top of page

ТАРХИНД СҮҮДЭР ТАРИГЧИД

Нагацын оюутан хүү санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээр “CU”-д ажиллажээ. Ажлын хажуугаар хичээлээ хийж бараагүй учир сургуулиа төгсөж чадсангүй. Энэ үйлдэлд оюутан дүүгээ, аль эсвэл инфлюэнсерийг ч буруутгахад хэцүү болчихоод байна. Өглөө оройгүй мөнгөний зах зээл ярьж, хүссэн бүхэн, санасан зоргоороо  амьдар. Боловсрол чухал биш гэж уриалах нөлөөлөгчийн үг түүнд ийн нөлөөлсөн байв. Харамсалтай нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээр олсон цагийн ажлын хөлс нь тасалсан хичээлээ нөхөхөд ч хүрсэнгүй. 


Ийм жишээ энд тэндгүй сонсогдоно. Төлөвшиж амжаагүй залуусын оюун санаа нөлөөлөгчдийн үгэнд автах үзэгдэл газар авсаар... Сошиал медиа хөгжөөгүй үед хүүхдүүд аав ээжийнхээ хүмүүжил дор хүн болдог байсан бол өнөөдөр олон мянган дагагчтай нөлөөлөгчдийн үгээр ертөнцийг харж байна... Өв тэгш хүн гэж байдаггүй гэдгийг бид хэдий мэддэг ч “өв тэгш” нөлөөлөгчдийг өдөр бүр сонсдог. Тэднээс суралцаж бас тэднээр амьдралаа заалгаж, тэд замчилдаг. Судалгаа ч үүнийг баталж байна. Харин би үүнийг жишээгээр батлах гэж оролдъё.


Маргааш үхчих ч юм бил үү...

Сошиалд бүтээж буй дүр. 

“Choco” шөнийн цэнгээний газрын нийтэд сурталчилан таниулах ажлыг хийдэг Ганбаатар (Ganbaatar_ice) фэйсбүүк хуудсандаа 21885, инстаграммдаа 17200 дагагчтай.  Тэрээр залуу насаа зугаатай зүйлд үрэх эрх чөлөөтөн хэдий ч тогтсон насан дээрээ тогтворгүй амьдралтай нэгэн. Учир нь тэр “ганцаараа ч сайхан байж болно” гэсэн амьдралын философитой. Алхам тутамдаа цаг алдалгүй стори хийхдээ фитнесээр хичээллэж, сайхан хооллож, тохилог байрандаа тухтай амьдарч, тансаг машиндаа тааваараа явж буйгаа харуулна. Эхнэрээсээ салсан тэрээр ганц хүүтэй. Түүнийхээ төлөө хөдөлмөрлөх ёстойгоо ухамсарлаж, аавын үүргээ биелүүлдэгээ өөрийн цахим хуудсаар байнга харуулдаг учир олонхи нь түүнийг сайн аав гэж сайшаана. Зав ихтэй түүнийг зарим нь үр бүтээлтэй юм хий гэж зандрана, харин үлдсэн хэд нь юу эс бодон даган баясана. Гэвч аль аль нь түүний чихний хажуугаар шүргэнэ. 


Олны бодол.

“Хүн мөнгө олж л чадаж байвал боловсрол чухал биш” гэж хэлэх залуу түүний үнэнч дагагч. “Бас заавал хүн бүр гэр бүлтэй болж, үр хүүхэд төрүүлэх албагүй” гэж боддог болсноо 25 хүрсэн залуу ч бас хэллээ. Харин  “Монгени” цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагч Тэмүүлэн “Инстаграмм гэлтгүй сошиалд идэвхтэй хүн шүү дээ. Бидний үеийнхэн бүгдээрээ л түүнийг дагадаг гэж боддог” гэж товч хэдий ч илүү тодорхой зүйл ярьсангүй. Түүнийг бас төвөггүйхэн таньсан хүмүүсийн нэг нь Тамир. Тэрээр хэдийнээ тогтвортой амьдралтай болчихсон  хас банкны ажилтан. Хааяа нэг гарч орохдоо “Choco”-д орж Ганбаатарыг таньдаг болсон. Тамир “Ямар ч хүнтэй нэг уулзаад ханачихдаг. Бүр мартчихдаг ч байж магад. Би ч түүний танихгүй танил нь” гэж хэлсэн нь хамгийн олиггүй ч надад хамгийн олигтой сонсогдлоо.


МУБИС-ийн мэдээллийн технологийн мэргэжлээр 2, 4-р түвшинд суралцдаг Б.Шижирбаатар, Б.Оргил, мөн ХААИС-ийн эдийн засагч мэргэжлийн 2-р түвшний оюутан Ц.Батцэцэг нарын түүнийг дүгнэх дүгнэлт бараг ижил байв. Аятайхан үг ч амнаас нь цухуйсангүй. Тэднийхээр бол нийтийн орчинд тэнэг үг, хачин үзэл бодлоо хамаагүй дэлгэдэг, бүх зүйлээ зөв гэдэгт дэндүү итгэлтэй хэрнээ, алдаа мадгаа хүлээн зөвшөөрч чаддаггүй аймхай нэгэн гэнэ. 

Түүний талаар залуучуудаас асуухад огт танихгүй, харж байгаагүй хоёр хүний нэг нь “Этүгэн” их сургуулийн шүдний эмч мэргэжлээр суралцдаг 1-р дамжааны оюутан Б.Аззаяа. Нөгөө нь арван жилийн сурагч.


Үнэн хэрэгтээ.

1988 онд төрсөн тэрээр 17 насандаа үсчин мэргэжлээр ажлын гараагаа эхлүүлж удалгүй студид ажиллах боломж олдсоноор сонирхолдоо хөтлөгдөн видео мэйкэр хийж өдийг хүрсэн. Одоо ‘Choco’’ шөнийн цэнгээний газарт промоутер хийдэг. Энгийнээр хэлэхэд нийтэд сурталчилан таниулах юм. Үнэн хэрэгтээ амьдралынхаа тал хувийг залуу настайгаа хамт энэ газар зугаацаж өнгөрөөж байгаа гэхэд хилсдэхгүй. СЭМҮТ-с “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан дор хийгдсэн цуврал контентын дугаарт мань хүн ороод амжсан.


Бусдаасаа бараг хамгийн урт дугаар нь байв. Тэрхүү хугацаанд өөртэйгөө ярилцах сэтгэл зүйчээ ч гайхширтал эгэл биш юмс хээв нэг ярих нь басхүү гайхмаар... 7 хоногийн 3-4 удаад алкохол заавал хэрэглэдгээ ажлын онцлог гэж эвтэйхэн аргалах нь архины хамааралтайгаа үгүйсгэж  байгаа нь илт. 35 нас хүрэхдээ ганц удаа амьдрал зохиож, хөөрхөн хүүтэй болсон. Удалгүй салсанаа “би нэг юмнаас амархан уйддаг хүн юм байна лээ” гэж холбон тайлбарлана. Хэрээс хэтэрсэн үрэлгэн зангаа “санхүүгийн сахилга бат жаахан тааруу” гэж угсруулах нь бүр авьяас ч гэж хэлж болмоор. Бид ийм жинхэнэ биш дуураймал хүмүүсийг даган баясаад ч барахгүй үлгэр дуурайлал авдаг гэж үү?


Мангар ихийг бүтээ

Орчин цагийн хуучирдаггүй инфлюэнсер, цагтаа бүжгийн урлагтаа буцалж явсан залуу өдгөө бизнесийн салбарт том нөлөө болох гэж хичээж яваа “116” хамтлагийн үүсгэн байгуулагч Т.Саруултөгс буюу Төөгөө.


Сошиалд бүтээж буй дүр.

Хөгжил, дэвшлийн эрин үед алхам ч хоцрох эрхгүй юм шиг аашилдаг түүнийг галзуу юм шиг хичээж, хөдөлмөрлөдөг гэж бодогдуулмаар. Гадны улс оронд суралцаж байсны хажуугаар цахим орчинд хэрхэн ажиллаж мөнгө олж, басхүү эрч хүчтэй, идэвхтэй амьдралын хэв маягийнх нь талаар түүний блогт өгүүлдэг. “Бүх зүйлд зорилго, зорилт тавь” гэж тэрээр чарлана. Ойлгомжтой зүйлийг дахин дахин нуршаад байгаад уу? Эсвэл Төөгөө хэлж байгаа болохоор тэр үү үүнд олон хүмүүс эгдүүцэнэ. Харин “Би үнэнийг нь хэлж байгаа, чадахгүйг нь чадаад байгаа болохоор монголын залуучууд дундаа хамгийн их үзэн ядагдаж байгаа нь БИ” гэж бахдам ярих нь Төөгөөгийн төрх. Бизнес амжилтад хүрэхэд анхдагч нь бай, нэг бол өвөрмөц бай, эсвэл шилдэг нь бай гэсэн шулуухан зарчимтай. Дундаж, өөртөө л болоод байгаа залуус хүртэл түүний хувьд байж боломгүй зүйл.


“Шилдэг нь байна. Чадахгүй бол зүглэх ч үгүй” гэх нь түүний хэлэх дуртай үг юм. Их унтахыг дэмждэггүй. Өглөө болгон хүйтэн усанд ордог. Номонд гүнзгий орж байгаа гэж өөрийгөө жаахан онцгойруулахыг чамгүй хичээнэ. Фэйсбүүк ашигладаггүй гэдгээ ихээхэн онцлон элдэв хов, живээс цааргалж явдагаа, инстаграмм дахь богино рийлс бичлэгээрээ өнжилгүй хийдэг нь угтаа өөрийгөө сурталчилан таниулаад “лаг” нэр зүүх гэсэн пиар юм болов уу? . 


Олон нийтийн үгээр.

ИЗОУИС-ын хууль, эрх зүйн 3-р дамжааны оюутан Б.Янжиндуламын хэлснээр: Бидний нийгэмд хүн бүр манлайлагч байх хэрэггүй, алба ч байхгүй. Багийн хариуцлагатай, сайн гишүүн байх нь худлаа манлайллаас хэд дахин үнэ цэнэтэй. Төөгөө бол Youtube хуудаснаас нэг хүний лекц үзчихээд тэрийгээ бусдад ярьж сэнхрүүлж яваа хүн гэв. Угаасаа тиймэрхүү лекцүүд уянгын халил ихтэй, хэтрүүлэгтэй байж бусдын сэтгэлийг хөдөлгөж сэтгэл зүйн тоглолт хийдэг салбар гэдгийг ойлгочихсон хэрэгжүүлж яваа байлгүй .


Төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн барилгын инженер, мөн гадаадад боловсролоо дээшлүүлсэн Ганчулуун гэх бүсгүй ( Цахим хаяг:Gando Ganchuluun) “Өсвөр насны хүүхдүүдийг худлаа хөөсөрсөн юм ярьж тархидахаа болимоор байна. 50 мянгын төлбөртэй “мөнгө олох нууц” гэсэн лекц яваад байхаар нь сонирхоод зориуд мөнгийг нь өгөөд ортол юүтүб дээр байдаг наад захын мэдээллүүдийг орчуулаад өөрийн юм шиг зараад ч байх шиг. Хамгийн аюултай нь интернет ухаад англи хэлтэй болж, боловсролыг эзэмшчихнэ гэнэ. Зөв нөлөөлөх хүнээ л таниж дагаарай залуус минь” гэжээ. Сураад, ажиллаад боловсролыг хэл, хөлөөрөө олж авсан эгэл энэ эмэгтэйн илэрхийлэл олон хүнтэй санал нийлж, хэдэн мянган эрхий хуруу авсан юм.


Үнэн хэрэгтээ.

Т.Саруултөгс буюу Төөгөө нь бага, балчир насаа Төв аймгийн Зуун мод суманд өвөө, эмээгийн хамт өнгөрүүлсэн. Харин 21 насандаа аавыгаа алдсанаа бусдынхаар бол уй гашуудал ч нөгөөтэйгүүр амьдралд минь хийсэн томоохон шинэчлэл, орчлонг харах үзлийг маань өөрчилсөн зүйл гэж тодорхойлдог. Төөгөө “мөнгө бол үнэ цэнтэй зүйл биш” гэж хэлдэг нь түүний мөнхийн  сэдвүүдийнх нь нэг. Ер нь түүнээс хойш оролцсон подкаст ярилцлага, нэвтрүүлэг болгондоо л үүнийг дурьдах нь олонтаа. Гэсэн ч Төөгөө өөрөө үнэ цэнтэй биш зүйлийг хамгийн их ярих дуртай байгаадаа өөрийн үнэ цэнийг бууруулаад байгаагаа ойлгодоггүй.


“Хүмүүс тэр дундаа эрэгтэй хүмүүс амбицтай, зорилготой байх ёстой. Эмэгтэй хүн зүгээр л жаргаад байж байх ёстой”. Үгүй ээ яахав, эсрэгээр нь ярьвал нийгмийн эсрэг адлуулах байх. Чухам өөрөө эр хүн бас залуу хүн болохоор ийм үг амнаас нь гарч байгаа нь гарцаагүй. Гэвч ингэж ярьснаараа массын ихэнхийн дургүйцлийг хүргээд байгаа нь мэдээж шалтгаантай. Нэгдэж энэ хүн салбартаа л манлайллаа ярьвал зохилтой. Бүх зүйлд манлайлагч нь байж сэтгэл болоод сэтгэлгээний эрх чөлөөнд хүрч болохыг тэрээр олон ч залууст ойлгуулах гэж ихээхэн хичээдэг. Хоёрдож өөрийн үзэл бодолдоо ороогдож, эргэх холбооноос гардаггүй хүн гэхэд болно.


Хувийн үзэл бодлоо онц сайн дүгнэх ч хүн бүрийг өөр шиг нь бодоосой гэж хямардаг залхам үзэлтэй хүн.  Аливааг хэтрүүлж эсвэл өөрийн харах өнцгөөр бусдад илэрхийлэхдээ “энэ нь магадгүй буруу байх л даа” “намайг ингэж хэллээ гээд олон хүн дургүйцэх байх, гэхдээ” энэ мэт үгийг байнга хавчуулдаг нь нөгөөтэйгүүр хэлсэн үг хувийн үзэл бодолдоо бат бөх байж чадах хүн мөн эсэхэд эргэлзэхэд хүргэдэг юм.

Гарцаагүй үнэн гэвэл боловсролгүй атал сурган хүмүүжүүлэгчээс дутах юмгүй хүмүүсийн амьдралыг зааж, замчилдаг нөлөөлөгчид залуусын үзлийг болохоос болохгүй хүртлээ өөрчилж байна.


Залуусын үзэл

“Инфлюэнсер үү?...зөв цаг үедээ нийгэмд xэрэгтэй мэдээлэл, мэдлэгээр нь хангаж чадах том нөлөөлөгч хүч. Олон нийтийн жишгээ дагадаг бидэн шиг ард түмэнд их чухал л гэж боддог доо” гэж гэнэтийн асуултанд минь ядах юмгүй хариулах өсвөр насны хэрсүү охин бол Нийслэлийн 62-р сургуулийн 11-р ангийн сурагч Цэлмэг. Харин түүний яриаг таслах шахам “Үгүй ээ” гэж яриагаа аядуухан эхлүүлэх түвшин хэрнээ өөртөө итгэлтэй Сансармаа гэх охиноос би юуг ч юм хүлээж горьдож зогслоо. Сүүлийн үед ар араасаа гарсан гэмт хэргүүдийн талаар нийтэд шуугиан тарьсан нь хүндэлж явдаг инфлюэнсерүүддээ дургуй болох том шалтгаан болсныг тэрээр хэлсэн юм.


“Цахим орчинд маш олон дагагчтай уран бүтээлч Ч.Уранхолбоо өөрийн цахим хаягт тэр утгагүй зургаа нийтлэх хүртэл би бүх зүйлээс нь суралцаж байсан юм. Саяхан өөд болсон 13 настай охинд зориулж нөгөө л нэг эмгэнэлийн постоо шивж...Тэгэхдээ гараа хавсран залбирсан тавилттай зургаа фэйсбүүкдээ оруулаад, удалгүй азтантай лайваа хийхэд түүнд бусдад харагдсан шигээ ямар ч харамсал, харуусал байгаагүй гэдгийг би ойлгосон.


Чухам өнөө цагийн манай од бас одонцруудын үнэн байдал нь энэ юм хойно гэж зөнгөртөж би лав чадахгүй. Тэр тусмаа хүмүүс яг над шиг дургүй нь хүрч дагахаа болиосой. Олон мянган дайралт, шүүмжлэлд өртөөд тэр үйлдэл нь тэнэглэл, санаандгүй зан мэт боловч санаатай гэм байсан гэдгийг ухаж ойлгоосой” гэж маш цэгцтэй яриад амьсгаа авав. “Үгээ дуусгалаа” гэх шиг хацраа хонхойтол уруулаа жимийж, жигшэн зэвүүцсэн нүдээр харсан нь үнэн сэтгэлээсээ дургүй нь хүрсэн гэдгээ нотолж буй мэт санагдлаа. Би ч дуучин Ч.Уранхолбоогийн тэр зургийг өмнө нь харсан ч тэр охин шиг ойлгоогүйдээ жаахан ичив.


Ч.Уранхолбоог хөдөлмөрч, ухаалаг, эрхэмсэг бөгөөд эелдэг зөөлөн хандлагатай, сэтгэл татам эмэгтэй гэдгийг хэн ч хараад хэлэх биз. Тэрээр фэйсбүүктээ 613000, инстаграммдаа 632000 дагагчтай чамгүй од. Чухам олны танил хүн онцгүй үйлдэл гаргасан нь түүгээр тогтоогүйг бид мэднэ. Залуучуудыг нэг хэсэг байлдан дагуулсан О.Мөнхжин хялбар аргаар мөнгө олж, баян тансаг амьдарч болохыг баахан харуулсан. Даанч олны мөнгийг койн нэрийдлээр авсан хэрэгт унажээ.“14 настайгаасаа хойш аав, ээжээсээ мөнгө авч үзээгүй. 18 настайдаа анхны тэрбум төгрөгөө олж байсан” гэдэг Г.Ирээдүй.  Дансны хуулга, мөнгө төгрөгөө байнга гайхуулдаг. Тэр бас л залууст санхүүгийн эрх чөлөө, элдэв шинэ шинэлэг зүйлийг сурталчилдаг ч аман дээрээ сүрхий, ачир дээрээ базаахгүй болсоор нийгэмд тийм ч сонирхолтой хүн байхаа больсон.


Гагцхүү ардын баатар болох, аль эсвэл өрөвдүүлэх замаар их бага, ил далд ашиг хонжоо олох нь тэдний зорилго. Яаж гэдэг нь хамаагүй ядаж ганц л болов дагагч өөртөө нэмэх нь тэдний оршин тогтнох үндсэн стратеги. Үүнийг шинэ үеийнхэн маань хамгийн сайн ойлгоосой. Багахан ч болов нөлөөлөл хэрэгтэй бол сошиал медиад амьдрах хэн нэгний нөлөөнд автах бус эцэг эхээ сонсо. Харин академик боловсролыг эзэмшье гэвэл мэргэжилтнийг илүүд үз. Тэд л чамд хамгийн бодитойг тэнгэр шиг тээ холоос биш дэргэдээс чинь хөтөлж өгөх болно!


ХИС-ийн Сэтгүүлчийн 2-р ангийн оюутан Д.Дэрэм      

Opmerkingen


bottom of page