top of page

Халтар гартай баян аав

Хүүхэд насны хамгийн жаргалтай нандин мөч минь ширээ тойрон хоолоо иддэг байсан тэр цаг мөчүүд. Харин шорон мэт газар луу аав минь явсан тэр мөчөөс хойш хүүхэд насны минь баяр баясал удаан үргэлжилсэнгүй ээ...  


2011 он: Би 3 дугаар ангид дөнгөж л орж байсан жил. Бидний амьдрал тийм ч өнгөтэй өөдтэй баян тансаг биш, өрнөөс өрний хооронд бусдаас илүү гарахгүй хоосон хонохгүй тийм л амьдралтай байсныг би сайн санаж байна. Орой болоход олсон хэдэн  цаасаараа гэр бүлдээ амттан авч ирэхийг нь хүлээж үүдэнд нь аавыг сахиж суух бол энэ хорвоогийн хамгийн том жаргал байсан. Аав минь вагоны жолооч мэргэжилтэй хүн учраас машин барихдаа тун ч сайн. Иймээс ээж аав хоёр ярилцсанаар аав минь Оюутолгой гэх газар луу сэтгэл шулуудан ажиллахаар явсан юм. Хүнд даацын том нүүрсний машин барьдаг. Мэдээж цалин сайн учраас тийшээ явсан.


2012 он: Аав тэр газар ажиллаад нэг жил өнгөрлөө. Үргэлж аавыгаа санана. Нэг утсаар яриад эхэлбэл энэ хорвоо ертөнцийн бүх л зүйлийг хамж шимж ярина. Энэ хугацаанд аав ажилдаа явж 1 сар болоод 10хон хоног амардаг. Гэхдээ амралтын өдрүүд нь замд явсаар байтал гэр бүлтэйгээ 4 5 хоног л хамт байдаг. Яг ийм дарааллаар бүтэн жилд аав гэртээ хэдэн хоног байсныг би мэдэхгүй юм. Ажлаасаа ирэхдээ их ядарч ирнэ. Хамгийн хэцүү нь аав минь өдрийн талд нь унтаж өнгөрөөнө. Одоо бодоход их л нойр муутай ажилладаг байсан байгаа юм. 


2013 он: Бидний амьдрал огцом дээшиллээ. Хоёрхон жилийн дотор ээж аав бүх өрөө дарж, шинэ байрандаа засвар ч хийж бид магнай хагартал баярлаж байлаа. Үнэхээр энэ жил миний амьдралын чухал мөч. Учир нь энэ жилийн бүх үеийн дурсамж бүгд зураг, бичлэг болж үлдсэн учраас одоо үзэхэд тэр сайхан мэдрэмжүүдийг буцаад мэдэрдэг.  Үнэхээр аавын ажлын цалин өндөр учраас бид юмаар дутаж гачих зүйлгүй боллоо.


2014: Аав энержи ресурс гэх өөр ажилд орлоо. Аавын ажил дээр нэгэн зэрэг 2 хүн нас барсан хэрэг сонсогдож ээж бид хоёр аавд санаа зовон ламд ном уншуулахаар гэрээс гарав. Аавын ажил нэлэн хэцүү гэж хүмүүсээс үргэлж сонсоно. Өвлийн хүйтэнд 24 цаг машинаа барьж, машиндаа унтаж, машиндаа хоолоо хийж иддэг. Би энэ хэдэн жилд ийм байдалд ажилдаг гэдгийг мэдэхгүй байсан юм. Хамгийн хэцүү нь нойр авах хүнд байдаг гэж билээ. Тэр хоёр хүний нэг урсгалынх нь жолооч нойр муутай явж байсан учраас нөгөө машинаа мөргөөд хоёулаа машиндаа хавчигдаад бие нь тасраад газар дээрээ үхсэн байдаг юм. Энэ муухай мэдээг сонсож би аавыгаа ажлаасаа гарахыг үргэлж шаардана. Аав даанч миний үгийг авч хэлэлцэхгүй учраас оронд нь ойр ойрхон утсаар ярьж, аль болох аавыгаа нойрмог байлгахгүйг бодож ярина, орой болгон бурханд аюулгүй байгаасай гэж залбирна. 


2015 он: Сардаа 1 удаа амардаг байсан бол зарим үед 40 хоног бүр 2,3 сар ч ирэхээ болив. Анх удаа аав байхгүй цагаан сар тэмдэглэж үзлээ. Хүмүүс сар шинээр манайд ирж хөгжилтэй байх боловч цаанаа л гунигтай. Гэр нэг л хоосон аавын минь агаар, аавын бүх л зүйл гэрт дутаад байх шиг. Ээжтэй муудаад л ирээгүй гэж бодсон ч ажлаас нь даан ч амралт олгоогүй юм билээ. Тэгж их хэцүү нөхцөлд олон хоног ажлуулчихаад амралт өгөөгүйд нь миний уур барагдаж аавыгаа ирээгүйд уурлан утсаар ярилгүй хэд хонолоо.  Ингээд аав бид хоёрын утсаар ярих давтамж долоо хоногт ганцхан л болов. Аав намайг том болчихсон учраас амраад ирэхээрээ тийм ч их хамт байхгүй. Уулзаагүй найзууд байна, ажил байна гээд алга болчихдог. Харин би энэ байдалд нь дасаж хальт л хамт дэлгүүр оронгоо юм ярьж инээлддэг цаг хугацаатай болов. 


2016 он: Ээж аав хоёр таарамж муутай муудах нь их боллоо. Энэ зүйлд би үргэлж өөрийгөө буруутгана. Илүү дутуу юм нэхэж аав их цалинтай болох гээд хол явсан нь ээж аавын хувьд амьдралынх нь маш том сорилт байсан бололтой. Холын зайн харилцаа нь тэдэнд сорилт шалгуур биш харин нэгнээсээ хөндийрөх шалтгаан болжээ.  Мэдээж сорилтыг би ч бас адил давж чадаагүй. Том гэрт би ганцаархнаа үлдчихсэн байсан. Эгч оюутан болоод явчихсан, ээж ч бас хөдөө  орон нутаг руу томилолтоор явдаг. Аав ойлгомжтой тэр хориод байдаг шорон шиг газартаа. Намайг хүүхэд байхад миний төрсөн өдрөөр надад бялуу авч өгөх мөнгөгүй учраас 4 ширхэг напелеон авч лаа үлээлгэж байсан. Тэр үед ирээдүйд яг л энэ чигээрээ байнга хайрлагдсан мэдрэмжтэйгээ хамт байх юм шиг бодож явсан. Гэтэл одоо хэн нь ч миний төрсөн өдрөөр хажууд алга. Зүгээр л мөнгө өгөөд мэнд хүргэдэг. Би мөнгөөр тэдний нэг өдрийг худалдаж авмаар байсан ч энэ хэзээ ч бүтэхээргүй байсан. Халуун дулаан гэр бүлийн амьсгал цэвхий хүйтэн мөс болчихсон юм чинь....


2017он: Аавын ажил жил болгон янз бүрийн нэртэй шагнал өргөмжлөлөөр шагнадаг. Гэхдээ хөөрхий тэр хэдэн медаль, цаасаараа аавыг ажилдаа үлдээх арга ч юм шиг. Зөндөө олон удаа тэр газраас гарахыг их гуйдаг ч энэ газартаа дахиад хэдэн жил гүрийвэл залуухан тэтгэвэрт гарна гээд гүрийдэг юм. Бид хоёр аавын ажлаас болж тийм ч их уулзалдахгүй. Нээх их сэтгэлийн үгсээ ярьж, нууц зэргээ хуваалцдаггүй болохоор тийм ч дотно биш. Хүмүүсийн нүдэнд их л инээсэн дотно харагддаг даа. 


2018он: Өмнөх жилүүдийг бодвол аавынхаа ажлыг хүндэлж, аль болох ойлгохыг хичээдэг болов. Нэг орой дүрсээ харж ярихад аавын минь сормуус хөмсөг нь цантаад машинаасаа буучихсан цасан шуурганаар алхаж яваа харагдана. Юу болов? Яав ийв? гэхэд машиных нь дугуй хагарч гэнэ. Машины дугуйг сольж чаддаг байж яагаад солиогүй юм бол гэж бодсон ч ааваас минь том дугуйтай, аав маань 185см өндөртэй нэлээн том биетэй хүчтэй ч гэсэн дийлж барахааргүй хүнд юм гэсэн. Тэр том хоёр чиргүүлтэй машин нь 42 дугуйтай аж. Засварын хүмүүсээ дуудсан ч 2 цагийн дараагаас ирнэ гэсэн учраас машиндаа даарч хөлдөхгүйн тулд ойрхон байх хоолны гэр лүү алхсан нь энэ байж.


2019 он:  Дэлхий нийтийг айлгасан цар тахал 2019 оны 12 сард Монголд илэрлээ. Ингээд бүх хүмүүс карентилагдсан жил болж өнгөрсөн. Энэ хугацаанд аав бид хоёр нэг жил бие биетэйгээ уулзалгүй утасны цаанаас уулздаг болов. Ажил нь корона гараад зогссон ч хэсэг хүмүүсийг ажиллуулсаар л байлаа. Тэдний нэг нь мэдээж манай л аав. Маш олон хүн коронагаас болж тэнгэрийн орон луу одсон. Бас л миний санаа их зовсоор л. Аав дэндүү өөртөө хайргүй. Та нар минь л болж байвал би яах вэ гэдэг. Энэ хэцүү үеүдэд аавыгаа ихээр санаж үгүйлж аавынхаа орон зайгаар дутагдаж байлаа. Тэр хүний надад хэрэгтэй байсан чухал өдрүүдэд даан ч хажууд байсангүй. Зөндөө л хүүхдүүдэд атаархана. Гэхдээ зөндөө олон хүүхэд над шиг ийм гомдмоор, дүргүй хүрмээр мэдрэмж авдаг гэхээр зүрх шимширмээр. Олон аавууд ч бас гэр бүл үр хүүдүүдийнхээ хажууд халуун хоол идээд суухыг мөрөөддөг болсон байна. Зарим хүмүүст энэ зүйл зүгээр л энгийн өдрийнх нь нэг байх л даа. Гэвч бидний хувьд арай өөр.


2020 он:  Яг үнэндээ энэ жилийн дурсамжаа тийм ч их санахгүй байна. Сайн найзтайгаа, ээжтэйгээ гурвуулаа хамт амьдардаг байсан. Аав мэдээж ажилдаа л байсан. Өдөр болгон яг нэгэн хэвийн, хажуугаар нь онлайн хичээл ороод л гэрээсээ бараг гарахгүй. Харин тэр үед аав бид хоёр их муудсан минь сэтгэлд тод үлджээ. Ажлаас нь болоод уулзаагүй үнэхээр удсан. Яах ч ёстой юм бүү мэд. Нэг улсад хамт байгаа ч яг миний хажууд байхгүй байгаа нь хэний буруу вэ? Ажил уу? Аав уу? Би юу? Эсвэл Корона юу? Би лав мэдэхгүй. 


2021 он: Нүд ирмэх зуур би чинь төгсөөд оюутан болох дөхсөн байна. Элсэлтийн шалгалтаа өгөөд гарлаа. Бүх хүүхдийн ээж аав, эмээ өвөө ах эгч нь цэцэг бариад эсвэл урмын үг хэлээд зогсож байна. Шалгалтаа сайн өгсөн ч магтах хүн алга, муу өгсөн ч зэмлэх хүн алга даа. Энэ үед ээжийн ч аавын ч ажлыг давхар үзэн ядсан. Яагаад ийм хол, удаан хугацаагаар ажилдаг юм бэ? 


2022он: Би оюутан болоод 1 жилийн нүүр үзсэн, юу ч өөрчлөгдөөгүй. Гэрээ саналаа гэсэн оюутнууд хаа сайгүй. Би ямар гэрээ саналаа гээд аав ажлаасаа ирэх ч бишдээ.  Би аавтайгаа өнгөрүүлэх байсан энэ цаг хугацааг яаж нөхөж, хэндээ гомдох вэ? Энэ ажил надад хэдий шорон шиг санагддаг ч намайг хоолтой минь залгуулж байгаа гэж бодохоор аавыгаа өрөвдөж сэтгэл өмрөх юм. Хэзээ хурдан том болж бүтэн нойртой, халуун хоолтой аавыгаа санаа амар байлгах юм болоо? Энэ нийгэм, энэ төрдөө л би гомдъё доо. 

ХИС II ангийн оюутан Г.Мөнгөнзул


Comentarios


bottom of page