Баримтаар шалгасан мэдээллүүд хайлтын эхэнд гардаг боллоо
Баримтаар шалгасан үнэн бодит мэдээллийг олон хүнд хүргэх зорилгоор Google компани Дюкийн их сургуулийн Сурвалжлагчдын лаборатори, Jigsaw, Schema.org болон баримт шалгах байгууллагууд хамтран баримт шалгалтын мэдээллийг Google-ийн хайлтын системд онцлон харуулах болсон.
ClaimReview гэх энэхүү систем нь Google хайлтын систем дундаас хүлээн зөвшөөрөгдсөн баримт шалгалтын мэдээллийг түрүүнд хүлээж авах боломжийг олгодог ба 2015 оноос хэрэгжиж эхэлсэн энэ функцийг дэлхийн 200 гаруй баримт шалгах байгууллага ашиглаж байна.
Монголын баримт шалгах төв ч мөн онцлох, өндөр хандалттай баримт шалгалтуудаа Google компанийн баримт шалгалтын мэдээллийг хайх боломжтой Fact Check Tools нэгдсэн хайлтын санд тогтмол нэвтрүүлж эхэлжээ.
Ингэснээр Google хайлтын системийн хэрэглэгчид баримт шалгалттай холбоотой хайлтуудаас агуулгын тоймыг шууд хүлээн авч цааш линкээр нэвтрэн үргэлжлүүлэн унших боломжтой болох юм.
Google-ийн нээлттэй мэдээллийн санг зөвхөн Google бус Facebook, Youtube, Bing зэрэг технологийн компани ашиглаж байсан ба олон улс дахь судлаачид 100,000 давсан баримт шалгалтын нийтлэлээс хуурамч мэдээллийн тархалт, онцлогийн талаар судлах боломжтой юм.
Монголын баримт шалгах төв ClaimReview-д баримт шалгалтуудаа тогтмол оруулдаг болсноор цаашид Google хайлтын систем болон бусад технологийн платформд баримт шалгалтын илэрцийг түрүүлж гаргаж, хэрэглэгчдэд баталгаатай мэдээллийг илүү ойртуулахад хувь нэмэр оруулж буй юм.
Монголын баримт шалгах төвийн үйл ажиллагааны журам болон бидний санаачилгуудтай дараах линкээр танилцаарай.
Эх сурвалж: mfcc.mn
Comentarios