Нийгмийн дуу хоолой болсон үнэнийг эрэлхийлэгч сэтгүүлчид

Сэтгүүлч мэргэжил гэдэг бол олон нийтийн дуу хоолой болж, зөв мэдээлэл түгээж, нийгмийн асуудлыг ил гаргаж, үнэнийг хэлэхийн төлөө оршин байдаг онцгой үүрэгтэй салбар юм. Гэвч энэ мэргэжлийг сонгосон хүмүүс өөрсдийнхөө төлөө бус, бусдын өмнөөс “гомдож” амьдардаг гэхэд хилсдэхгүй. Тэд нийгмийн эмзэг асуудлыг ил болгож, иргэдийн эрх ашгийг хамгаалан дуугардаг атлаа өөрсдийн хөдөлмөрийн нөхцөл, эрх ашиг нь орхигдсон хэвээр байна. Харин тэдний өөрсдийнх нь амьдралын нөхцөл байдлыг хэн шинжилдэг вэ? Хэн тэдний өмнөөс дуугардаг вэ?
“Багш нарын цалинг нэмэх хэрэгтэй” гэх асуудал олон жилийн турш тасралтгүй хөндөгдөж, хэвлэл мэдээллээр өргөн хүрээнд яригдсан. Энэ нь багш нарын хөдөлмөрийн ачаалал, нийгмийн ач холбогдолтой харьцуулахад цалин хөлс хангалтгүй байсантай холбоотой юм. Үүний үр дүнд 2026 оны нэгдүгээр сараас багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлж, 20-иос дээш жил ажилласан багшийн цалин 4.7 сая төгрөгт хүрч, шинэ багш нар гүйцэтгэлээс хамааран 4.1 сая төгрөг хүртэл авах боломж бүрдсэн нь бодит ахиц юм.
Гэвч энд нэг зөрчил гарч ирж байна. Энэ асуудлыг олон нийтэд хүргэж, олон жилийн турш тууштай хөндөж ирсэн сэтгүүлчид өөрсдөө ямар нөхцөлд ажиллаж байна вэ? Сэтгүүлчийн цалин хэд байна вэ?
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн 2023 оны судалгаагаар сэтгүүлчдийн дундаж цалин 1.2–1.8 сая төгрөгийн хооронд байна. Энэ нь багш нарын шинэчилсэн цалинтай харьцуулахад 2–3 дахин бага үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн бусад салбарын эрх ашгийг олон жил хамгаалан дуугарч ирсэн хүмүүс өнөөдөр тэдний ололтоос хамаагүй доогуур орлогоор амьдарч байна. Энэ нь зөвхөн цалин бага байхаас гадна мэргэжлийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой асуудал юм. Мөн сэтгүүлчдийн орлого тогтворгүй, байгууллага, контентийн төрөл, гэрээний нөхцлөөс ихээхэн хамаардаг. Чөлөөт сэтгүүлчдийн хувьд нийтлэл бүрээр орлого олох нь элбэг бөгөөд энэ нь нийгмийн чухал асуудлыг урт хугацаанд судлах, баримтжуулах боломжийг хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, “үнэн” биш “хурдан, хямд контент” үйлдвэрлэх дарамт үүсдэг гэсэн үг.
Үүнээс гадна сэтгүүлчид эрсдэлтэй орчинд ажилладаг. Авлига, албан тушаалын зөрчил, нийгмийн эмзэг асуудлыг хөндсөн тохиолдолд дарамт шахалт, заналхийлэлд өртөх нь цөөнгүй. "Глоб Интернэшнл төв”-ийн судалгаагаар Монголд сэтгүүлчид мэдээлэл бэлтгэх явцдаа дарамт шахалт, мэдээлэл авах эрхийн зөрчилтэй байнга тулгардаг бөгөөд зарим тохиолдолд нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд дуудагдах, хууль эрх зүйн дарамтад орох явдал гардаг. Мөн Монголын “Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”-ээс гаргасан мэдээллээр сэтгүүлчдийн эсрэг гомдол, маргаан, дарамтын тохиолдол жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа нь энэ мэргэжлийн аюулгүй байдал, эрх зүйн орчны сул талыг илтгэж байна.
"Нохой" хоч нэрний дүр зураг:
Нийгэм сэтгүүлчдийг тэр бүр ойлгож, үнэлдэггүй. Харин ч “нохой” гэх мэт хоч нэрээр дуудан доромжлох, үл итгэх хандлага түгээмэл. Нийтлэлч Б.Цэнддоо энэ тухай:“Нохой цаг гэдэг нь үнэнийг хэлсэн хүнийг нохой мэт ад үздэг цаг үеийг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Мөн тэрээр “нийгмийг манаж, аюулаас сэрэмжлүүлдэг нохой шиг үүрэг гүйцэтгэж буй сэтгүүлчийг дорд үздэг нь өөрөө эмгэнэл” гэж бичсэн нь өнөөгийн бодит байдлыг оновчтой илэрхийлжээ. Энэ зүйрлэл гүнзгий утга агуулдаг. Монголын сэтгүүлчид нийгмээс үл тоомсорлогдохоос гадна "нохой" гэх хоч нэрээр шоолуулсаар байна. Энэ нэр томьёо нь зүгээр нэг дооглол биш дарлалын хэрэгсэл юм.

Эндээс харахад сэтгүүлч бол зүгээр нэг мэдээлэл дамжуулагч биш юм. Тэр бол судлаач, шүүмжлэгч, нийгмийн хяналтын механизм бөгөөд олон нийтийн өмнөөс эрсдэл үүрч, үнэнийг эрэлхийлэгч хүн юм. Гэвч энэ үүргийг гүйцэтгэж буй хүмүүсийн хөдөлмөр үнэлэгдэхгүй, нийгмийн хамгаалал сул хэвээр байвал чанартай сэтгүүл зүй оршин тогтноход бэрх болно. Иймд сэтгүүлчдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн баталгааг сайжруулах, хараат бус байдлыг хамгаалах бодлого зайлшгүй шаардлагатай байна. Эс бөгөөс нийгмийн дуу хоолой сулрах, худал мэдээлэл давамгайлах, иргэдийн мэдэх эрх зөрчигдөх эрсдэл улам бүр нэмэгдэх юм.
Эх сурвалж:
Б.Цэнддоо. Ерөнхий уучлал. УБ, 2008
Монгол Улсын Боловсролын яам, 2026
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл. Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал. 2023
"Глоб Интернэшнл төв”
Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Б.Алтанзул




Comments