top of page

Б.Халиун : Унгар улсад очсон эхний өдрөө “Би ер нь энд хэн ч биш юм байна” гээд гурван удаа уйлсан

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүлзүй медиа технологийн тэнхимд нэг хичээлийн жил суралцаад, одоогоор Унгар улсын Ниерэгхаза хотод засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцаж байгаа Батжаргалын Халиунааг онцолж байна.



-Унгар улсад суралцах талаар хэзээнээс төлөвлөж эхэлсэн бэ?


-Өвлийн амралтын үеэр Унгарын засгийн газрын тэтгэлэг зарлагдаад, дуусахад дөрөв хоног үлдсэн байсан. Засгийн тэтгэлэг гэдэг утгаараа чухал байсан болохоор юутай ч үзээд алдъя гэж бодсон.


-Тэтгэлэгт  хамрагдах шалгуур үзүүлэлт юу байсан бэ?


- Боловсролын яамны шалгалт, тухайн элсэж буй сургуулийн шалгалт,  Унгар улсын засгийн газар гэсэн 3 үе шаттай байсан. Мөн ихэнх хүүхдүүдээс хэлний оноо шаардагдсан. Гол нь бичсэн эсээгээр чинь чамайг дүгнэдэг учраас урам зоригтой бөгөөд өөрийгөө сайн илэрхийлсэн байх нь хамгийн чухал юм байна гэж бодсон.


-Танаас гадна олон оюутан тэтгэлэгт хамрагдсан уу, 100 хувийн тэтгэлэгт гэдэгт нь ер нь ямар ямар зардлууд багтаж байгаа вэ?


- Монгол улс, Унгар улс хоёрын хэлэлцээгээр монголоос жилд 200 оюутан тэтгэлэгт хамруулдаг. Тэтгэлэгт нь сургуулийн төлбөр, амьдрах байр, сарын амьжиргааны мөнгө багтдаг. Монголоос ирж, очих тийзны мөнгөө л өөрсдөө гаргадаг.


-Унгарт очиход тосож аваад зааварчлах, хөтөч байсан уу, очсон анхны сэтгэгдэл мэдрэмж юу байсан бэ?


-Тийм хүн байгаагүй ээ. 18 жил ээж, аавынхаа дэргэд амьдарсан хүүхэд чинь оюутан болж Улаанбаатар хотод учир, зүгээ ч сайн олоогүй явж байхад Унгар явах болоод л шууд ганцаараа, учраа олж очсон доо. Анхны сэтгэгдэл гэхээсээ илүү очоод шууд хэцүү зүйлсийг нь мэдэрч эхэлсэн.


-Харь, улсад очсон бараг хүн бүрд сайхан ч бай, муухай ч бай нэг тийм сэтгэлд нь хоногшиж үлдсэн дурсамж байдаг даа. Та ч бас тэр дурсамжаа хуваалцаач.


- Шууд очсон өдрөө 3 удаа уйлсан маань л одоо хамгийн тод, мартагдашгүй дурсамж юм байна. Эхлээд өрөөндөө ороод интернэтээ холбоод аав, ээждээ ирсэн гэдгээ хэлье гээд тэгсэн чинь байрны интернэт долоо хоногийн дараа ажиллана гэдэг юм, Дээрээс нь миний утасны цэнэглэгч, миний өрөөний залгууртай таарахгүй байсан тэгээд л шууд “Анхнаасаа юу ч болохгүй, бүтэхгүй байна” гээд эхний удаа уйлсан юм.


Ямартай ч утсаа цэнэглэх газар хайж байсан чинь азаар автобус нь үнэгүй интернэттэй байж тараад нөгөө автобусаа дагаж гүйж байгаад ээж рүүгээ ирсэн гэдгээ бичиж чадсан. Цаашаа алхаж байгаад “Би ер нь яах гэж ирсэн юм бэ, буруу юм хийчихлээ” гэж харамсаад 2 дахь удаагаа уйлсан.


Нэгэнт ирсэн юм чинь яалтай билээ, ойр зуурын юмнуудаа дэлгүүрээс авъя гэж бодоод ирж явах замдаа харсан дэлгүүр лүүгээ орсон чинь дэлгүүр биш бооцоо тавьдаг газар байсан. Яг миний амьдарч байгаа хотод англи хэлээр ярьдаг хүмүүс бараг байхгүй, тэнд байсан нэг хүн надтай шууд Унгараар яриад л “Паспорт?” гээд надаас асуусан би чинь хамаг бичиг баримтаа өрөөндөө орхиод гарчихсан байсан, байхгүй ээ гэсэн чинь шууд “ Get out“ гээд гараа үүд рүү заасан. Тэгээд гараад “Би ер нь энд хэн ч биш юм байна”  гээд л нэг өдөрт 3 удаа уйлсан байдаг юм даа.



-Манай Монголын ахуйн, хүнсний хэрэглээний зардал болон Унгарын хэрэглээний зардал хоёр хэр ялгаатай байдаг вэ? Бас сарын  амьжиргааны зардал буюу стипенд өгдөг гэсэн шүүдээ, тэр нь хэдэн төгрөг байдаг, мөн сардаа яг хүрэлцээтэй байж чаддаг уу?


- Сарын амьжиргааны зардал нь монгол мөнгөөр 430 мянган төгрөг хавьцаа, хэрэглээний зардлын хувьд тийм их ялгаатай биш, үнэтэй зүйлс нь үнэтэй, хямд бараа нь хямд л байдаг.


Жишээ нь Унгарын ногоо болон мах нь үнэтэй, манай монголд 1 кг төмс бол 1200 төгрөг байгаа шүүдээ, тэгэхэд энд бол 1 кг нь 4000 төгрөг гэх мэт аягүй өндөр үнэтэй ч гэсэн хаана ургуулаад, хаанаас орж ирсэн гэдэг нь тодорхой харагддаг чанартай, баталгаатай учраас үнэтэй ч гэсэн сэтгэлд тайван, итгэлтэй худалдан авалт хийж чаддаг.


Ёстой сайн аав, ээжийн буянд гэдэг шиг л стипендээс гадна ээж ааваас мөнгө аваад байгаа учраас ойрд дандаа үхрийн мах идэж байгаа, анх бол есөн сард ирснээсээ хойш хоёр сарын эхэн хүртэл тахианы мах идсэн. Монгол хүн болохоор мах идэхээ болиод, хоол нь багадаад ирэхээр хэчнээн гурилан бүтээгдэхүүн иддэггүй байсан боловч арга буюу иддэг болдог юм байна.


-Би өөрөө мэргэжлээ маш санаандгүй гэнэт сонгосон учраас бусдын бас яаж, ямар замаар явж байгаад одоо байгаа тэнхимдээ ороод, мэргэжлээ сонгон талаар ихэвчлэн асуудаг. Танд ч бас нэг түүх байдаг биз дээ?


Манай тэнхимийн бараг хүүхэд болгон сэтгэл судлалыг, сэтгүүлзүйтэй андуураад ороод ирсэн гэдэг

-Уг нь цэцэрлэгт байх үеэсээ л  жүжигчин болно гэж боддог байсан боловч 10-р ангидаа өсвөрийн сэтгүүлч хийж үзсэн чинь надад зурагтын өмнө гардаг, медиа, контент тал руугаа сонирхолтой болж эхлээд “за жүжигчин бол болохгүй, хоолоо олж идэхгүй юм байна өөр мэргэжил сонгох хэрэгтэй” гэж бодоод яагаад ч юм өөрийгөө сэтгэл зүйн талдаа гайгүй гэж бодоод сэтгэл судлаач гэдэг мэргэжил сонгосон ч бас л биш, чадахгүй байсан.


Би тэгж андуураагүй ч сэтгэл судлалд бүртгүүлсэн байж байгаад ер нь сэтгүүлзүй боломжит хувилбар юм байна гэж бодоод бүртгэлээ санаандгүй оролдож байгаад сэтгүүлзүй болгосон.


-Одоо тэгвэл яг сонгон суралцаад, насаараа хийх мэргэжлээ олсон уу?


-Ямар ч байсан телевизэд ажиллаад, сурвалжилга хийх хүн бол биш, бараг түүнээсээ уйдах шахуу юм болно гэж дүгнэсэн. Сайт ажиллуулаад, мэдээ бичиж, контент гаргадаг, чадвал редактор болъё гэж шийдсэн байгаа.


 -Ирээдүйд өөртөө хандаад хэлэх, сануулах зүйлээ хэлээд, ярилцлагаа өндөрлөцгөөе!


 -Би ер нь би биш бид гэсэн үзэлтэй байвал ямар ч хүн хөл дээрээ зогсож, юуг ч бүтээж чадна гэж боддог. Хамтаараа, олноороо хүмүүсийн ур чадвар, бодол санааг нийлүүлсэн өөрсдийн гэсэн бүтээн байгуулалттай болохыг зорьдог. Бас нэгэн том зорилго бол энд байгаа дээрээ ойролцоох бүх улсууд руугаа ганцаараа аялах аялаалаа дуусгах хүсэлтэй байгаа.

Ярилцсан: Х.Дэлгэрмөрөн

Comments


bottom of page