Оземпик буюу тураах тарианы туйлшрал
- 5 days ago
- 4 min read

Алдартнуудын дунд таргалалт үгүй болгож байгаа уг тарилгийн талаар та хэр зөв бодолтой байдаг вэ? Дуучин Лана Дэл Рэй тэргүүтэй одууд огцом турж дэлхий дахиныг гайхшируулсан үетэй зэрэгцэн Ozempic (оземпик) гэх зүйл олны анхааралд өртөх болсон билээ. Тураадаг эм гэх турах хүсэлтэй хүн болгон оземпикийг сонирхож, нэг хэсэг оземпикийн хомсдолд орсон ч удаатай. Өнгөрсөн 2024 онд л гэхэд оземпикийг үйлдвэрлэгч компани Ново Нордискийн борлуулалт ойролцоогоор 14 тэрбум ам.долларт хүрээд амжсан байна. Оземпик гэж ер нь тийм ид шидийн зүйл үү? Үндсэн зориулалт нь юу вэ? Хэрхэн, яаж хүний биед нөлөөлөлдөг вэ? хэмээн төөрч байна уу? Тэгвэл яг одоо би танд энэхүү тарилгийн талаар мэдээллийг үнэн мэдээллийг хүргэх болно.
Юуны өмнө эхлээд гол нэршилүүдийг мэдэх шаардлагатай билээ.
2-р хэлбэрийн чихрийн шижин, Оземпик (сегмалутид), GLP-1, GIP, Инсулин эдгээрийн талаар бичигдэх юм.
2-р хэлбэрийн чихрийн шижин:
Хүний биеийг цахилгаан станц гэж төсөөлбөл, глюкоз нь цахилгаан (эрчим хүч) үүсгэдэг түлш. Харин инсулин нь цахилгаан үүсгүүрт (биеийн эсүүдэд) хэр их түлш орж байгааг хянадаг инженер мэт ажилладаг.
Ойлгомжтойгоор тайлбарлавал 2-р хэлбэрийн чихрийн шижин нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа инженертэй адил боловч түлшийг боловсруулж энерги болгох төхөөрөмжийн хавхлагууд (буюу бидний биеийн эсүүд) зууралдаж, тосолгоо дутаж, эвдрэлд орох асуудал гардаг. Инженер (инсулин) түлшийг ар араас нь шахах боловч үр дүнд хүрэлгүй, түлш ч овоорч, цаг өнгөрөх тусам инженер буюу бидний биеийн инсулин ядарч эрчим хүчний хомсдолд орно. Тиймээс станцыг хэвийн ажиллуулахын тулд гаднаас инженер авчрах хэрэгтэй. Тэр нь инсулины тарилга гэсэн үг.
Оземпик гэж юу вэ?
Oземпик нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинд хэрэглэдэг тарилга. Ажиллах зарчим нь их энгийн. Оземпик нь ходоодонд ялгардаг GLP-1 хэмээх дааврын үйл ажиллагааг дуурайх замаар цусны сахрыг зохицуулдаг, ингэснээр хоол идсэний дараа инсулины шүүрлийг идэвхжүүлж, цатгалан мэдрэмжийг илүү удаан төрүүлнэ. Өмнө дурдсан шиг цахилгаан станцаар төсөөлбөл оземпик нь яг л туслах инженер шиг ажилладаг. Станцад шинэ түлш орж ирэх хурдыг удаашруулж, цахилгаан үүсгүүрт нэг дор хэт их ачаалал өгөхгүй байх тал дээр төвлөрч ажилладаг гэсэн үг. Ингэснээр цахилгаан станцыг бүхэлд нь илүү жигд ажиллуулж, илүүдэл түлш (глюкоз) хуримтлагдахаас сэргийлж, биед шаардлагатай эрчим хүчийг үргэлжлүүлэн үйлдвэрлэхэд тусалдаг.
GLP-1: Энэ нь гэдсэнд үйлдвэрлэгдсэн инсулины ялгаралтыг идэвхжүүлж цатгалан мэдрэмж төрүүлдэг даавар юм. Цахилгаан станцын түлшний урсгалыг удирддаг үндсэн инженерээс (инсулин) гадна GLP-1 (глюкагон төст пептид-1) хэмээх туслах инженер байдаг гэж ойлгож болно. Энэ туслах онцгой үүрэг гүйцэтгэдэг. Үүсгүүр хэт ачаалалтай үед түлшний хэрэглээг удаашруулж, шаардлагагүй түлшний үйлдвэрлэлийг багасгахын тулд үйлдвэрт дохио өгдөг.
Ингэснээр түлшний нөөцийг дэмий үрэлгүйгээр эрчим хүчийг үр ашигтайгаар үйлдвэрлэх боломжийг олгодог. Харин 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хувьд тэдгээр туслах инженер GLP-1 нь ажлаа үр дүнтэй хийдэггүй гэсэн үг. Зүйрлэлгүй шууд хэлбэл GLP-1 нь гэдсэнд үйлдвэрлэгдсэн инсулины ялгаралтыг идэвхжүүлж цатгалан мэдрэмжийг удаан төрүүлдэг даавар юм.
GIP: хоол идэх үед нарийн гэдэснээс ялгардаг даавар. Нойр булчирхайнаас инсулин ялгаруулж цусан дахь сахрын хэмжээг зохицуулснаар бидний идсэн хоолноос глюкозыг шингээхэд тусалдаг.
Инсулин: Нойр булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд цусан дахь глюкозыг эсэд шингээх замаар цусан дахь сахрын хэмжээг зохицуулдаг. Өөрөр хэлбэл цусан дахь глюкозыг энерги болгон ашиглахад тусалдаг даавар.
Үүнийг уншаад та энэхүү тарийг гайхалтай ид шидийн мэтээр харж байгаа байх. Гэхдээ тарилгийн авчирч байгаа үр дүн бүх зүйлээ дагуулаад зөндөө олон эрсдэлийг ч мөн адил д агуулах боломжтой юм. Үнэндээ цаашдаа ямар ямар үр дүн, эрсдэл авчрах талаар бүрэн судлагдаагүй шинэхэн нээлт билээ. Оземфик нь гарч ирээд дөнгөж албан ёсоор есөн жил болж байгаа нь туршилтын хувьд хангалттай судлагдсан гэх боломжгүй байгаа юм.
Оземпик бамбай булчирхайн хавдар үүсгэдэг үү?
Оземпик хорт хавдар үүсгэдэг эсэх нь маргаантай сэдэв хэвээр байна. Судалгаагаар оземпик нь мэрэгч амьтдад бамбай булчирхайн С эсийн хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байгааг тогтоосон. Гэхдээ үүнийг шууд хүн дээр хөрвүүлэн ойлгож болохгүй. Одоогоор хүн дээр хийсэн судалгаагаар оземпик болон хорт хавдрын хооронд тодорхой холбоо тогтоогдоогүй байгаа билээ. Гэсэн хэдий ч Америкийн хүнс, эмийн захиргаа нь оземпикийн жорын мэдээлэл дээрээ бамбай булчирхайн С эсийн хавдрын эрсдэлийн талаар анхааруулж бичсэн байдаг.
Тэгвэл яагаад Oземпикийг яагаад заавал тарьж хэрэглэдэг вэ?
Оземпик нь химийн бүлгийн хувьд пептид учраас ходоод гэдэсний замд хоол боловсруулах ферментийн нөлөөгөөр задралд ордог. Тиймээс амаар уулаа гэж бодоход ходоодны фермент болон хүчиллэг орчин нь бидний хэрэглэх гээд буй молекулыг цусанд шингээхээс нь өмнө задалж, үр нөлөөгүй болгоно. Үүнээс зайлсхийж оземпикийг арьсан доорх тарилга байдлаар хэрэглэдэг. Ингэснээр оземпик дэх гол бодис болох сегмалутид нь цусны урсгал руу шууд нэвтэрч, GLP-1 рецепторуудад амжилттай очиж, үйлчлэх боломжтой болдог ажээ.
Үнэхээр үр дүнтэй байна хэмээгээд хүмүүс ялангуяа алдартнууд ихээр оземпикийг хэрэглэж байна. Тэгвэл энэ тарилга нь хэр хэмжээний үнэтэй, хэр давтамжтай хэрэглэдэг талаар сонирхож байгаа бизээ. Үнэн хэрэгдээ Оземпик нь яав ч хурдан тураах арга биш юм. Хэдийгээр туршилтаар эрчимтэй жин хасдаг болох нь тогтоогдсон ч ямар ч хоолны дэглэмийн өөрчлөлт, дасгал хөдөлгөөнгүй болчихдог юм байна гэж ойлгож болохгүй. Жишээ нь оземпикийн эхний шатны туршилтаар оролцогчид жингээ их хэмжээгээр хассан боловч 68 долоо хоногийн турш анхны биеийн жингийн дунджаар 14.9 хувийг л хассан байна. Нэмж дурдахад, оземпикийг хэрэглэж байгаад зогсохдоо амьдралыгн хэв маягаа өөрчлөхгүй бол улам таргалахад хүргэдэг байж болзошгүй аж “The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар оземпикийг хэрэглэхээ больсон оролцогчид дараа жил нь хассан жингийнхээ гуравны хоёрыг нэмсэн болохыг тогтоожээ.
Хамгийн сонирхолтой Оземпиктой холбоотой асуултуудын нэг бол Оземпик донтуулдаг уу? Донтолттой тэмцдэг үү?
Та бүхэн Оземпик донтолтыг бууруулах боломжтой гэвэл итгэх үү? Сүүлийн үеийн судалгаанууд оземпик нь никотин болон архины хэрэглээг бууруулах боломжтойг харуулаад байна. Судалгаагаар GLP-1 рецептор идэвхжих нь донтолтод гол үүрэг гүйцэтгэдэг никотиноос үүдэлтэй допамины ялгаралтыг бууруулдаг болохыг туршаад байгаа юм. Тухайлбал Шведийн Готенбургийн Их сургуулийн профессор Элизабет Жерлхагийн туршилтаар харханд удаан хугацаагаар архи өгч, дараа нь оземпикээр үйлчлэхэд архины хэрэглээ эрс багассан үзэгдэл ажиглагдав. Мэдээж оземпик нь цатгалан мэдрэмж төрүүлж, идэх дуршлыг багасгадаг учраас архин дахь илчлэгээс болж ийнхүү донтохоос сэргийлдэг байж болзошгүй хэмээн таамаглаж болох л юм.
Ингээд уншихад оземпик гэгч нь нэгийг аваад хэрэглээд үзчихмээр сонирхолтой эд юм шиг санагдаж болох ч энэ нь асар шинэ бүтээгдэхүүн төдийгүй, шинэ судалгааны сэдэв гэдгийг ойлгох хэрэгтэй. Зорилтот хэсэгтээ буюу хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүст аврагч бүс мэт хэрэгцээтэй, үр дүнтэй эм гэдэг нь гарцаагүй. Харин хурдан хугацаанд жингээ хасахаар зэхэх хэсэг хүмүүсийн хувьд хэтэрхий эрсдэлтэй тоглоом байж болох талтай.
Бэлтгэсэн: 1-р түвшний оюутан Ж.Баасан




Comments