top of page

О.Бадмаараг: Хааяа бас залхуурна, шантарна. Тэр үедээ би өөрийгөө “чи юу хийгээд байгаа юм бэ, ингэж суухын оронд хичээлээ хий, нэг ч гэсэн юм олж мэд” гэж их зоригжуулдаг.

ree

Бид энэ удаа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Олон улсын харилцааны ангийн 4-р түвшний оюутан О.Бадмаарагтай ярилцлаа.


Яагаад Олон улсын харилцаа хөтөлбөрийг сонгож суралцсан бэ?

-12-р ангид байхдаа хичээл сонголт, их сургуулийн тухай боддоггүй байсан. Найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх нь л надад чухал санагдаж байлаа. ЭЕШ дөхөөд багш нар, гэр бүлээс “ямар мэргэжилтэй болох юм бэ” гэж маш их асуудаг болох үед нь надад сонирхсон мэргэжил огт байгаагүй. Тухайн үедээ нийгмийн ухааны багштайгаа ярилцаад англи хэлдээ дуртай байгаагаа хэлж байсан. Нийгэмдээ ч би гайгүй л сурдаг байлаа. Тэгэхэд багш маань олон улсын харилцаа, дипломатч гэдэг мэргэжлийг сонгоод үзээ гэсэн учраас судалж эхэлсэн юм. Тэгээд таалагдаад, оролдоод үзье гээд орж ирсэн.

ree

4 дэх жилдээ сурч байгаа шүү дээ. Өнөөдрийг хүртэл мэргэжлийн чинь хувьд яг юу нь сонирхолтой байв?

-Оюутан болоод эхний хоёр жил мэргэжлээрээ сурахад их дажгүй санагдсан. Учраа олохгүй байсан ч сонгосон хичээлээ сураад л, хийгээд л яваад байсан. Тэр үед надад өндөр дүн авах нь илүү нэр хүндтэй юм шиг санагддаг байсан болохоор би дүнгийн төлөө их хичээдэг байлаа. 3, 4-р түвшиндөө орохоор илүү академик болоод явчихаж байгаа учраас мэргэжилдээ илүү санаа тавьж эхлэж байгаа юм. Олон улсын харилцаа гэхээр хэлтэй байж л олон тал руу хөрвөх боломжтой. Англи хэлтэй гээд яриад байгаа ч тэр нь өөрөө байх ёстой л хэл. Түүнээс гадна өөр хэлтэй байж байж мэргэжилдээ илүү мэргэшинэ. Тийм болохоор би одоо франц хэл сураад явж байгаа. Олон улсын харилцааны хамгийн сонирхолтой нь улс бүрийн онцлог. Надад тэр нь яг л олон тоглогчидтой тоглоом шиг, өөр өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалахын тулд бодлогоо хэрэгжүүлж, өрсөлддөг юм шиг санагддаг. Хоорондоо мөргөлдөх, энх тайван байх, яриа хэлэлцээр хийх гэх мэт олон зүйлүүд нь их сонирхолтой.


Сурч байх үеийн чинь хамгийн том сорилт юу байв?

-"Model United Nations" гээд жил бүр ХИС, МУИС-иас зохион байгуулдаг Олон улсын харилцааны оюутнуудын дунд болдог мэргэжлийн тэмцээн байдаг. 2023 онд анх багаар оролцож байсан. Тодорхой нэг сэдвийн хүрээнд нэг улсыг төлөөлөөд, тухайн улсаа энэ сэдэв дээр ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг судалдаг. Гол нь судалж байгаа сэдвийнхээ хүрээнд шийдэл гаргаж өгдөг юм. Оролцоно гэдэг нь их чухал уралдаан. Хүмүүстэй их ярилцах хэрэгтэй байдаг. Бид тухайн үедээ нилээн эрчийг авч байсан “Израйл, Палестины мөргөлдөөн” гэсэн сэдвээр оролцож манайх Иран улс болж байсан. Анх удаа ийм мэргэжлийн тэмцээнд оролцож багаар ажилласан болохоор их сандарсан. Гэхдээ багаараа ажиллахын давуу тал нь олуулаа байгаа учраас санаагаа уралдуулаад шийдэл олно гэдэг нь гоё сонирхолтой. Тэр бол миний хувьд том сорилт байлаа.

ree

Сайн сурахад юу нөлөөлдөг вэ? Авьяас чухал уу, хичээл зүтгэл чухал уу?

-Би бол хичээл зүтгэл хэрэгтэй гэж боддог. Надад нэг тийм цагаахан хор шар байдаг юм (инээв). Би нэгэнт л энэ мэргэжлийг сонгоод олон хүүхдүүд дунд сурч байгаа шүү дээ. Тэр дундаас шалгарч үлдэнэ гэдэг нь их чухал. Дүн өндөр байх хэрэгтэй бас хичээлээс гадуурх үйл ажиллагааг ч орхиж болохгүй. Өөрийгөө бүрэн дайчлаад тухайн мэргэжлийг судалж байгаа бусдаасаа дутахааргүй олон талын чадвараа хөгжүүлэх нь надад хэрэгтэй гэж боддог. Гэхдээ хааяа бас залхуурна, шантарна. Тэр үедээ би өөрийгөө “чи юу хийгээд байгаа юм бэ, ингэж суухын оронд хичээлээ хий, нэг ч гэсэн юм олж мэд” гэж их зоригжуулдаг.


Чиний хувьд хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэж юу вэ? Чөлөөт цагаа хэрхэн ашиглаж

байна вэ?

-Би одоо ажил хийдэг. Хичээлийнхээ хажуугаар ажиллах нь бага зэрэг хэцүү. Гэхдээ нэг хийгээд үзчихвэл дасчихдаг. Бас AIESEC гээд залуучуудын олон улсын манлайллын төвд OGX-ийн багийн ахлагч хийдэг байсан. Тэнд орж олон хүмүүстэй харилцсан нь өөрийгөө олж мэдэх том боломж болсон. Ер нь хичээлээс гадуурх үйл ажиллагаанд яваад, өөрийгөө сориод, олон хүмүүстэй танилцаад ирэхээр өөрийгөө нээх, юунд дуртайгаа мэддэг юм байна билээ.


Их сургуулийнхаа хамгийн дурсамжтай үйл явдлыг санавал?

-Үйл явдал гэхээс илүү багш нартаа магтуулах хамгийн гоё байдаг. Бас хичээлээ орой хүртэл хийж оройтох нь гоё. 4 давхрын цагаан сандал олдох ер нь хэцүү шүү дээ. Орой 6 цаг өнгөрөөд оюутан багасахаар нь суудал олоод авчихдаг юм. Тэгээд тэндээ тухлаад авна. Тэгж байтал харуул ах нар ирээд “за одоо явна шүү” л гэдэг дээ (инээв). Ингэж орой хүртэл сургууль дээрээ хичээлээ хийх дуртай даа.

ree

Ирээдүйн зорилго, төлөвлөгөө нь юу байна вэ?

-Ямартай ч одоогоор магистраа Швейцарын Geneva их сургуульд гадаад харилцаа чиглэлээр

үргэлжлүүлэн сурах бодолтой байгаа болохоор ielts-даа бэлдээд явж байна. Холын зорилго гэвэл Швейцарт НҮБ-ын байр байдаг учраас тэнд НҮБ-тай ойрхон сурч төгсөөд, ажиллах зорилготой байна. Зарим багш нар маань “НҮБ-д орохын тулд 40-с дээш настай байх ёстой гэсэн шаардлага байдаг” гэж хэлж байсан. Гэхдээ би зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн арга зам олно оо.


Оюутан болох гэж байгаа дүү нартаа өөрийн туршлагаас юу гэж зөвлөх вэ?

-Төгсөнө гэхээр пал гээд л явчихдаг. Удахгүй амьдрал дээр гарлаа. Тэгээд одоо бодохоор 1,2-р түвшиндөө олон найз нөхөдтэй болоорой гэж хэлмээр санагддаг. Одоогийн найзуудтайгаа би нилээн сүүлд учирсан. Би угаасаа хичээл номондоо байнга анхаараад хүрээллээ тэлэх тухай боддоггүй байсан юм. Найзууд бол үнэхээр чухал. Магадгүй ичимхий хүүхдүүд байгаа. Гэхдээ өөрийгөө сориод тэр хичээлээс гадуурх үйл ажиллагаа, тэмцээн уралдаанд ороод үзээсэй гэж хэлье. Тэгж байж олон танил, найз нөхөдтэй болдог. Өөрийгөө ч олж мэддэг. Бас нэг зөвлөгөө гэвэл манай Тод багш 3-р курст байхад “Олон улсын харилцаа гээд л байдаг. Та нар яг юу болох гээд байна? Дипломат уу? гадаад харилцаа юу? эсвэл өөр нэг компанид ажиллах юм уу? гэж асууж байсан. Тэгэхээр яг чиглэлээ олчихсон байх хэрэгтэй юм байна лээ. Надад тэр асуулт хэсэгтээ юм бодогдуулж байсан.


Сүүлийн асуулт. Одоо бараг л төгслөө шүү дээ. Юу бодогдож байна? Өөртөө юу хэлэхийг хүсэж байна?

-Заавал амжилтанд хүрнэ л гэж бодож байна. Би сургуульдаа сурсныхаа хэргийг заавал гаргана. Надад шагнал авахад ганц л оноо дутсан үе зөндөө байсан. Билгүүн гээд багшийн маань хэлснээр хувь тавилан гэж байдаг. Яг түүнийхээ дагуу л явж байгаадаа гэдэг бодлоор юманд ханддаг болсон. Тэр нь амар байдаг даа. Өөртөө бол хүссэн оноогоо аваарай, сургуульдаа тэнцээрэй л гэж хэлмээр байна.


Ярилцсан: Д.Дэрэм

Гэрэл зургийг: Б.Хүслэн

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page