top of page

Ганцаардал - Орчин үеийн чимээгүй тахал

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүн гэх амьтан ганцаардлын чимээгүй тахал руу мөлхсөөр байна...

     

Ганцаардал-энэ үг бидэнд заримдаа зүгээр л хэсэгхэн хугацаанд амрах хэрэгцээ мэт санагдаж магадгүй. Гэхдээ тэрхүү нам гүмийн цаана сэтгэл зүрхийг зүсэн өнгөрөх хөндүүр мэдрэмж оршдог. Хүн өөрийгөө бусдаас тусгаарлагдсан мэт мэдэрч, нийгмийн харилцаанд хангалттай оролцож чадахгүй байх мэдрэмж нь ганцаардал юм. Ганцаардал харагддаггүй ч сэтгэлийг сорж, бодлыг зулгааж, амьдарлын өнгийг бүдгэрүүлдэг орчин үеийн чимээгүй тахал. Үргэлж ганцаараа сууж буй хүнээр төсөөлөгдөхгүй. Хүмүүсийн хөлд дарагдсан автобусны буудал дээр зогсож байхдаа ч, олон хүний дунд хов жив сонсож суухдаа ч ганцаардлыг мэдэрч болно. Энэ бол бусдаас тусгаарлагдсан байх мэдрэмж биш бусадтай холбоо тогтоож чадахгүй байх гашуун зовлон юм. Яг энэ цаг мөчийн ганцаардалд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хурдацтай хөгжиж байгаа техник технологи. Сошиал медиа, ухаалаг төхөөрөмжүүд биднийг хэдхэн секундын дотор хэний ч амьдрал руу өнгийх боломжийг олгож байна. Энэ нь хил хязгаараа алдаж, бусдыг шүүх, доромжлох, хувийн орон зайд нь халдаж, магадгүй бага багаар чимээгүй тахал руу мөлхдөг байх. Бүхий л мэдрэмжээ алдах харанхуйн сүүдэр. Тэр бүү хэл зүрх судасны өвчин, даралт ихсэх, нойргүйдэл, сэтгэл гутрал гэх мэт олон асуудлын үндэс нь ганцаардалтай холбоотой. Үүнээс гадна нэг зүйл их анзаарагдах болж. Одоогийн залуус ярих биш сонсох дуртай. Энэ бас л нийгэм өөрчлөгдөж байгаагийн илрэл. Дийлэнх хувь нь ярихаас төвөгшөөдөг. Захын нэг жишээ авбал: оюутнуудад хичээл зааж байгаа багш ганцаараа ярьсаар байгаад хичээл дуусдаг. Хүүхдүүдээс асуулт асуухад хариулах хүн байдаггүй. Энэ нөгөө л технологитой холбоотой. Мэдрэмжээ илэрхийлэхгүй, дотогшоо байдал нь ганцаардалд хүргэх магадлалтай.

 

Ганцаардал бидэнд юуг заадаг вэ?

  Ганцаардал нь заавал сөрөг зүйл биш. Энэ нь бидэнд өөрийгөө ойлгож, амьдралын утга учрыг эргэцүүлэх боломж олгодог. Заримдаа ганцаараа байх нь сэтгэлээ сонсох, шинэ зүйл сурах, бүтээлчээр сэтгэх боломжийг ч олгодог. Гол нь энэ ганцаардалд живэх бус, түүнийг даван туулах ухаан, тэвчээртэй байх явдал юм.

 

Ганцаардлаас гарч болох уу?

-        Ганцаардлаас ангижрах нь зөвхөн өөрийгөө хэн нэгнээр хүрээлүүлэхээс хамаарахгүй. Чанартай харилцаа, утга учиртай яриа, сэтгэлээ нээлттэй хуваалцах нь биднийг ганцаардлаас бага багаар чөлөөлнө.

-        Бодит харилцааг эрхэмлэх: Найз нөхөд, гэр бүлтэйгээ утга учиртай яриа өрнүүлэх нь дижитал ертөнцийн хийсвэр харилцаанаас илүү үнэтэй.

-        Өөрийгөө таниж ойлгох: Өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгож, хүсэл мөрөөдөл, айдас, баяр баяслаа хүлээн зөвшөөрөх нь ганцаардлыг даван туулах том алхам юм.

-        Хамт олонтой байх: Сонирхол нэгтэй бүлгэмд нэгдэх, сайн дурын ажилд оролцох зэрэг нь шинэ холбоо тогтоох боломжийг нээдэг.

-        Байгальтай харилцах: Байгальд гарах, салхинд алхах нь сэтгэл санааг тайвшруулж, ганцаардлын сөрөг нөлөөг бууруулдаг.

Хамгийн чухал нь бид ганцаардлын тухай ярих хэрэгтэй. Энэ нь эмзэг сэдэв байж болох ч бусдад сэтгэлээ нээх нь эмчилгээний эхний алхам болдог. Бид бие биенийхээ сэтгэл зүйд анхаарч, ойлгож, дэмжих тусам ганцаардлын сүүдэр хормын төдийд ч болов бүдгэрнэ.

 

 

О. Хэрлэн


Comentários


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page