Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг угтан “Сэтгэцийн эрүүл мэнд ба урьдчилан сэргийлэлт” өдөрлөг боллоо

Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан ХИС-ийн Сэтгэл судлалын тэнхим, “S-R” сэтгэл судлаач оюутнуудын мэргэжлийн клуб, “Оюутны хөгжлийн төв” хамтран “Сэтгэцийн эрүүл мэнд ба урьдчилан сэргийлэлт” өдөрлөгийг 2026 оны 10 дугаар сарын 8-нд зохион байгууллаа. Үйл ажиллагааны зорилго нь оюутнуудын сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг таньж сурах, эргэн тойрныхондоо анхаарал тавихад дэмжлэг үзүүлэх, мөн шаардлагатай үед мэргэжлийн тусламж, дэмжлэг авахад оюутнуудад урам зориг өгөх явдал байв.
Өдөрлөгийн үеэр АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн доктор, дэд профессор Д.Оюунсүрэн “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх нь” сэдвээр ХИС-ийн оюутнуудад илтгэл танилцууллаа. Мөн найруулагч Л.Номингийн “Хүрд” (“The Wheel”) баримтат киног үзүүлж, тэрээр кино бүтээх үйл явцтай холбоотой өөрийн туршлагаа оюутнуудтай хуваалцлаа. Тус кино 2020 онд Нидерландын Амстердам хотод болдог олон улсын баримтат киноны томоохон наадам IDFA-д “Шилдэг дунд хэмжээний баримтат кино” (“Best Mid-Length Documentary”) шагналыг хүртсэн юм.
Хэрэв та эсвэл таны ойр дотны хүн сэтгэл санааны хүнд байдалд байвал мэргэжлийн
тусламж авахаас бүү эргэлзээрэй. Тусламжийн утас: 1800-2000




Comments