Б.Оюунбаатар: Чанартай нойр авалгүй удвал бүтээлч сэтгэхүй, ой санамж тодорхой хэмжээгээр алдагддаг
- Humuun News
- May 26
- 3 min read
Хичээлийн жилийн төгсгөл, ялангуяа шалгалтын болон бие даалтын долоо хоног нь оюутнуудын хувьд хамгийн өндөр ачаалалтай, сэтгэлзүйн болон бие махбодийн хувьд хүнд үе болдог. Энэ үеэр оюутнууд дэлгэцний ард удаан суух, сэргээгч ундаа ихээр хэрэглэх зэрэг нийтлэг үзэгдлүүд ажиглагддаг билээ. Үүний улмаас оюутнууд чанартай нойр авч чадахгүй байх, стрессдэх, ядарч сульдах зэрэг эрүүл мэндийн сөрөг шинж тэмдгүүдийг мэдэрдэг.
Иймд, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн эмч Б.Оюунбаатартай семестерийн төгсгөлд оюутнуудад тулгардаг ачааллын онцлог, чанартай нойр авч чадахгүй байвал үүсэх үр дагавар болон түүнийг бууруулах боломжит арга замуудын талаар цөөн хором ярилцлаа.

-Танд ханддаг оюутнууд хамгийн нийтлэг ямар шинж тэмдгээр ирдэг вэ? Ямар арга хэмжээ авдаг вэ?
Дийлэнхдээ орж ирж байгаа оюутнуудын 40 гаруй хувь нь "толгой өвдөх" зовуурьтай орж ирдэг. Эмэгтэй оюутнуудын хувьд сарын тэмдгийн өвдөлт нэлээн дээгүүр хувийг эзэлдэг. Ерөнхийдөө толгой өвдөх, хэвлий хэсгээр өвдөх зэрэг шинж тэмдэгүүд дийлэнх хувийг эзэлдэг гэж хэлж болно. Оюутнууд толгой нь өвдсөн шинж тэмдэгтэй орж ирлээ гэж бодоход миний зүгээс өөрийн үзлэг, асуумж аваад яг юунаас шалтгаалсан толгой өвдөлт байна, хүчил төрөгч дутагдсанаас болоод үүссэн толгой өвдөлт байна уу, ханиад хүрсэн байна уу гэдгээс шалтгаалаад тохирох арга хэмжээгээ авна. Сургуулийн зүгээс анхан шатны үйлчилгээ үзүүлэх эмнүүд маань бэлэн байдаг учраас шаардлагатай өвчин намдаах эм, толгой өвдөлтийн эмийг нь өгөөд эмчилгээг нь хийгээд зөвлөгөө өгөөд гаргадаг гэсэн үг.
-Тэгвэл дийлэнх хувийг эзэлдэг толгой өвдөх зовуурь ихэнх тохиолдолд юуны улмаас үүсэн байдаг вэ?
Оюутнуудтай ярилцахад хичээл дээрээ толгой өвдсөн, олон цаг дэлгэц ширтсэний улмаас орж ирсэн, эсвэл өглөө орж ирснээс хойш гадаа гараагүй, хичээл хийсээр байгаад толгой өвдөөд орж ирсэн тохиолдол элбэг ажиглагддаг.
-Өдөрт дунджаар хэдэн оюутан ханддаг вэ? Хичээлийн жилийн аль үед хамгийн их ханддаг вэ?
Өдөрт тогтмол 5,6 оюутан ханддаг. Дийлэнхдээ халдварт өвчин дэгдэлттэй үед илүү орж ирдэг. Өвлийн улирал томуу, томуугийн халдварт өвчний дэгдэлттэй үед дээрх шалтгаанаар орж ирдэг.
-Хичээлийн дүн гарах дөхсөн, ачаалал ихссэн үед оюутнууд ханддаг уу? Яг энэ үеэр оюутнууд сэргээгч ундаа, кофе их хэмжээгээр хэрэглэж байгаа харагддаг.
Орж ирдэг. Ерөнхийдөө ид ачааллын үед оюутнууд маань нойр дутуу явах, хоолоо идэхгүй удаан явах, даарч хөрсөн тохиолдолдлуудад дархлаа нь суларч их ханддаг. Сэргээгч ундаа, кофе их хэмжээгээр уугаад орж ирж байсан тохиолдол байгаа. Гэхдээ тухайн оюутан архаг хууч өвчтэй угийн зүрхний хэм алдагдалтай байсан учраас тухайн өвчин сэдрээд орж ирсэн байсан.
"Америкийн их сургуулийн оюутнуудын 70.6% нь өдөрт 8-аас бага цаг унтдаг бөгөөд энэ нь нойр дутуугийн түвшин өндөр байгааг харуулж байна"
-Хангалттай нойр авч чадахгүй байгаагийн гол шалтгаан юу вэ, цаашлаад гарч болох үр дүн хэрхэн гарч болох вэ?
Нэгдүгээрт, амьдралын хэв маягаас шалтгаална. Жишээлбэл толгой өвдсөн, бие зовиуртай байна гэсэн шалтгаанаар хандсан оюутнууд шалгалт, бие даалт, дипломын ажил, цагийн ажлын улмаас нойр дутуу явснаас болж байна гэж харж байна. Хүн бүтэн өдрийн турш зарцуулсан энергиэ шөнө амарч нөхдөг байх нь физиологийн хэрэгцээ. Өдрийн турш хичээлээ давтсан, номоо уншсан бүх мэдээллийг шөнө унтсан үед боловсруулаад ангилж ялгадаг гэсэн үг. Энэ бүх процесс алдагдаад ирэхээр уншсан хичээлийг нь маргааш нь багш нь асуухаар уншсан гэдгээ санаж байгаа мөртлөө яг хариулах гэхээр санадаггүй тохиолдол байдаг. Энэ маань тархи тухайн мэдээллийг хүлээж авсан хэдий ч бүрэн боловсруулж чадаагүй гэсэн үг. Хэрвээ нойроо бүрэн авсан бол тухайн мэдээлэл автоматаар санах ойноос гарч ирнэ. Үүнтэй холбоотой бүтээлч сэтгэхүй, ой санамж тодорхой хэмжээгээр алдагддаг. Энэ процесс удаан үргэлжилвэл сэтгэл зүй болоод сэтгэцийн эмгэг болох суурь нь болдог.
Сургуулийн эмч Даваа-Баасан гарагуудад 9:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна.
-Нойрны зөв дадал зуршилтай байхын тулд ямар арга хэмжээ авах вэ?
Миний зүгээс зан үйлийн аргыг санал болгодог. Энэ нь унтахаасаа өмнөх бэлдэх гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тогтмол цагт унтаад тогтмол цагт сэрэх гэсэн үг. Өдөрт 7-8 цаг унтаж чадвал бүтэн нойр авч байна гэсэн үг. Унтахынхаа өмнө өрөөгөө харанхуй болгоод сэрүүн байвал физиологиороо бие маань амарна. Үнэхээр нойр нь хүрдэггүй бол халуун бүлээн юм ууж болно. Мөн хэрвээ унтах гэж орондоо орсон бол утсаа оролдож болохгүй. Яагаад гэвэл дэлгэцний гэрэл унтах гэж байгаа гэсэн тархины мэдрэмжийг байхгүй болгодог. Гэх мэтчилэн зан үйлийн аргууд байна. Мөн өдөр бүр дасгал хөдөлгөөн хийвэл нойрны чанар сайжирна.

-Таны зүгээс оюутнуудад өгөх зөвлөгөө зөвлөмж эрүүл мэндийн тал дээр?
Өдөр болгон тогтвортой дасгал хөдөлгөөн хийх, гэр сургуулийн орчинд ядаж алхах. Өөрт зориулаад эрүүл амьдралын хэв маягтай болвол халдварт бус өвчлөлүүдээс сэргийлж чадна. Би залуу байгаа гээд хэтэрхий их ачаалал авч болохгүй. Хэдий боломжтой эрч хүчтэй байгаа мэт боловч тодорхой хугацааны дараа сөрөг үр дагаврууд гарч эхэлнэ.
Ярилцсан: Б.Хонгорзул
Comentarios