top of page

Б.Болор-Эрдэнэ: Амжилтын ард сахилга бат, сэтгэлзүй бий

  • Jul 25
  • 2 min read

 Өөрийгөө товч танилцуулаач?

Сайн байна уу, намайг Болор-Эрдэнэ гэдэг. Би “Улаанбаатар Амазонс” баг болон Монгол Улсын 5x5, 3x3 үндэсний шигшээ багийн тамирчин.



Сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

Аав, ээж хоёр маань сагс тоглодог байсан. Тиймээс анх гадаа талбай дээр тоглож эхэлснээр энэ спортод дурласан.


 Дээд лигийн түвшинд хүрэх хүртэлх зам хэр байсан бэ?

Анх 16 настайдаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэр жилийн зун өсвөрийн Азийн B зэрэглэлийн тэмцээнд оролцож, 2-р байр эзэлсэн. Үүний дараа Монголд ирэхэд 11-р сард анхны эмэгтэй дээд лиг зохион байгуулагдахаар болж, “Улаанбаатар Амазонс” багт нэгдсэн. Хэдий богино хугацаанд амжилтад хүрсэн ч гаргасан хөдөлмөр маань бүрэн үнэлэгдсэн гэж боддог.


 Анх аварга болсон мөч танд ямар санагдаж байсан бэ?

Тухайн үед 17 настай байсан болохоор бүх зүйл маш шинэ, догдлом байсан. Тэр мөч одоо хүртэл сэтгэлд хамгийн гоё дурсамж болон үлдсэн.


3 удаагийн аваргын аль нь хамгийн дурсамжтай вэ?

Миний хувьд хамгийн эхний аварга хамгийн дурсамжтай. Тэр үед бид өөрсдийгөө бүрэн харуулж чадсан, мөн өөрийгөө 100% дайчилж тоглосон учраас онцгой санагддаг.



 

Дэд аврага авсан улирлаас та юу сурсан бэ?

Хожигдлын хор шар надад маш их урам өгсөн. Илүү их хичээж, бэлтгэлээ нэмэгдүүлж байж илүү сайжирдаг гэдгийг ойлгосон.


 Өдөр тутмын бэлтгэл тань хэрхэн явагддаг вэ?

Мэргэжлийн тамирчин болсноос хойш өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг. Өглөө хүчний бэлтгэл, орой заалны бэлтгэл хийдэг. Харин дунд нь хичээл номдоо анхаарч, цагийн зохицуулалт хийдэг.


 Өөрийгөө формонд байлгахын тулд юунд хамгийн их анхаардаг вэ?

Хамгийн түрүүнд бэлтгэлдээ анхаардаг. Мөн сэтгэлзүй дээрээ ажиллах, өөртөө цаг гаргах нь чухал. Тогтмол бэлтгэл хийж чадвал формоо хадгалж чадна гэж боддог.


 Сэтгэлзүйн бэлтгэл хэр чухал вэ?

Миний бодлоор сэтгэлзүй маш чухал. Зарим хүмүүс амжилтын 90% нь сэтгэлзүйтэй холбоотой гэж ярьдаг. Үүнтэй санал нийлдэг. Сэтгэлзүй сайн байж л тамирчин өөрийгөө бүрэн харуулж чадна. Амжилтын ард сахилга бат, сэтгэлзүй бий гэж боддог.


 Сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа залуу тамирчдад ямар зөвөлгөө өгөх вэ ?

Хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна. Амжилтын ард маш их хөдөлмөр, тэвчээр байдаг. Өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхийн төлөө тууштай хичээвэл үр дүн заавал гардаг.


  Таныг үргэлж дэмждэг хүмүүстээ юу гэж хэлэх вэ?

Намайг үргэлж дэмжиж, урам өгдөг гэр бүл, багийнхан болон хөгжөөн дэмжигчиддээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний дэмжлэг надад үргэлж хүч өгдөг.


Ярилцсан: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Э.Билгүүн


Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page