top of page

Г.Билгүүн: Чадна гээд бодчихвол ард нь гарчихсан л байж байдаг

Бид энэ удаа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Программ хангамжийн ангийн 3-р түвшний оюутан Г.Билгүүнтэй ярилцлаа.


Өмнө нь тэтгэлэгт хөтөлбөрт оролцож байсан уу? Яагаад энэ тэтгэлэгт оролцохоор болсон бэ?

       Анх удаа оролцсон. Би ер нь төгсөөд Голомт банканд ажиллах сонирхолтой. Тэгтэл Голомт банканд дадлага хийгээд ажиллах боломжтой тэтгэлэг канвас систем дээр зарлагдсан байсныг хараад оролцохоор болсон.

Бэлтгэл хэр их хийсэн бэ? Ямар шалгуураар тэнцэж чадлаа гэж бодож байна?

        Өөр дээрээ маш их ажилласан. Ярих чадвар муу болохоор ярилцлагын шатан дээр айж байсан. Түүндээ зориулж ютүбээс хичээл үзэж бэлдэж байгаад тэнцсэн.

Уг хөтөлбөрөөс яг юу сурч, ямар туршлага хуримтлуулсан бэ?

         Анх тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад орох болоход өөрийгөө тэнцэхгүй байх гэж бодож байсан. Тэгээд алдах юм байхгүй юм чинь ороод үзье гээд орсон. Үүнээс өөрийгөө басаж болохгүй, хичээвэл боломжтой юм байна гэдгийг сурч авсан. Туршлага гэвэл ярианы түвшин маань сайжирсан.

Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн гэдгээ мэдэхэд хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?

         Хамгийн түрүүнд гүнзгий амьсгаа аваад л санаа амарсан даа.



Тэтгэлэгт материалаа бэлтгэхэд бусад оюутнууддаа ямар зөвлөгөө өгөх вэ?         

Зөвлөгөө гэвэл ярианы шатанд өөртөө итгэлтэй яриарай. Худлаа ярьж болохгүй. Өөрийнхөө давуу талыг цөөн үгэнд багтаан нөгөө хүндээ ойлгуулж илэрхийлээрэй гэж хэлмээр байна.

Тэтгэлэгт ганцаарчилж орсон уу эсвэл багаараа юу?

        Үе шат болгон дээрээ өөр. Бүлгийн ярилцлага гэж байгаа. Хамгийн сүүлд нь ганцаарчилсан ярилцлага гэж байдаг.

Хэр олон оюутан оролцсон бэ? Бусдыгаа хараад айсан уу?

       Дараа нь сонсоход 1000 гаруй оюутан оролцсон гэж сонссон. Намайг бүлгийн ярилцлагатай байх үед 100 гаруй оюутан ирсэн байх. Тэднээс нээх их айгаагүй ээ. Гэхдээ мундаг хүүхдүүд зөндөө байсан. АШИУС-ийн нэг охин маш мундаг байсан. Тэр яагаад тэгж санагдсан бэ гэвэл хүн болгонд санамсаргүйгээр үг өгнө. Тэр үгтэй холбоотой зүйл тэтгэлэгтэйгээ холбоод шууд зохиогоод хэлнэ гэдэг хэцүү шүү дээ. Тэгтэл тэр охин шууд шүлэглээд ярьж байсныг хараад л биширсэн дээ.

Нууц биш бол тэтгэлгээр авсан санхүүжилтээ юунд зарцуулсан бэ?

      Хоёр сая төгрөг авсан. Түүнийхээ талыг сургалтын төлбөртөө хийгээд талыг нь өөртөө зарцуулсан даа.

Голомт банк шиг том байгууллагууд залуучуудын боловсролд хөрөнгө оруулж байгаа нь ямар учиртай гэж боддог вэ?

        Шилдэг 100 хүүхэд шалгаруулж авч байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд дадлага хийгээд цаашдаа ажиллах боломжтой байдаг болохоор төгсөхөөс нь өмнө салбар банкин дээрээ авч, дараагийн боловсон хүчнээ бэлдэж байна гэж ойлгосон.



Энэхүү хөтөлбөрийн аль хэсэг нь хамгийн үнэ цэнэтэй байсан бэ?

      Надад бол тэтгэлэг авсны дараа тайзан дээр гарч үг хэлдэг олон мундаг хүмүүсийн үгийг сонсох нь их үнэ цэнэтэй байсан.

Карьерын хувьд хамгийн том мөрөөдөл чинь юу вэ?

      Мэргэжлээрээ бол салбартаа нөлөөлсөн хүн болно. Тэрнээс гадна чөлөөт цагаараа дуу хийдэг. Түүгээрээ бас алдартай болохыг хүсдэг дээ. Жишээлбэл Зуны зугаа дээр дуулж тоглолтоо хийх.

Оюутан хүний хувьд үеийнхэндээ хэлэх хамгийн чухал зөвлөгөө юу вэ?

    Хичээлээ битгий таслаарай.

Хамгийн сүүлд танд урам өгдөг нэг үг хэлээч?

    Сая энэ тэтгэлэгт оролцоод ийм үг өөртөө их хэлсэн. Би чадна гээд бодчих юм бол ер нь чаддаг юм байна лээ. Би чадахгүй гээд яваад байх юм бол хүмүүс угаасаа чадахгүй шүү дээ. Нөгөө манифест гэдэг нь их үнэн юм шиг санагдаж эхэлсэн. Чадна гээд бодчихвол ард нь гарчихсан л байж байдаг.


Ярилцсан: Б.Энхням

Гэрэл зургийг: Б.Маралмаа

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page