top of page

Ойн баяр хэн нэгний халаасыг тэмтрэх шалтгаан биш




Найман жилийн сургуулийн ой, арван жилийн сургуулийн ой, их сургуулийн ой, сумын ой, аймгийн ой, байгууллагын ой гээд л авлагын аян хөвөрч эхэлнэ. Бүгд л ийш тийш холбогдож хандив цуглуулах аянд гарна. Энэ жишиг манайд хэзээ тогтсон бол? Бас ойн хандив нэрээр иргэдээс авч буй хөрөнгө хаашаа ордог, түүгээр юу бүтээн байгуулдаг вэ?


Өгсөн бол сайн, өгөөгүй бол муу

Сум аймгийн ой болоход нутгийн иргэдээс, нийслэл дүүргийн сургуулийн ой болоход төгсөгчдөөсөө хандив нэхэж эхэлдэг. Энэ үед дараах асуултууд өөрийн эрхгүй гардаг. Манайд харин сайн дурын үйл байж чаддаг уу?  Хүмүүс сайхан сэтгэлийн үүднээс хандив өгдөг үү? Өгсөн нь сайн, өгөөгүй нь муу нэгэн үү?

Зарим нь хүнд тус бодож, нутаг усаа хөгжүүлчих юмсан гэж хандивлана.  Хэсэг нь “буян нь булаг шиг буцаад ирдэг” гэдэгт итгэж өгнө. Нөгөө хэсэг нь муу хэлүүлэхгүйн тулд хандивлана. Хандив өгөлгүй үлдвэл нөгөө хэсэг нь харамч нарийн, боломж бололцоогүйгээр нь гадуурхаж, муугаар ярьдаг учраас тэр.   Ингэж хэлүүлэхийг хэн ч хүсэхгүй учраас боломжгүй нэгэн нь өр зээл хүртэл тавин байж хандивлана. 


Баримт 1

Хосе-Мартийн нэрэмжит  52 дугаар дунд сургуулийн 18 дахь төгсөлтийн хамт олон сургуулийнхаа 40 жилийн ойд зориулж хүн тус бүр 40000 түүнээс дээш төгрөгийг сэтгэлээрээ хандивлахыг уриалжээ. 


Баримт 2

Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойгоор дээд албан тушаалтнаас эхлээд дэслэгч, ахлагч хүртлээ албан тушаалынхаа шат дараагаар нэг сая төгрөгөөс нэг өдрийн цалингаа хүртэл бүтнээр нь хандивлахыг шаарджээ. 

Эндээс үзвэл хандив сайн дурынх биш бүх нийтийн үйлс болсон гэдэг нь харагдана.   


Ойн хандив хаачдаг вэ?


Баримт 3

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Жавхлант, Хушаат сумдын 2017 онд тохиосон ойн хандивын бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнгийн талаар тус аймаг дахь төрийн аудитын газар шалгалт хийж, тайлан гаргажээ. Дээрх сумдууд хандив тусламжийн орлогоос нийт 5 орчим сая төгрөгийг төлөвлөгдөөгүй ажил гүйцэтгэх, бусдад хандив өгөх зэргээр зориулалтын бусаар зарцуулсан байна. Тухайлбал,  “Умард хилийн харуул Сүхбаатар хот” ном бичүүлэхээр байгуулсан гэрээний дагуу 2,500.0 мянган  төгрөгийг иргэн Т. Доржсүрэнд олгосон боловч гэрээт хугацаанд хүлээж аваагүй, авлагаар бүртгэгдээгүй байна. Мөн “Жавхлант бахархал” музей байгуулах 10 сая төгрөгийн, ахмадын шатрын тэмцээн хийх 500 мянган төгрөг, телевизэд зар сурталчилгаа өгөх, сумын удирдлагууд телевизийн ярилцлагад орох 4 сая төгрөгийн ажлыг хийгээгүй байна. 

Ойгоор цугларсан хандивыг санхүүгийн бүртгэл тайланд тусгаагүй гэх зөрчил ч бас илэрчээ. Тухайлбал Сүхбаатар, Жавхлант сумд нь аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс хандивласан нийт 300 шахам сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн орлогыг бүртгэл тайланд огт тусгаагүй байна.


Баримт 4

Говь-Алтай аймгийн Цогт сумын түүхт 90 жилийн ойн баяраар нийт 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хандиваар төвлөрүүлжээ. Сумын ойн хандивт 68 толгой малыг  иргэд бас л нэмж өгсөн байна. Энэ сумын тухайд бөх, хурдан морь, шатахуун түлшний зардал, сумынхаа тухай ном хийлгэх гээд бүгдийг нь иргэдээс ирсэн хандиваар зохицуулсан болохыг Legal. Info сайтад мэдээлжээ.  

Ойн баяраа сум орон нутгийн төсвөөрөө яагаад хийж болдоггүй юм бол гэсэн  бодол танд ганц удаа ч болов төрж байсан уу? 


Баримт 5

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвийн дарга байгууллагынхаа 55 жилийн ойгоор их хэмжээний хандив цуглуулж,  хувьдаа завшсан байж болзошгүй тул шалгаж өгнө үү” гэсэн иргэний гомдол АТГ-т иржээ. Мэдээллийн мөрөөр газар дээр нь очиж ажиллахад ойг тэмдэглэх хүрээнд нийт 23 сая орчим төгрөг цугларч, түүнийг нь тус төвийн дарга Г.Гантулга  хувьдаа завшсан гэх зөрчил тогтоогдоогүй байна.

Ойн арга хэмжээг зохион байгуулахдаа хандив авах талаар ОСНААУГ-аас албан ёсны зөвшөөрөл бичгээр аваагүй, байгууллагын ойн арга хэмжээнд цуглуулсан хандивын зарцуулалтын талаарх тайланг тус газар болон 10 дугаар төвийн хамт олонд албан ёсоор тайлагнаагүй, үр дүнг мэдээлээгүй байна. 

Дээрх баримтуудаас харвал сумын ойд зориулж авсан хандиваа үр ашигтай, хэрэгцээтэй зүйлд зарцуулдаггүй, хандив хаашаа хэний халаас руу орж буй нь тодорхойгүй байдаг аж. 



Ойн хандиваар хөшөө босгодог сэтгэхүй

Баримт 6

Архангай аймгийн Жаргалант сумын 90 жилийн ойгоор төгсөлтөөрөө хандив цуглуулж гэрэлт хөшөөг сумандаа барьсан. “Гэвч төд удалгүй өнөөх хөшөөний гэрлийг нь хэн нэгэн хагалж, хэнд ч юунд ч хэрэгцээгүй зүгээр л нэг дөрвөлжин чулуу үлдсэн” хэмээн төгсөгч Н.Нацагням хэлэв. 


Баримт 7

Архангай аймгийн Жаргалант сумын сургуулийн 70 жилийн ойд төгсөгч бүр л хоцролгүй эрвийх дэрвийхээрээ оролцож, мөнгө төгрөг, хонь мал, идээ цагаагаа барьжээ.  “Хандивын хөрөнгөөр нэг их ашиг тустай зүйл хийж босгоогүй. Миний санаж буйгаар гавъяат багш Нямдоржийн хөшөөг босгосон. Үлдсэн мөнгөөр нь  сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн л байх” хэмээн тус сургуулийн төгсөгч Ч.Чулуунхүү өгүүлэв. 

Цагдаагийнхан ч мөн 100 жилийн ойгоор албан хаагчдаас цугларсан хандиваар нас барсан дайчид, алба хаагчдын дурсгалд зориулан хөшөө босгожээ. Өнөөдөр цагдаа нарын ч гэлтгүй төрийн алба хаагчдын цалин хөлс манайд ямар түвшинд байгааг уншигч та мэдэж байгаа байх. Гэтэл тэдний хоолны мөнгөнөөс нь хумслаж хөшөө мэтийн зүйлд хандив авах нь тийм чухал уу? 

Энэ мэт хандив цуглуулж хөшөө босгосоор байтал улс оронд маань багтахааргүй олон хөшөө бий болох нь. Хөшөөний оронд байгууллага, сум орноо хөгжүүлэх ганц ч болов дорвитой ажил хиймээр санагдана.


Манайд хандив хүлээн авах, зарцуулах талаар хууль тогтоомжид заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх, тухайлбал, хандив хүлээн авахад бүртгэж, зөвшөөрөл олгох, хуулиар зөвшөөрөгдөх авч болох хандив эсэх, түүний зарцуулалт, ил тод байдалд тавих хяналт сул байдаг нь дээрх баримт, жишээнүүдээс харагдаж байна.

Иймээс хандивыг зөвөөр зохицуулж болох нэг арга бол тодорхой сантай болох  явдал юм. Тэр сангийн үйл ажиллагаа шилэн байж хандив хэрхэн цугларч, яаж зарцуулагдаж буй нь ил тод харагдаж байх ёстой. Бас сайн дурын үйлс гэдгийг хандив авч байгаа нь ч, өгч байгаа нь ч мэддэг байх хэрэгтэй. Хандивыг нэн чухал зүйлд л авч байх ёстой. Жишээлбэл, Япон улсад хүнд өвчнөөр өвдсөн хүүхэд, байгалийн гамшигт нэрвэгдсэн олонд туслах зорилгоор л авдаг байна. Манайд ч энэ жишигийг тогтоох л ёстой.


ХИС-ийн Сэтгүүл зүйн IV ангийн оюутан Ч. Бямбахажид



Comments


bottom of page