Нүүр будалтын түүх ба сэтгэлзүйн нөлөө
Updated: Sep 3

Бид яагаад нүүрээ буддаг вэ? Энэхүү нийтлэлд бид нүүр будалтын үүсэл хөгжил, соёлын онцлог, мөн хүний сэтгэл зүйд үзүүлэх нөлөөг авч үзэх болно.

Эртний Египетийн үед нүүр будалт нь зөвхөн гоо сайхны хэрэгсэл байгаагүй бөгөөд шашин, эрүүл мэнд, хамгаалалтын олон үүрэгтэй байжээ. 2022 онд археологич Марабел Рисмайер болон түүний хамтрагчидын хийсэн судалгаагаар “kohl” нэртэй нүдний будгийг МЭӨ 3000–5000 оны үеэс хэрэглэж байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль аль нь өргөн хэрэглэдэг байсан нь тогтоогдсон. Зарим химийн найрлага нь нүдний халдвараас хамгаалах нөлөөтэй байсан нь орчин үеийн судалгаагаар батлагдсан. Мөн Encyclopaedia Britannica-д бичсэнээр Хорус бурхны нүдийг бэлгэдэж, муу сүнснээс хамгаална гэж үздэг байсан.
Make-Up: A Glamorous History нь 2021 онд BBC Two-оор гарсан 3 ангит баримтат цуврал бөгөөд хөтлөгч нь гоо сайхны түүх судлаач, нүүр будалтын артист Лиза Элдридж юм. Европын гоо сайхны түүхийг 3 том үеэр тайлбарладаг. “нүүр будалт, гоо сайхан нь зөвхөн гоё харагдах зүйл биш, харин нийгэм, ёс суртахуун, анги давхарга, соёлын өөрчлөлтийг илэрхийлдэг” гэдгийг харуулдаг.
- Нэгдүгээр ангид Georgian буюу 18-р зууны үеийн гоо сайхны соёлын талаар өгүүлдэг. Энэ үед цагаан арьс, тод хацар зэрэг нь язгууртан, чинээлэг байдлын илэрхийлэл болж байв. Нүүр будалт нь зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүдийн дунд ч хэрэглэгддэг байсан бөгөөд энэ нь тухайн үеийн нийгмийн байр суурийг илэрхийлэх нэг хэлбэр байжээ. Гэвч хэт их будалт нь хиймэл харагдаж, аажмаар шүүмжлэл дагуулж эхэлсэн байна.
- Хоёрдугаар ангид 19-р зууны Victorian үеийг харуулдаг. Энэ үед нүүр будалт нь “хиймэл” болон “ёс суртахуунгүй” гэж үзэгдэх болсон бөгөөд эмэгтэй хүн байгалиараа сайхан байх ёстой гэсэн үзэл давамгайлжээ. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр язгууртны эмэгтэйчүүд болон дээд давхаргын хүмүүс арьс цайруулах нунтаг, үнэртэн, гоо сайхны тос зэргийг нууцаар хэрэглэсээр байсан нь нэвтрүүлэгт онцлог байдлаар харуулдаг.
- Гуравдугаар ангид 1920-иод оны “Flapper” үеийг авч үздэг. Энэ үед эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурь өөрчлөгдөж, илүү эрх чөлөөтэй болж эхэлсэнтэй холбоотойгоор гоо сайхны стандарт ч өөрчлөгдсөн. Тод уруул, хар нүдний будалт, богино үс зэрэг нь эмэгтэйчүүдийн өөрийгөө илэрхийлэх шинэ хэлбэр болж, орчин үеийн гоо сайхны соёлын эхлэл тавигджээ.
Нүүр будалт өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг үү?
Орчин үеийн сэтгэл судлалын судалгаанууд нүүр будалт нь зөвхөн гоо сайхны зорилготой зүйл биш, харин хүний сэтгэл зүй, өөрийгөө үнэлэх үнэлэмж болон нийгмийн харилцаанд хүртэл нөлөөлдөг болохыг харуулж байна. Энэ чиглэлд хийсэн нэг чухал судалгаа бол “Сэтгэл санааг сайжруулах уу? Нүүрээ будах үед өөрийгөө үнэлэх үнэлэмжид үзүүлэх нөлөө” бөгөөд 2020 онд Алисон Тран, Роберт Росалес болон Линн Коупс судлаачид хийсэн байдаг. Судалгааны гол зорилго нь нүүр будалт хийх нь эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл болон тухайн үеийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгааг туршилтын аргаар тодорхойлосон.Судалгаанд эмэгтэй оролцогчдыг хамруулж, тэднийг хоёр үндсэн үе шатанд харьцуулсан.
-Эхний шатанд оролцогчдын суурь түвшний өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, мөн тухайн үеийн сэтгэл санааны байдал, жишээлбэл аз жаргалтай эсвэл стресстэй байгаа эсэхийг стандарт асуумж, хэмжүүрийн аргаар үнэлсэн. Энэ нь оролцогчдын анхны сэтгэл зүйн төлөв байдлыг тодорхойлох үндэс болсон.
-Дараагийн шатанд оролцогчид нүүр будалт хийсний дараа дахин ижил төрлийн үнэлгээнд хамрагдсан бөгөөд ингэснээр будалт хийхээс өмнөх болон дараах сэтгэл зүйн өөрчлөлтийг шууд харьцуулан дүгнэх боломжтой болсон. Судлаачид мөн оролцогчдын өөрийгөө хэрхэн мэдэрч буй тухай субъектив тайлбар, өөрийн мэдрэмжийн өөрчлөлтийг анхааралтай цуглуулсан байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд нүүр будалт хийснээр хүмүүсийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өөрийгөө илүү эерэгээр үнэлэх хандлага бий болж, сэтгэл санаа сайжирдаг байна. Энэ нь нүүр будалт нь зөвхөн “харагдах байдал”-ыг өөрчлөх бус, тухайн хүний “өөрийгөө мэдрэх мэдрэмж”-ийг ч давхар өөрчилдөг болохыг нотолж байна. Мөн зарим хүмүүсийн хувьд энэ нь нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцох, өөрийгөө илэрхийлэхэд тусалдаг чухал хэрэгсэл болж чаддаг.
Гэсэн хэдий ч энэхүү нөлөө нь ихэвчлэн түр зуурын шинжтэй бөгөөд хүний урт хугацааны өөрийгөө үнэлэх үнэлэмж нь зөвхөн гадаад төрхөөс хамаарахгүй гэдгийг ойлгох нь чухал юм. Нүүр будалт нь өөртөө итгэх итгэлийг дэмжих нэг хэрэгсэл байж болох ч хүний жинхэнэ үнэ цэн, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь дотоод хүчин зүйлс, хувь хүний хөгжил, туршлагаас илүү их хамаардаг. Иймээс нүүр будалтыг зөвхөн гоо сайхны хэрэглээ гэж хязгаарлахгүйгээр, харин хувь хүний өөрийгөө илэрхийлэх, сэтгэл зүйн дэмжлэг авах нэг хэлбэр гэж ойлгож болно. Хамгийн чухал нь хүн нүүр будалтыг өөртөө итгэх итгэлийг “орлох” зүйл биш, харин “дэмжих” хэрэгсэл болгон зөв хандлагаар ашиглах явдал юм.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан З.Энхрий




Comments