Далайн үнэртэй өдрүүд — Бусан хотод төрсөн бодлууд
- May 13
- 3 min read

Би Солонгосын өмнөд эрэгт орших Бусан хотыг зорихдоо далайн үнэртэй, гэрлэн чимэглэлтэй, хөл хөдөлгөөн ихтэй нэгэн боомт хот л төсөөлж байлаа. 2026 оны дөрөвдүгээр сарын эхээр хаврын сэрүүхэн салхи далайн чийгтэй холилдон үлээж байсан тэр өдрүүдэд бодит байдал төсөөллөөс хавьгүй өөр, илүү амьд, илүү эмх цэгцтэй, илүү “хүнтэй” санагдсан юм. Энэ аялал надад зөвхөн шинэ газар үзүүлээд зогсохгүй, хотын соёл, хүмүүсийн хандлага, өдөр тутмын жижиг үйлдлүүд ямар их утга учиртайг ойлгуулсан болов уу. Бусан хотод өглөөний найман цагийн үед хөл тавьсан тэр мөчөөс л нэг өөр уур амьсгал мэдрэгдэж байлаа. Далайн чийглэг салхи нүүрэнд илбэхэд Улаанбаатарын хуурай, ширүүн салхи санаанд орж, хоёр хотын ялгаа шууд мэдрэгдэнэ. Улаанбаатар бол тэнгэр нь ойр, уулс нь ойрхон, агаарт нь нэг л хатуу чанар байдаг бол Бусан бол зөөлөн, урсгалтай, далайн амьсгалтай хот. Хотын гудамжаар үдээс өмнөх нам гүмхэн цагт алхахад хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол эмх цэгц. Машинууд замын хөдөлгөөнд яг л нэг хэмнэлээр орж, явган зорчигчид гарцаар тайван алхана. Хэн ч яарахгүй мөртлөө хэн ч хоцрохгүй. Энэ нь нэг талаараа дотоод сахилга баттай холбоотой мэт санагдана. Манайд бол замын хөдөлгөөн заримдаа сандарсан, ууртай, өрсөлдсөн шинжтэй байдаг шүү дээ. Харин энд хүмүүс бие биедээ зай тавьж, хүндлэлтэй ханддаг нь харагдаж байлаа. Гэхдээ миний хамгийн их гайхсан, сэтгэлд үлдсэн зүйл бол хогтой холбоотой соёл. Нэгэн орой, нар жаргахын өмнөхөн далайн эргийн ойролцоо алхаж явахдаа салхинд хийссэн жижиг цаас газарт унасан байхыг харсан юм. Тэгтэл хажуугаар өнгөрч байсан нэгэн настай эмэгтэй тэр цаасыг зүгээр өнгөрөхийн оронд тонгойж авч, гартаа бариад явчихлаа. Хогийн сав ойрхон байсангүй. Гэхдээ тэр эмэгтэй хаячихалгүй, зүгээр л авч явсан. Энэ үйлдэл надад маш их юм бодогдуулсан. Дараагийн өдрүүдэд ялангуяа өглөө ажилдаа яарч буй хүмүүсийн дунд анхаарч ажиглахад, энэ бол ганц хүний биш, бараг бүх хүний дадал байлаа. Хэн ч байсан залуу, хөгшин, хүүхэд, ажилтан, зам дээр хог харвал авна. Хогийн сав хол байсан ч хамаагүй, гартаа бариад явна. Энэ нь тэдний хувьд “онцгой сайн үйл” биш, харин жирийн л зүйл мэт. Энэ үед би Монголын тухай бодсон. Манайд ч бас сайн хүмүүс олон. Хог түүж, орчноо цэвэрлэдэг хүмүүс бий. Гэхдээ энэ нь нийтлэг соёл болж хараахан төлөвшөөгүй. Зарим нь “энэ миний хаясан хог биш” гэж боддог бол, зарим нь зүгээр л анзаарахгүй өнгөрдөг. Харин Бусанд “хэний хог вэ” гэдэг нь огт чухал биш. “Энэ бол миний амьдарч буй орчны нэг хэсэг” гэдэг ойлголт давамгайлдаг бололтой. Нэгэн нам гүм орой далайн эрэг дээр сууж байхдаа би энэ тухай нэлээд бодож суув. Далайн давлагаа жигдхэн түрж, хүмүүс тайван алхаж, зарим нь кофе ууж, зарим нь зураг авч байлаа. Хажууд минь сууж байсан залуу ундааныхаа савыг дуусгаад, шууд босож хогийн сав хайж явсан. Тэр үед би “соёл гэдэг том зүйл биш, ийм жижиг үйлдлүүдийн нийлбэр юм байна” гэдгийг ойлгосон.Бусан хотын захууд, гудамжууд ч гэсэн сонирхолтой. Загасны зах дээр ороход шинэхэн далайн бүтээгдэхүүний үнэр хамар цоргож, худалдаачид инээмсэглэн угтана. Хүмүүсийн харилцаа эелдэг, гэхдээ хэт нялуун биш. Яг л өөрийн орон зайгаа хүндэлдэг мөртлөө, бусдад саад болохгүй байхыг хичээдэг мэт. Монголд бол зах дээр илүү чанга дуу чимээ, согтуурхсан ах нар, эмх замбараагүй байдал мэдрэгддэг. Гэхдээ тэр нь бас нэг төрлийн амьд уур амьсгал. Харин Бусан бол илүү зохион байгуулалттай, тайван хэрнээ хөдөлгөөнтэй. Хоёр өөр өнгө, хоёр өөр хэмнэл. Орой болоход хот бүр ч өөр болдог. Гэрлүүд асч, гудамжууд өнгөлөг болж, хүмүүс ажлын дараах амралтаа эдэлж эхэлнэ. Зарим нь найзуудтайгаа уулзаж, зарим нь ганцаараа алхаж, зарим нь зүгээр л сууж далай ширтэнэ. Энэ бүхэнд нэг л тайван, хүн болгоны өөр өөр өнгийн амьдрал үзэгдэнэ.

Энэ аялал надад нэг чухал асуулт үлдээх шиг “Бид хотдоо ийм байж чадах уу?” Улаанбаатар ч гэсэн сайхан хот. Өөрийн гэсэн өнгө, уур амьсгал, хүмүүсийн дулаан сэтгэл бий. Харин бид өдөр тутмын жижиг үйлдлүүдээ өөрчилж чадвал, хот маань илүү цэвэр, илүү таатай болж чадах. Бусан надад том барилга, үзэсгэлэнт газар гэхээсээ илүү хүмүүсийнх нь хандлагаар дурсагдаж үлдлээ. Хогийг нь авч хогийн саванд хийдэг тэр энгийн үйлдэл энэ хотын жинхэнэ гоо үзэсгэлэн байж магадгүй. Аялал дуусахад би нэг өөр бодолтой буцаж байлаа. Хотыг сайхан болгодог зүйл нь зөвхөн засаглал, төлөвлөлт биш, харин тэнд амьдарч буй хүмүүсийн өдөр тутмын сонголт юм байна. Хэрвээ хүн бүр жижигхэн хариуцлага үүрвэл, тэр нь нийлээд том өөрчлөлт авчирч чадна. Тэндээс би “цэвэр хот” гэдэг ойлголтыг зөвхөн гудамж биш, харин хүний дотоод хандлагаас эхэлдэг гэдгийг ойлгосон.Тэр ойлголтыг би өөртэйгөө хамт авч ирлээ.
Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Ч.Чинзул




Comments