top of page

ЗЭРЭГ ЗОРИЛГО

“Миний хүү сэрээрэй. Нойрыг сэрж дийлдэг юм’’ гэж өглөө болгон ээж минь хэлдэг ч би нойрныхоо боол нь мэт дарлуулан унтаж, хичээлээ үе үе тасалчихдаг байлаа. Нэгэн өдөр мөн л ялгаагүй “дээрэлхүүлэн” хичээлээ тасалж, өглөөг зорилгогүй угтлаа. Өглөө ч гэждээ. Үд өнгөрч 12 цаг болчихсон, сайндаа ч биш гэрт айлчин ирж аргагүйд толгой өндийв.


Энэ арчаагүй байдлаа мэдэж, таслан зогсоохыг хүсдэг ч зүгээр бодол төдийхөн л болж дуусдаг байлаа. Би ч их их зантайг хэлэх үү дотроо “унтуулж амраахгүй хэцүү юм” гэж бодсоор зочдод цай аягалж өгчихөөд хурдхан гарахын түүс. Ямар ч байсан бэлтгэлээ хийе гээд оймс, цамцаа цүнх рүүгээ чулуудахтай зэрэгцэж хоёр өдрийн өмнө намайг зэмлэснээс хойш дугараагүй байсан аав минь ам нээв. “Чи ингэж байхаар цэрэгт яв” гэх үгийг шулуудсан харцтай над уруу шидлээ.


Би ч замдаа нилээд бодолд автаж явсаар нэг л мэдэхэд бэлтгэлийнхээ зааланд ирсэн байв. Сэтгэл санаа тиймхэн байсан тул гар хөл ч олигтой хөдөлж өгөхгүй. Хэсэг хугацаанд тайвшрахыг хичээж, өнгөрсөн амьдралаа бодлоо.


Би аав ээжийнхээ төлбөрийг нь төлөөд оруулж өгсөн сургуулиудаас нь

гарчихсан. Бүр дахиж сурахгүй гэж тэднийгээ зовоодог байв. Ингэж тэгж явсаар би өөрийн сонирхолтой зүйлээ олчихлоо, одоо энэ мэргэжлээрээ л сурна гэчихээд хичээлээ таслаад л, залуу насандаа хөгжиж дэвших ёстой байтал зугаацаж цэнгэх л бодолтой байлаа. Байнга шөнө оройгоор гэртээ орно. Заримдаа бүр үнэртүүлчихсэн.


Энэ бүхэн нэг л биш ээ, би одоо л шийдэмгий зүйл хийх хэрэгтэй

гэж бодон шууд л гэр рүүгээ харив. Би одоо яах вэ? Яг яавал дээр вэ?

Миний эхний хийж эхэлсэн жижиг зүйлс бол эрт унтаж, эрт босох байлаа.

Найзуудтайгаа уулзах цагаа багасгаж, өөрт хэрэгтэй зүйлсэд зарцуулж эхлэв. Иймэрхүү маягаар долоо хоног явахад л өөрчлөлт гарч, аав ээж минь баярлаж, би өөрөө ч завгүй байхын жаргалыг мэдэрч эхэлж байлаа. Гэхдээ энэ нь дөнгөж эхлэл байсан.


Оюутан цэрэг

Миний амьдралын хэв маягийг өөрчилсөн алхам бол “Оюутан цэрэг

хөтөлбөр”-т бүртгүүлэх байсан юм. Анкетаа өгөх үед оочирлож байхдаа ч

хүлээцтэй, тэвчээртэй хандсан нь ялагч юм байна гэдгийг хүртэл ойлгосон. Эхний өдөр нь шинжилгээ, бичиг баримт гээд баахан л гүйсэн. Бие бялдрын шалгалт авсан дөрөв дэх өдөр нь хамгийн дурсамжтай байж билээ.


Цэргээс халагдах өдөр

Биеийн тамирын шалгалт өгөх тул нимгэн хувцсаа өмсчихсөн. Гэтэл тэнгэр бүрхэг болоод л эхлэв. Хаврын тэнгэрийн аашийг ямар мэдэж болох биш. Гэнэт л цасаар шуурав. Бид гадаа цасан шуурган дунд шалгалтаа өгсөн юм. Би тэр өдөр амьдралдаа даарч үзээгүйгээрээ даарч, өлсөж үзээгүйгээрээ өлсөж, үнэхээр ядарсан. Биднийг хашаанаас гаргахгүй цэргүүд манаж, ариун цэврийн өрөө орохдоо хүртэл зөвшөөрөл авах ёстой байлаа. Даарч ядарсан биетэй суниаж гүйх үнэхээр амаргүй. 


Надад больдог юм уу гэсэн бодлууд зөндөө орж ирсэн ч зорилгоо бодон тэсэж байлаа. Би өөрийн нүдээр хараагүй ч гэсэн нэлээн хэдэн хүүхэд шантарч, бууж өгч тэндээс явсан гэж боддог. Миний санаж байгаагаар өглөө 8 цагаас оройн 18 цаг хүртэл цасан шуурганд гүйж харайсан. Гэхдээ хамгийн хөөрхөн нь ч гэх үү, хөгжилтэй нь ч гэх үү нэг зүйл нь бид дулаацахын тулд газарт загасны шпрот шиг нэг нэгэнтэйгээ зөрж, давхралдан хэвтэж билээ.


Үнэхээр хэцүү байсан ч одоо бодоход дурсамжтай санагдаж, бас өөрсдөөрөө бахархдаг. Бид даваад гарсан. Орой нь хөл дээрээ тогтож чадахгүй юм гэртээ ирэхэд ээж минь сайхан хоол хийчихсэн, дулаахан хөнжлөөр намайг бөөцийлөөд хэвтүүлж билээ. Тэр үед л ээжтэй байх ямар сайхныг, эх хүний хайр ямар өгөөмөр болохыг тултал мэдэрсэн дээ. Ингэж л би цэрэгт тэнцэж онолын хичээлдээ хамрагдаж эхэлсэн юм.


Төв аймаг. Алтанбулаг сум. 119-р анги

Халуун байна. Ядарсан. Бас хөл холгосон. Яах гэж ирэв? Хэзээ гэртээ харих вэ гэсэн бодлууд. Энд ирээд эхний хоногтоо л миний нөгөө эр зориг, хүсэл тэмүүлэл, бодсон зүйлс унтарчихсан. Алга болсон. Хаачсан юм бүү мэд. Магадгүй энэ олон уулсыг даваад гэртээ харьчихсан байх. Гэвч махбод нь муухай торон хашаанаас хаа холдох вэ дээ. Миний зовоод үхчих гээд байсан шалгалт, онолын хичээл, өлсөж цангаж ядарсан өдрүүд бүгд инээдэм байж. Хэцүү, ядаргаатай байвал ээж аавдаа хэлээд л, эрхлээд хэвтэхэд бүгд болчихдог байсан бол одоо асуудалтайгаа

өөрөө нүүр тулж, хар толгойгоо мэдэж эхлэх нь тэр.


Тэнд очоод хамгийн эхэнд сурсан зүйл нь цэрэг гэдэг үг зэрэг гэсэн үгнээс

гаралтай, бүгд адилхан хувцас өмсөж, адилхан хоол идэж, чиний алдааг бусад чинь үүрч, тэдний алдааг чи хүлээнэ гэдгийг ойлгосон. Энд чиний юу хийдэг, ямар нэр хүндтэй, баян ядуу огт хамаагүй. Бүгд эрх тэгш, эх орны хүүхдүүд. Гэхдээ хүлээ дээ. Яахаараа эд нарын тэнэг үйлдлийн төлөө би хариуцлага хүлээнэ гэж. Би л болж байвал надаа хамаагүй шүү дээ гэж ихэд бухимддаг байлаа. Гэвч нэг өдөр би алдсан юм.


Тоглоом дараа нь шоглоом болж тэсэлгүй салааныхаа онжавыг цохьчихсон. Яг даргын нүдэн дээр. Энэ бол байж боломгүй зүйл. Дарга бид хоёрыг л шийтгэх ёстой байтал салаагаар нь гүйлгэж, мөлхүүлж тэднийг зовоосон. Бид зураг авалтад орох гээд гутлаа тосолж, хувцсаа татаад л жимбийсэн цэргүүд байж байсан. Гэвч надаас болоод шавар шавхай болчихсон.

Би яах гэж тэгэв гэж өөрийгөө зэмлэхэд оройтчихсон. Би нөхөд рүүгээ харахыг ч хүсэхгүй байлаа.


Гэтэл яасан гээч. Тэд намайг буруутгах байтал харин ч эсрэгээрээ зүгээр үү, энэ муу их муухай ааштай юм аа гээд л надад санаа тавьж байлаа. Энэ их их сонин мэдрэмж байсан шүү. Ингээд л би хичээж гарлаа даа, найзуудынхаа итгэлийг алдахгүйн тулд. Ер нь хамт зовоод ядраад ирэхээр нэгнийгээ хайрладаг, ойлгодог болдог юм байна билээ. Балга усаа ч хувааж ууна.


“Цэргийн нөхөрлөл хамгийн сайхан нь” гэж ах маань хэлж байсан сан. Арга ч үгүй биз дээ. Бэрхшээлийг хамтдаа туулсан хүмүүс цаашдаа найзлахгүй гээд яахав.


Эргээд харахад анх очоод яана даа, хурдан гэртээ очмоор байна гээд зогсож байснаа бодоход даваад гарчихсан, олон сайхан дурсамжийг бүтээчихжээ. Энэ бүх зүйлээс би хүн бүхний мэддэг ч чухалчилж үздэггүй зүйлсийг сайн ойлгосон. Эцэг эх чинь цаг үргэлж чамайг хайрладгийг, гэр бүл ямар чухал болохыг мэдэрсэн. Тэднээсээ хол байх үедээ л ойлгож, харамсдаг юм байна билээ. Би эрт босож, ороо хурааж, гутлаа тосолж сурсан.


Шантармаар хэцүү үе байсан ч жаахан л тэвчих юм бол зорилгодоо хүрэх боломжтойг, өөрийгөө ихэд бодож байснаа гээд олон хэрэгтэй зүйлсийг мэдэж өөртөө шингээн авсан. Би одоо зорилготой, хийж бүтээх хүсэлтэй. Цэрэг намайг ийм хүн болгож бүтээсэн юм.


                                         ХИС-ийн Сэтгүүлчийн 2-р ангийн оюутан Т.Чингүн

Comments


bottom of page