан сэтгэл дундуур санагддаг. Харин шот нь яг хүрхрээ лугаа адил урсан гарж жигд, гоё гарч ирэх үед нь харахад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Тэр мөчөөс л би кайф авдаг. Харин хамгийн дуртай үйл явц гэвэл сүүгээ зөв хөөрүүлээд, гоё зураг зурж байгаа үе юм.
Хэрвээ кофе хүний зан чанарыг илэрхийлдэг байсан бол чи ямар кофе байх байсан бэ?
-Би “Caramel Americano” байх байсан гэж бодож байна. Энэ ердийн кофе шопуудад байдаггүй, би өөрөө олж нээсэн. Тэр бол гашуун дээр карамелийн нялуун амт нэмэгддэг болохоор их сонирхолтой болдог. Гашуун, чихэрлэг хоёр нийлээд илүү гоё зүйл гаргадаг шиг, миний зан чанар ч гэсэн “гашуун хэрнээ чихэрлэг” гэж хэлж болно.
Оюутан ажил хийхэд ямар давуу болон сул тал байдаг вэ?
-Давуу тал нь оюутан байх үедээ ажил хийснээр санхүүгийн хувьд бие дааж сурах боломжтой болсон. Аав, ээжээсээ мөнгө авах шаардлагагүй болж, өөрийнхөө хэрэгцээ, зарцуулалтыг зохицуулж сурсан. Би 10 жилд байхдаа аав ээжээсээ мөнгө авч, тэрийгээ ёстой л хаа хамаагүй үрдэг байсан бол одоо өөрөө мөнгө олж эхэлснээрээ юун түрүүнд хамгийн чухал хэрэгтэй зүйлээ авч, дараа нь бусад зүйлд зарцуулах гэх мэтээр мөнгөний зохицуулалт хийж сураад байгаа. Сул тал нь гэхдээ хичээлээ тараад шууд ажилдаа явахад бие махбодь, сэтгэл санаа нь заримдаа ядарч, орой гэртээ ирэхэд нэлээд ядралт мэдрэгддэг. Ажлаасаа тарж ирээд шууд унтах, өглөө нь хичээлдээ явах зэрэг хэв маягаа явахад хичээл дээрээ бүрэн төвлөрч чадахгүй
цалгардчих гээд байдаг. Заримдаа шалгалттай өдрүүдэд хүчээр гүрийж, энергийн ундаа болон кофе зэрэг сэргээх зүйлсийг хольж хэрэглэн нойргүй хонож шалгалтандаа бэлддэг болохоор биед сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн ажилтай учраас гэртээ өнгөрүүлэх цаг бага болж, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх хугацаа хязгаарлагддаг нь бас нэг сул тал болдог.
Яагаад баристагаар үргэлжлүүлэн ажиллахын оронд сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ?
-Хүн болгонд өөрийн гэсэн хобби байх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд тэр нь кофе хийх, бариста байх юм. Харин мөрөөдөл гэвэл сэтгүүлч болох байсан. Тийм болохоор энэ хоёр зүйл миний хувьд хоёр тусдаа ойлголт. Харин сэтгүүлч болох нь миний ирээдүйн зорилго, мөрөөдөл учраас энэ мэргэжлээр суралцаж байхдаа хажуугаар нь хоббигоо орхихгүйгээр ажиллаж, өөрийгөө хөгжүүлээд явж байна.
Сэтгүүлч болох шийдвэрийг гаргахад юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Бага байхдаа би сэтгүүлчдэд ярилцлага өгдөг, олонд танигдсан алдартай хүн болохыг мөрөөддөг байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам тэр бодол маань бага багаар өөрчлөгдөж, өөрөө олон төрлийн авьяастай, мундаг жүжигчин, алдартай хүмүүстэй уулзаж, тэднээс ярилцлага авч, тэдний түүхийг бусдад хүргэхийг хүсдэг болсон. Өөрөөр хэлбэл, анх ярилцлага өгдөг хүн болохыг хүсдэг байсан бол сүүлдээ ярилцлага авдаг, хүмүүсийн түүхийг бусдад хүргэдэг сэтгүүлч болохыг илүү хүсдэг болсон. Энэ багаасаа мөрөөдөж ирсэн хүсэл, сонирхол
маань л сэтгүүлч болох шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн гэж боддог.
Ирээдүйд өөрийгөө ямар төрлийн сэтгүүлч болно гэж төсөөлдөг вэ?
-Хүмүүсийн түүхийг яриулж, түүнийг бусдад мэдрэмжтэйгээрхүргэж чаддаг ярилцлагын сэтгүүлч болно гэж төсөөлдөг. Надад хүмүүсийн амьдралын түүх, бодол, мэдрэмжийг сонсох их сонирхолтой байдаг. Зүгээр нэг асуулт асуугаад өнгөрөх биш, харин тухайн хүний дотоод ертөнцийг ойлгож, уншсан хүнд яг тэр хүнийг таньж байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг хүсдэг. Тиймээс ирээдүйд хүний түүхийг амьд, бодит, сэтгэлд хүрсэн байдлаар гаргаж чаддаг ярилцлагын чиглэлээр ажиллах сэтгүүлч болно гэж боддог.
Чиний бодлоор сэтгүүлч хүн нийгэмд ямар үүрэгтэй гэж боддог вэ?
-Миний бодлоор сэтгүүлч хүн нийгэмд үнэн, шударга мэдээллийг хараат бус байдлаар хүргэх нь маш чухал үүрэгтэй. Ямар нэгэн ашиг сонирхолд автахгүй, хэн нэгэнд худалдагдахгүйгээр бодит үнэнийг олон нийтэд дамжуулах нь сэтгүүлч хүний хамгийн гол зарчим гэж боддог. Хүмүүс заримдаа мэдээллийн үнэн худлыг ялгаж чаддаггүй учраас сэтгүүлч хүн үнэн, баталгаатай мэдээллийг хүргэж, нийгэмд зөв ойлголт бий болгох ёстой. Мөн зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгэмд болж байгаа асуудлуудыг ил гаргаж, заримдаа дуугүй байгаа
олон нийтийн өмнөөс дуу хоолой нь болж чаддаг байх хэрэгтэй. Тиймээс сэтгүүлч хүн шударга, зарчимч байж, хэний ч нөлөөнд автахгүйгээр үнэнийг баримталж ажиллах нь нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том үүрэг гэж хардаг.
Ярилцсан: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Б.Алтанзул




Comments