top of page

ДӨРВӨН ЖИЛИЙН БАРЬЦААТАЙ ЭРҮҮЛ МЭНД




Өнгөрөгч жилийн байдлаар улс даяар хорт хавдраар шинээр өвчлөгчид 10000 хүн тутмын 20.6 хувь буюу нэг цогцолбор сургууль хүүхдийн тоотой эн тэнцэхүйц бүртгэгджээ. Жилээс жилд өвчлөгчдийн тоо нэмэгдэж буй тэр дундаа ходоодны хорт хавдар залуужиж байгааг хаа хаанаа мэднэ биз ээ. Тэгвэл дунд сургуульд тааруухан хоол идэж, сургуулийн ойр орчмын дэлгүүрээс 250 төгрөгний ууттай чавга, ширхэгийн чихэрнүүд, чипс гээд хямд бөгөөд амттайг нь авч иддэг байв. Их сургуульд орсон ч байдал төдийлөн сайжирсангүй. Өдөр бүр байг гэхэд гурав хоногтоо нэг удаа идчихээд байдаг бэлэн гоймон, хамгийн хямт төсөр зайдсаар хийсэн ороомог, ургамлын хуучирсан тосонд шарсан пирошки, хуушуур, бол оюутны хоол. Энэ бүгд ходоодны шархлаа, хорт хавдрын үндэс болдог аж. 


Бага ангийн үдийн хоол хөтөлбөрөөс гарч дунд ангид идэх хоолоо өөрөө зохицуулдаг болох үед юу идэх хэрэгтэй, юунаас татгалзах ёстойгоо ч мэддэггүй байлаа. Эрүүл мэндийн хичээлээр орох агуулга хэтэрхий ерөнхий учраас амьдралдаа хөрвүүлэн ашиглах тохиолдол тун цөөн. Харин ахлах ангид орох үедээ наадах цаадахыг гадарлаж эхэллээ ч өдөрт авдаг халаасны 5000 төгрөгөөр хоол авч идэхээс илүүтэй ойр зуурын хэрэгцээгээ хангаж нэгж дата аваад үлдсэн мөнгөөрөө гоймон пирошки, ороомог гээд аль болох хэдэн цагийн хичээлийн ард гарахаар өл даах зүйл олж идэхийг илүүд үзнэ. 


Их сургуульд орсон анхны жилдээ хооллолт гэдгийг харин ч нэг утгаар нь мэддэг боллоо. Даанч юу ч өөрчлөгдсөнгүй ээ. Миний хувьд эцэг эхээсээ халаасны мөнгө болгож 10 000 төгрөг авдаг гэвч хаанаа ч хүрдэггүй болохоор буцаад л өнөөх хороо худалдаж авсаар. Өдий болтол нь өсгөж их сургуульд хүртэл сургаж байхад би яаж гомдоллож зүрхлэх билээ. Тэгвэл асуудлаа шийдвэрлэх гарц гаргалгаа

байна уу? Хариултыг нь олохоор дөрөв хоног оюутнуудын хооллолттой танилцсан аялалыг минь хүлээн авна уу. 


10-р сарын 23. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн буфет 

Их завсарлагааны 30 минуттай зэрэгцэн орж ирсэн болохоор түм түжигнэж бум бужигнасан миний сургуулийн цайны газар. 10 хүн тутмын ес нь ширхэгийн хоол авч байна. Уул нь энгийн  өдрүүдэд хагасаар хоол авч байгаа оюутнууд бараг 40 хувийг эзэлдэг хэрнээ өнөөдөр яасан юм бүү мэд ээ. Манай сургуулийн хувьд сонголт тааруу ч бүх хоол нь ярих юмгүй амттай гардаг. Миний ажиглахын бараг сүүлийн хоёр долоо хоног дандаа л пирошки, хуушуур идэж буй тус сургуулийн ОУХ-ны хоёр дугаар түвшний оюутан ”Т”-ийн ярьж байгаагаар ”Хоёрын хооронд хоол идэхээр жаахан байж байгаад л өлсөөд байдаг юм. Дээрээс нь ямар бүтэн порцоор авч идэж чадах юм биш. Тэрний оронд хоёр пирошки аваад үлдсэн мөнгөө хадгалаад электрон тамхины подыг авсан нь дээр” гэлээ. Хэрэгцээгээ ч хангаад хоолоо ч идчихнэ гэж тэрээр тооцоолсон бололтой. 


10-р сарын 25. Этүгэн их сургуулийн цайны газар

Аргагүй оюутнууд дундаа пирошкигээрээ алдартай сургууль гэсэн шиг 10 хүн тутмын найм нь пирошки авч байна. Зарим нэг нь бүр зорин байж ирж идэж байгаа харагдана. Хоол авч байгаа оюутан тун цөөн. ”Үнийн хувьд боломжийн боловч цаддаггүй юм аа“ л гэцгээнэ. Хаа очиж аяга хоолыг багш ажилчид нь л авдаг бололтой. Өөрийн сургуультай харьцуулбал тунчиг боломжийн юм. Арвин сонголттой дажгүй ч үнэтэй юм гээч гэж бодож суутал ”Ах аа энийг халаагаад өгөөч” гэх дуулдваа. Аз таарж долоо хоногтоо дор хаяж гурван удаа гэрээсээ хоол бэлдэж ирдэг тус сургуулийн 2-р түвшний оюутан Г.Пүрэвсүрэнгээс хэдэн зүйл асуугаад амжив. Арван жилд ээж нь өглөөний цай байнга бэлдэж өгдөг байсан нь одоо түүнийг хоол бэлтгэж ирдэг болгожээ. ”Манайхан их залхуу шүү дээ орой дэмий утсаа маажиж хэвтэж байхлээр аяга будаа агшааж эртхэн амраад өглөө нь өөртөө ганцхан цаг зарцуулаад хоолоо хийгээд ирвэл эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэндэд ч ашигтай баймаар юм ” гэв. 


10-р сарын 27. ШУТИС-ийн цайны газар 

Бусад сургуультай харьцуулахад эдний цайны газраар үйлчлүүлдэг оюутан цөөн бололтой. 10 хүн тутмын долоо нь ширхэгийн хоол авч байна. Сураг сонсвол амт чанарын хувьд муу гэж үнэлэгддэг тул энд идэхээс илүүтэйгээр завсарлагааны хэдэн минутаа ашиглаад “CU” болон “GS25”-аар үйлчлүүлдэг. Үгүй бол тарсныхаа дараагаар л юм олж иддэг гэнэ. Тус сургуулийн уул уурхайн маркшейдерээр хоёрдугаар түвшинд суралцдаг оюутан Б.Лувсанням “Заримдаа бараг л сургууль дээрээ хонож даалгавар бие даалтаа хийдэг. Тэр үедээ дэлгүүрээс гоймон, талх, хиам аваад бөөндөө идчихдэг ээ. Өөр сонголт байдаггүй шдээ оюутан хүн бас хамаагүй мөнгө үрмээргүй санагддаг юм” Нөгөөтэйгүүр буффетны худалдагч эгч “Б”-ын яриагаар “Манайд өдөртөө хэдэн багш аа бас арав гаран оюутан л порцын хоол авч иддэг. Бусад нь шарсан ороомог их авна хажуугаар нь за цай биш юм аа гэхэд ус уулгүй газтай газгүй янзан бүрийн ундаа уухыг нь яана.


Хөөрхий тэгээд дөнгөж биеийн тамир ороод тарсан оюутнууд л ус аваа харагддаг.” гэлээ.  Миний харснаар хамгийн дажгүй үнэтэй, сонголт сайтай цайны газар МУИС-ийнх байлаа. 10 хүн тутмын дөрөв нь ширхэгийн хоол авч үлдсэн нь порцоор хоол авч байна. Гэртээ хоол бэлдээд ирвэл халаачих боломжтой богино долгионы зуух ч бий. Бүтэн хоёр жил энэ сургуульд сурахдаа нэг ч удаа цайны газраар үйлчлүүлж үзээгүй хоёрдугаар түвшний оюутан Б.Энхтөгс “Ёстой зорьж орж юм авч үзээгүй дээ. Хоолоо халаачихаад найзуудтайгаа суугаад идчихдэг. Бусад маань ихэнхдээ л сет хоол авахыг бодоход амт сайтай байдаг байх аа. Тэглээ ч хаа очиж дажгүй эрүүл тэнцвэртэй хоол шиг санагддаг ” гэв. 


Хэрэв та дөрвөн жилийн хугацаанд өдөр бүр дор хаяж нэг удаа пирошки, ороомог ширхэгийн болон түргэн хоол идвэл наанадаж хөгширөлт хурдсаж таргалалт үүснэ. Цаанадаж хорт хавдарын суурь болно. Ийм хэвээр байвал 4 жил сурсан мэдлэгээ 40 жил ч ашиглаж чадахгүйнээ. Оюутан надад эрүүл хооллолт руу багахан ч болов чиглүүлэх гурван шийдэл байна. 

Нэгт, их сургуулиуд хичээлийн байр бүртээ оюутны амралтын өрөө бий болгох. Завсарлагааны цагаа ашиглаад гэрээсээ авчирсан хоолоо халаагаад тайван сууж идэх боломжтой бол хэн ч өдөр бүр аав ээжээсээ арван мянган төгрөгний тэтгэмж хүсэхгүйдэг. Богино долгионы зуух, хэдэн ширээ сандал, болбол жижигхэн хөргөгч байхад л болох нь тэр. Оюутнуудын эрүүл мэнд болоод ахуйн мэдлэгт хамгийн зөв хөрөнгө оруулалт болов уу.


Хоёрт, их сургуулиуд цайны газрынхаа цэсийг шинэчлэх. Бага зардлаар тэнцвэртэй эрүүл хоолны сонголтуудыг гаргаад өгвөл ашиггүй тэжээл худалдаж авахгүй. Мөн аль болох сет хоол байх тусам өдөрт авах ёстой шим тэжээлээ бүрэн хангана. 


Гуравт, өөрөө хоол бэлтгэх. Хоол бэлтгэх урлаг хамгийн ихээр хөгжсөн Япон улс. Япон бэнто нь гол төлөв цагаан будаа болон төрөл бүрийн хачирнаас бүрддэг. Давс, тос, элсэн чихэр холиогүй будааг бусад хачиртай хольж идэх нь японы уламжлалт хоолны хэв маяг юм. Бэнтоны хачрыг ихэвчлэн ногооноос гаргаж авсан шөлөөр амталдаг тул хүний биед хурдан шингэж шим тэжээл болдгоороо япончуудыг эрүүл, урт наслахад нөлөөлж хэт таргалалтаас сэргийлдэг байна. Япон бэнто нь нэг удаагийн хооллолтоос хүний биед авах бүх шим тэжээлийн балансыг бүрэн хангасан эрүүл хоол гэсэн шалгуураар 2013 онд Юнескогийн соёлын биет бус өв санд бүртгэгдэж нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Үүнд зориулж хийсэн бяцхан туршилтын санааг харуулъя.


Жор:1 

ОРЦ: - Агшаасан цагаан будаа /гэрт байдаг л орц/ 

- 2 ширхэг өндөг 1200 төгрөг 

- 1 ширхэг помидор 1029 төгрөг 

- Далайн байцаа 1200 төгрөг 

- 1 ширхэг зайдас 1550 төгрөг НИЙТ: 4979 төгрөг 

ХУГАЦАА: 8 минут 25 секунд 


Жор: 2 

ОРЦ: - Агшаасан цагаан будаа /гэрт байдаг л орц/ 

- 1 ширхэг өндөг 600 төгрөг 

- Далайн байцаа 1200 төгрөг 

- 1 ширхэг зайдас 1550 төгрөг НИЙТ: 3350 төгрөг 

ХУГАЦАА: 4 минут 57 секунд 


Эрүүл амьдралын 80 хувь нь таны гарт байдаг. Өглөөний хоолыг алгасах нь цөсний чулуу үүсэх гол эх үүсвэр бөгөөд бүтээмжийг бууруулдаг байна. Өглөө босоод өөртөө 10 минут зарцуулчихад л өдрийн хоолоо бэлдээд явах олон боломж байна. Шөнөжин сууж шалгалтандаа бэлддэг хэрнээ жаахан эрт сэрэхээсээ залхуурдаг бидэнд ч их учир бий дээ.


ХИС-ийн Сэтгүүлчийн 2-р ангийн оюутан Б. Маралмаа




Commenti


bottom of page