top of page

“Дижитал үе дэх салбар дундын судалгаа”сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн түүхт 45 жилийн ойд зориулсан “Дижитал үе дэх салбар дундын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Шинжлэх ухааны судалгаа нь салбар дундын болон олон шинжлэх ухааны зааг дээр хийгдэж, инновац бүтээхэд чиглэж буй энэ цаг үед тус хурлыг зохион байгуулснаар, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь шинжлэх ухааны салбар дах дижиталчлал болон салбар дундын судалгааны чиглэлээр бусад их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг манлайлан ажиллах болно гэдгийг харуулж байгаа юм.


Тус эрдэм шинжилгээний хуралд Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид дижитал үеийн онцлогт нийцсэн салбар дундын судалгааны ажлуудыг хэлэлцүүлсэн байна.



Тухайлбал, ХИС-н профессор, шинжлэх ухааны доктор Д. Уламбаяр “НҮБ Ирээдүйн төлөөх Пакт ба Дэлхийн нийтийн дижитал компакт: Зорилго, мөн чанар, санал шүүмжлэл”, мөн тус сургуулийн профессор А. Амаржаргал “Малчин өрхийн үйлдвэрлэл ба асрахуйн үүргийн харилцан хамаарлыг загварчлах нь: Монгол улсын жишээн дээр”, доктор Б. Бат-Эрдэнэ “UH AI хиймэл оюунтай багшийн программыг сургалтад хэрэглэх нь”, МУИС-н дэд профессор, доктор Ч. Алтангэрэл “Хэлний технологи” , ШУТИС-н дэд профессор, доктор Б. Долгорсүрэн “Граф бүтэц ба салбар дундын судалгаан дах түүний хэрэглээ” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүллээ.


Тус хуралд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, МУИС, МУБИС, ХААИС, ОТИС, ИЗОУИС-ийн төлөөллүүд болон Korean University of Media Arts сургуулийн төлөөлөгчид оролцон дижитал үед салбар дундын судалгааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцжээ.


Б.Хонгорзул

Comments


bottom of page