Э.Аялгуу: “Их сургуулийн хөлбөмбөгийн тэмцээнд оролцож эргэн хөлбөмбөгт дурласан”
- Mar 19
- 6 min read

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан Э.Аялгуутай түүний олон жил тасралтгүй хичээллэсэн хөлбөмбөгийн спортын ололт амжилт, амьдралдаа хэвшүүлсэн дадал зуршил болон орхих болсон шалтгааны талаар ярилцлаа.
Өөрийгөө товч танилцуулна уу?
-Намайг Эрдэнэдаваагийн Аялгуу гэдэг. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд сэтгүүлчийн ангид суралцдаг нэгдүгээр курсийн оюутан. БЗД-ийн Ерөнхий Боловсролын 97 дугаар сургуулийг сурч төгссөн.
Багадаа ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байсан бэ?
-Тагнуулчтай солонгос кино их үздэг байсан түүнээсээ болоод тагнуулч болно л гэж боддог байсан.
Ямар нэгэн спортоор хичээллэж байсан уу?
-Зургаан настайгаасаа арванзургаан нас хүртэл 10 жил тасралтгүй хөл бөмбөгийн спортоор хичээллэсэн.
Яагаад хөлбөмбөгийн спортыг сонгох болсон бэ?
-Бага насаа эмээ дээр өнгөрүүлсэн. Гадаа их тоглодог, байрны гаднах шороон талбай, гражны доод талбай зэрэг сул талбайтай газар танихгүй хүүхдүүдтэй найзалж хөлбөмбөг их тоглодог байсан. Бараг хөлбөмбөгөөс өөр зүйл хийдэггүй, өглөө гараад орой орж ирдэг байсан болохоор гэрийнхэн их хайдаг байлаа. Гэхдээ хэн ч хориглодоггүй болохоор олон цаг хөлбөмбөгөө л тоглодог байсан. Тухайн үед утас, компьютер мэдэхгүй учраас хөлбөмбөг тэр үеийн цорын ганц сонирхол байж. Одоо бодохоор бараг л донтчихсон байжээ.
Хөлбөмбөгийн спортоор хичээллэх болсон шалтгаан юу вэ?
-Сургуульд орсон эхний жил хичээл тараад сургуулийнхаа гадаа талбайд тоглож байхад "Arvis" клубийн Л.Банзрагч дасгалжуулагч ирээд талбай дээр тоглож байсан хүүхдүүдээс сонгож клубтээ урин анхны бэлтгэлдээ явж эхэлсэн.
Энэ спортоор хичээллэхэд хамгийн их дэмжиж байсан хүн хэн бэ?
-Сургуульд ороод ээж аавтайгаа хамт амьдарч эхэлсэн үеэс байрны гадаа тоглож байхыг аав их ажигладаг байсан. Л.Банзрагч багш клубтээ урьж бэлтгэлд хамрагдуулахад аав их дэмжсэн. Бэлтгэлд зөөж, хувцас хэрэглэл зэргийг авч өгөөд бүх талаар маань дэмжсэн.
Багийн спортоор хичээллээд одоо амьдралд чинь хэрэгжиж буй ямар дадлууд
суусан бэ?
-Гэрийнхэн байнга хүргэж өгөх боломжгүй байсан учир би бэлтгэлийн талбай руугаа өөрөө автобусанд сууж ганцаараа явахаас эхлээд, хөлрөөсөн хувцсаа угаах, эмх цэгцтэй байх дадлаас эхлэн биеэ дааж сурсан. Мөн багш нар болон клубийн ах нартай хэрхэн харилцах, хүндлэх, сахилга баттай байх зэрэг зүйлд суралцсан. Эдгээр дадлууд маань одоо амьдралд маань хэрэгжиж байна.
Хөлбөмбөгийн спортоор ямар түвшинд тоглож байсан бэ?
-16 нас хүртлээ гадаа талбай болон зааланд тоглодог байсан. Улирлаасаа хамаарч өвөл нь футзалд, зун нь гадаа талбайд Arvis FC клуб-д харьяалагдан тоглосон. 17 нас хүрээд Хан Жигүүртэн FC клуб-д мэргэжлийн тамирчны гэрээнд гарын үсэг зурж мэргэжлийн тамирчин болсон маань өнөө хүртэлх хамгийн дээд түвшин.
Ямар клубт харьяалагдан тоглож байсан бэ? Ямар байрлал дээр тоглодог байсан
бэ?
-Арван жилийн хугацаанд Arvis FC клуб-д харьяалагдан тоглосон. Нас насандаа өөр байрлал дээр тоглодог, багш байнга байрлалыг маань сольдог байсан. 14 настайгаасаа тогтсон нэг байрлал дээр тоглож эхлэсэн. Гадаа талбайд төвд тоглодог, довтолгоо хамгаалалт дээр хамт оролцож голд бөмбөг цэвэрлэх үүрэгтэй тоглодог байсан.
Хамгийн амттай хожил авсан тоглолт ямар байсан бэ?
-2022-2023 оны Өсвөрийн Улсын Аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн дөрөвт шалгарсан тоглолтдоо хожигдож байгаад оноог 1:1 болгон тэнцүүлж тоглолт финалтигаар шийдэгдэхээр болж хожил байгуулсан тоглолт маш амттай хожил байсан. Оноо тэнцүүлсэн гоолыг би хийсэн болохоор гоё байдаг.Тэр үед авсан мэдрэмж, багийн уур амьсгал, үзэгчдийн уур амьсгал тэр чигтээ л гоё байсан.
Авч байсан хамгийн үнэ цэнтэй шагнал юу байсан бэ, хэзээ авсан бэ?
-Есөн настайдаа хамгийн анхны Улсын Аварга шалгаруулах тэмцээнд оролцон мөнгөн медалийн эзэн болсон тэр үед маш их урам авсан.
Хөл бөмбөгийн спортоор ямар шагнал авч байсан бэ?
● БНХАУ-ын Манжуур хотод зохиогдсон 3 улсын нэрэмжит ОУ-н тэмцээнд хүрэл
медаль
● БНХАУ-ын Шилийн хотод зохиогдсон ОУ-н тэмцээн алтан медаль
● БНХАУ-ын Манжуур хотод зохиогдсон ОУ-н нээлттэй тэмцээн алтан медаль
● МХБХ-ны “Футзалын залуучуудын лиг” U19 алтан медаль
● МХБХ-ны “Футзалын 1-р лиг 2023-2024” тэмцээн алтан медаль
● “Deren cup” -2019 International football tournament хүрэл медаль
Олон улсад ямар нэгэн тэмцээнд оролцож байсан уу? Ямар тэмцээнд оролцож
байсан бэ? Ямар амжилт үзүүлсэн бэ?
-Хятад болон Солонгос хоёр улсын хамтран зохион байгуулсан зургаан улсын эв нэгдлийн тэмцээнд оролцож гурван жил дараалан медальт байранд шалгарсан. 13, 14 насандаа алтан медаль аван 15 насандаа хүрэл медалийн эзэн болж байсан.
Олон улсын тэмцээнд явахад тохиолдсон хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал?
-Өөр улсын олон хүүхдүүдтэй нэг зааланд хоол идэж байх үед, танихгүй хятад хүүхэд халааснаасаа нэг зүйл унагаачихсан. Би “Хөөе хүүхдээ, хөөе!” гээд заал дүүрэн орилж байсан үеэ санаж байна. Маш ичмээр байсан. Тэр хятад хүүхэд миний яриаг ойлгоогүй, ширээндээ суусныхаа дараа л миний яриаг ойлгохгүй гэдгийг нь санасан.
Сүүлийн үед шинээр сонирхож эхэлсэн зүйл бий юу?
-Маш олон зүйлд их сонирхолтой, олон зүйл туршиж үздэг. Өвөл цана snowboard сонирхож их унасан. Одоогийн байдлаар байнга хийж байгаа нь гэвэл gym-д тогтмол явж байгаа. Өөрийнхөө өөрчлөлтийг харахаар их гоё байдаг. Боломжтой болохоороо бассейнд явах бодолтой байгаа.

Хүмүүс тэр бүр мэддэггүй чиний сонирхдог ямар зүйл байдаг вэ?
-Миний хийдэг сонирхдог ихэнх зүйл бусад хүмүүст байгаа. Их олон хүн мэдээд байдаггүй миний сонирхдог зүйл гэвэл би философид маш их дуртай. Их сонирхдог, уншаад миний амьдралд өөрчлөлт гарсан гэж боддог. Философи уншихад үгнүүд нь их гүн нөлөөлдөг, шантарсан гутарсан хүнийг ч өөдрөг болгохоор хүчтэй гэж боддог. Хамгийн тод үлдсэн ишлэл гэвэл “Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ”.
Одоо ямар нэгэн мэргэжлийн лиг үздэг үү?
-Дэлхийн топ гурван лигийг үздэг. Premier League, La Liga, Bundesliga.
Premier League-ийн ямар баг дэмждэг вэ? Яагаад дэмждэг болсон бэ?
Liverpool-ыг дэмждэг. Намайг хөлбөмбөг тоглож эхэлсэн цагаас аав зурагтаар хөлбөмбөг тавьчихдаг тэрийг нь би их үздэг байсан. Тэр үед хоёр багийн хожигдож явсан багийг дэмжихэд тэр баг маань хожсон тэр цагаас л Liverpool-ыг дэмжих болсон.
Хамгийн дуртай тоглогч нь ямар багт тоглодог вэ, яагаад энэ тоглогчид дуртай
болсон бэ?
-Son Heung-min тоглогчид дуртай. Мэргэжлийн түвшинд дэлхийд танигдсан Ази тоглогч. 2015 оноос хойш Premier league-ийн Tottenham Hotspur клубт тоглодог. Английн дээд лигт тоглохдоо өндөр хурд, гоол хийх ур чадвар, тоглолтын авьяас чадвараараа дэлхийд алдаршсан.
Яагаад хөлбөмбөгийн спортод тамирчны замналаа орхих болсон бэ?
-16 нас хүрдэг жил Өсвөрийн гадаа талбайн лигт тоглож байгаад зүүн хөлийнхөө
шагайнаас дээш 6см, шагайнаас доошоо 3см хоёр савхан яс хугарч шагай цуурсан хүнд
бэртэл авсан. Тоглолтын үеэр түргэн тусламж ирж тухайн үеийн тоглолтын хувцастайгаа эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орж байсан. Хагалгаа хийлгээд хэсэг хугацааны дараа хөлдөө суулгасан хадаасаа авхуулаад дараагаар нь гурван долоо хоног бэлтгэлд яван хоёр тоглолтод оролцон дахин тоглохоо больсон. Өөрөөсөө бачимдаад гэх юм уу хүссэнээрээ хөдөлж болохгүй, өмнө тоглодог байсан шиг тоглож чадахгүй, нэг зүйл хязгаарлаад хориод байгаа мэт мэдрэмж төрөөд, дахин бэртэл авах айдас төрөөд айдсаасаа болоод дээр нь нас оройтчихсон гэж бодсон учир болихоор шийдсэн.
Бэртлээ эдгэрэх 2 жилийн хугацаанд юу хийж өнгөрөөсөн бэ?Чамд хамгийн их
урам өгдөг хүн хэн бэ? Яагаад? Ямар үед чинь чамд урам хайрласан бэ?
-Хөлбөмбөг тоглож эхэлсэн үеэс л аав маш их дэмжсэн. Үргэлж мундаг байна, сайн байна гэж урамшуулдаг мөн клубийн багш дасгалжуулагч, ах нар өхөөрдөөд маш сайн дэмждэг. Жоохон байсан болохоор багш нар маань ч бас их магтдаг тэр бүрээс нь урам авч илүү хичээж, том

болох тусам өөртөө итгэх итгэл нэмэгдэж өөрөөрөө бахархдаг болсон. Олон сар гэртээ хэвтэн орноосоо босож чадахгүй утсаа л үзэж өнгөрөөсөн. Таягны шаардлагагүй алхаж эхэлсэн үеэсээ МХБ холбооны пейж дээр шүүгчийн сургалт гэсэн зарыг хараад сургалтад хамрагдан анхан шатны сертифкат аван ахисан түвшний шүүгчийн С зэрэглэлтэй болсон одоо ч МХБ холбоонд очин бага насны тэмцээний шүүгч хийх боломжтой. Мөн FEARA (БНСУ-ын Олимпын шигшээ багийн трейнэрүүдийн сургалт)-д хамрагдаж, анхан шатны physical training-ийн тухай мэдлэгээ сертификатаар баталгаажуулан авсан.
Энэ спорттой холбоотой ямар нэгэн зорилго байгаа юу?
-Их сургуульд ороод Сургуулийн футзалын аварга шалгаруулах тэмцээнд найзуудтайгаа баг бүрдүүлэн оролцож мөнгөн медаль авсан нь хөлбөмбөгийн спортод дахин дурлуулсан. Одоогийн зорилго гэвэл сургуулиа төлөөлөн Оюутны Универсад наадамд оролцох хүсэлтэй байгаа.
Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгох болсон бэ?
-Би анх ямар сургуульд ямар мэргэжлээр суралцах талаар тодорхой шийдвэргүй их төөрөлдсөн. Тэр үед аав маань “Хүмүүнлэгт ор, сайн сургууль, би мэднэ гэж зөвлөөд, бид хоёр хамтдаа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль дээр ирсэн. Сургуулийн үүдэнд мэргэжил сонголтын зөвлөгөө өгч байсан хүмүүс үнэхээр их тус болсон. Анх сэтгүүлзүйн мэргэжлийг зүгээр л сонин, сэтгүүл бичээд тараадаг ажил гэж боддог байсан болохоор нэг их сонирхоогүй, харин маркетингийн ангийг илүү сонирхож байлаа. Сургуулиар сонирхож яваад Дагиймаа багштайгаа санаандгүй байдлаар уулзчихсан. Багш надаас миний талаар асуухад би өөрийнхөө зан чанар, давуу тал, юу хийж амьдармаар байгаагаа илэн далангүй ярьсан юм. Миний яриаг сонсоод багш маань “Манай ангид ор, энд чиний хүссэн бүх зүйл байгаа”гэж хэлэхэд надад маш их итгэл төрж, энэ мэргэжлийг сонгосон. Одоо би ангидаа, мэргэжилдээ маш их хайртай, хичээл бүрдээ дурлан суралцаж байна. Хүмүүнлэгт орсондоо үнэхээр баяртай байдаг. Их сургуульд суралцаж эхлэсэн цагаас оюутны амьдрал маань үнэхээр гайхалтай өнгөрч байна.
Чиний бодлоор хөл бөмбөгийн спортоор хэдэн наснаасаа эхэлж хичээллэвэл ирээдүйд мэргэжлийн тамирчин болох вэ? Өөрийн санал бодлыг хуваалцвал?
-Ер нь бүх спортод нас маш чухал гэж боддог. Хөлбөмбөгийн спортод ямар нэг техникийг буруу сурвал тэр хэвээрээ үлдчихдэг. Миний бодлоор 6, 7, 8 оройтлоо гэхэд л есөн наснаасаа эхлэн сайн багш дээр очоод зөв техникээр сурвал илүү амжилт олох байх. Үнэхээр өөрөө хүсээд сайн хичээвэл 10, 11 нас ч боломжтой байх хүн хүнээсээ л
хамаарах байх.
Ярилцсан: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан С.Нарансувд












Comments