Нүдэнд чинь харагдаж байна уу?

Ном юм уу, ямар нэгэн нийтлэл, өгүүллэг эсвэл зүгээр л бидний өдөр тутам ашигладаг Instagram, Facebook, Threads зэрэг олон нийтийн сүлжээн дээрх зүйлсийг уншихад зарим зүйл үнэхээр толгойд тань төсөөлөгдөж, зарим нь бүр нүдэнд харагддаг уу? Энэ бол зүгээр ч нэг үзэгдэл биш. Энэ бол дэлхий дээрх хамгийн ухаантай амьд биет болох хүн төрөлхтөн бидний хийж чаддаг гайхалтай зүйлсийн нэг билээ.
Төсөөллийн цаана нуугдах шинжлэх ухаан
“Улаан алим” гэж уншихад таны бодолд ямар нэгэн улаан бөөрөнхий зүйл тод биш байж болох ч дүрс нь орж ирнэ. Тэгвэл энэ бүх сонирхолтой, ид шидийн мэт зүйлсийн цаана ямар шинжлэх ухаан явагдаж байдаг вэ? Юуны түрүүнд хүний тархи төсөөлж байх үед идэвхэждэг эсүүд нь бодит байдал дээр хүн ямар нэгэн зүйлийг харж байх үед идэвхэждэг эсүүдтэй маш төстэй байдаг гэж Stephen Kosslyn (2001) өөрийн “Neural foundations of imagery” судалгаандаа дурдсан. Үүгээр ч зогсохгүй таны тархинд өөрийн гэсэн “дотоод дэлгэц” байдаг гэдгийг та мэдэх үү? Үүнийг шинжлэх ухаанд Mental imagery хэмээн нэрлэдэг бөгөөд Alan Paivio (1971) “Imagery and Verbal Processes” бүтээлдээ тайлбарласан. Энэ нь таны санах ой, өнгө, хэлбэр, хөдөлгөөний мэдээлэл болон туршлага зэрэг чухал хэсгүүдээс бүрдэж, эдгээр нь нийлэн таны тархинд жижиг киног толилуулдаг хэмээн тэрээр дурдсан байдаг. Цаашлаад та Embodied cognition буюу тархи үгийг дангаар нь биш мэдрэхүйтэйгээ хамт хүлээн авдаг гэж Lawrence Barsalou (1999) “Perceptual symbol systems” өгүүлэлдээ дурдсан.

Зураг 1. Улаан алим
Өөрийн биеээр...
Одоо би танд нэг дүрслэл хэлье. Анхаарлаа төвлөрүүлж, удаанаар уншаарай.
Яг одоо оройн долоон цаг болж байна. Хэдий хавар болох дөхсөн ч гэлээ гэгээ эрт тасардаг хэвээр. Та гэрийн зүг явах гэж дүүрэн хүнтэй, гишгэх газаргүй автобусанд орж, арай гэж өөрийн байх өчүүхэн орон зайгаа олоод автобусны шар бариулаас зүүн гараараа барин, баруун гараараа дулаан халааснаасаа гар утсаа гарган ирж өнөөдрийн хов живийг интернэтээс ухаж гарна.
Та сая өөрийн суудаг автуусны орон зайг бодсон уу?
Та сая өөрийн явдаг замаа харсан уу?
Та сая өөрийн утсаа төсөөлсөн үү?
Энэ бол миний дээр дурдсан, хүн өөрийн үзсэн, харсан, мэдэрсэн, туршлагаасаа хамаарч бүхнийг төсөөлдөг “Mental imagery” юм. Та хэзээ ч харж байгаагүй газраа төсөөлж чадахгүй. Үргэлж явдаг зам, хаа нэгтээ хэзээ ч юм бэ нэг киноноос үзсэн газар, зүүдэнд тань үзэгдсэн орчин гээд, бүгд л таны дурсамж, мэдрэмжтэй холбоотойгоор төсөөлөгддөг.
Мэдээж энэ бүхнийг та бусдаас хавьгүй илүү эсвэл хамаагүй бага төсөөлөх ч боломжууд бий. Хүн бүрийн төсөөлөх чадвар адилгүй байдаг. Зарим хүн маш тодоор төсөөлдөг бол зарим хүмүүс төсөөлөх чадваргүй, Aphantasia буюу огт дүрслэлгүй хүмүүс ч бий гэж Adam Zeman (2015) “Lives without imagery – Congenital aphantasia” судалгаандаа дурдсан бөгөөд Cortex сэтгүүлд 2015 онд нийтэлсэн. Гэхдээ энэ нь оюун ухааны чадвар муу гэсэн үг биш, Joel Pearson 2020 онд “The human imagination: the cognitive neuroscience of visual mental imagery” судалгаандаа дэлгэрэнгүй тайлбарласан. Зүгээр л тэдний тархины мэдээлэл боловсруулах арга нь ихэнх хүмүүсийнхээс өөр байдлаар явагддаг гэсэн үг.

Зураг 2. Ой санамж, технологи, хүний танин мэдэхүйн холбооны судалгаа (Arts and humanities research council)
Ашиг тус
Уншиж байх үедээ төсөөлөх нь хүний тархины олон бүсийг зэрэг ажиллуулдаг. Жишээлбэл: хэлний төв, харааны бүс буюу дүр зураг боловсруулах хэсэг, санах ой, сэтгэл хөдлөлийн төв, анхаарал төвлөрөл болоод логикийн бүс зэрэг нь нэгэн зэрэг идэвхжиж тархины нейрон холбоосыг бэхжүүлдэг. Ингэснээр тархи илүү уян хатан бөгөөд хурдан болдог. Төсөөлөлтэй уншсан зүйлсийг дараа нь санахад илүү амар байдаг.
Цаашдаа ямар нэгэн зүйлийг уншихдаа илүү бүтээлч бөгөөд төсөөлөл ихтэй, нүдэнд тань бодит мэт харагддаг байгаасай хэмээн хүсэж байна.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Б.Бадамцэцэг




Нээрээ л юм уншихаар төсөөлөгддөг шүү. Энэ нийтлэлийг уншаад л номны тухай байхаар нь за даа бараг Бадмаа бичсэн дээ гээд хартал нээрээ л Бадмаа байна. Ах нь зүрх дарсан шүү ном, сэтгүүл, нийтлэл, дадлагаа хослуулаад алаад өг. 1-р курсдээ л ийм байгаа юм чинь 4төө чи лаах байх аа.