Баримт шалгах үйл ажиллагааны журам
"Монголын баримт шалгах төв"-ийн дэргэдэх "Баримт шалгагч оюутны клуб" нь дараах үйл ажиллагааны журмыг өдөр тутмын баримт шалгах үйл ажиллагаанд мөрдлөг болгоно.
Нийтлэг үндэслэл
Баримт нягтлан шалгах баг нь редакцын хэлбэрээр ажиллана.
Редакцын нэгдсэн удирдлагыг редактор хэрэгжүүлнэ.
Редакцын хэлбэрээр ажиллаж байгаа учраас баримт нягтлан шалгасан тухай тайлан мэдээ нийтлэхдээ баримт шалгагчийн нэрийг тавихгүй байж болно.
Mongolian Fact-checking center нь өдөр тутмын үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн байгууллагатай бизнесийн гэрээ хэлцэл хийж болох бөгөөд энэ тохиолдолд гэрээний захиалагч тал гүйцэтгэгчийн эцсийн дүгнэлтэд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй бөгөөд гүйцэтгэгч нь баримт нягтлан олж мэдсэн мэдээллийг өөрийн цахим хуудсанд нийтлэх үүрэг хүлээхгүй. Энэ харилцааг гэрээ тус бүрд тодорхой зааж өгнө.
Нягтлан шалгаж буй мэдэгдлийг хэн хийснээс үл хамааран эх сурвалжийн ижил түвшинд баримт нягтлах ижил стандарт баримтална.
Mongolian Fact-checking Center нь аливаа улс төрийн хүчин, улстөрч, хувийн хэвшлийн байгууллагаас ирэх гаднын аливаа нөлөөнөөс ангид байна. Дотоод үйл ажиллагаанд ямар нэгэн гаднын нөлөө орохгүй байх эцсийн хариуцлагыг редактор хариуцна.
Mongolian Fact-checking Center нь аливаа улс төрийн нам, эвсэл, улстөрчийг дэмжихгүй, улс төрийн аливаа үзэл бодлыг дэмжихгүй. Үүний нэгэн адилаар улс төрийн аливаа байр суурийг эсэргүүцэх үзэл санааг илэрхийлэхгүй. Бүх нийтийг хамарсан маргаантай нөхцөлд зөвхөн баримтын үнэн бодит байдалд тулгуурлан шийдвэр гаргана.
Mongolian Fact-checking Center улс төрийн аливаа шийдвэр, бодлогын тухай мэдээллийн баримтыг нягтлан шалгах магадлалтай нөхцөлд ажилтнууд нь үүнтэй холбоотойгоор хувийн үзэл бодлоо ямар нэг байдлаар нийтлэхгүй. Энэ нь уншигчдад баримт шалгах байгууллагын үйл ажиллагаа нь бие даасан биш гэх ойлголтыг төрүүлэх эрсдэлтэй.
Баримт нягтлах мэдээллийг сонгох
Mongolian Fact-checking Center нь дараах зорилгоор баримт нягтлан шалгах бөгөөд, нягтлан шалгах мэдээллийг сонгохдоо эдгээр зорилгуудыг биелүүлж чадах эсэхийг нэн түрүүнд харгалзан үзнэ.
Хуурамч, буруу мэдээлэл авснаас шалтгаалан олон нийтэд тодорхой хор хохирол учрахаас урьдчилан сэргийлэх,
Олон нийтэд хуурамч мэдээллийг таних, өөрсдийн авч байгаа аливаа мэдээллийн баримтыг нягтлан шалгах суурь боловсрол олгох
Хуурамч мэдээллийн тархалтыг бууруулах болон цаашид түгээгдэхээс сэргийлэх
2.1.1-д заасан зорилгыг биелүүлэх үүдээс юуны өмнө олон нийтийн эрх ашигт шууд нөлөөлөх мэдээллийг сонгон нягтлан шалгана. Энэ төрлийн мэдээлэл нь Mongolian Fact-checking Center-ийн нягтлан шалгах мэдээллийн дор хаяж 75 хувийг бүрдүүлнэ. Дараах мэдээллүүдийг олон нийтийн эрх ашигт шууд нөлөөлөх мэдээлэл гэж үзнэ.
Эдийн засаг, ялангуяа микро эдийн засаг, өрхийн болон хувийн санхүүд нөлөөлөх асуудлууд
Боловсрол
Байгаль орчин
Засаглал болон төрийн үйл ажиллагаа
Эрүүл мэнд
Хүний эрх гм
2.1.2-д заасан зорилгыг биелүүлэх үүднээс олон нийтийн цахим сүлжээнд хэвийнээс олон хүний хандалт авч байгаа, зохиомлоор олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж байж болох, олон нийтийн анхаарлыг өөр сэдвээс сарниулахын тулд зохиомлоор түгээж байж болзошгүй мэдээллийг сонгон нягтлах бөгөөд энэ тохиолдолд тухайн мэдээлэл нь заавал 2.1.1-д заасан шаардлагыг хангахгүй байж болно.
2.1.3-д заасан зорилгыг биелүүлэх үүднээс аль болох түгээмэл илэрдэг хуурамч мэдээллийн төрлийг сонгон авч баримт нягтлах бөгөөд, үүгээр дамжуулан олон нийтэд түгээмэл байдаг хуурамч мэдээллийг нягтлан шалгах аргыг үлгэрлэн үзүүлэхийг зорино. Энэ төрлийн мэдээлэл нь Mongolian Fact-checking Center-ийн нягтлан шалгах нийт мэдээллийн 25 хувиас ихгүй байна.
Mongolian Fact-checking Center нь баримт нягтлан шалгаж, олон нийтэд түгээхдээ тухайн мэдээллийг шалгах болсон шалтгаан, ач холбогдлыг аль болох тайлбарлаж оруулахыг зорино.
Олон нийтээс шалгуулахаар ирүүлсэн хүсэлтийг нээлттэйгээр авч баримт нягтална. Ингэхдээ тухайн хүсэлтийг ирүүлсэн эх сурвалжид мөн баримтын шалгалт хийж, улс төр, бизнесийн хамаарал бүхий, тодорхой эрх ашгийн үүднээс ирсэн хүсэлт гэж үзвэл түүнийг шалгахгүй байж болно. Мөн тухайн хүсэлтийг ирүүлсэн эх сурвалж эргэлзээтэй нөхцөлд тухайн баримтад нягтлан шалгах үйл ажиллагааг хийсэн бол тухайн мэдээллийг нийтлэх эсэхийг редакцаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Тухайн мэдээлэл нь улс төрийн үйл явцад нөлөөлөхүйц бөгөөд Mongolian Fact-checking Center нь эсрэг талын баримтыг нягтлан шалгах цаг хугацаа болон хүний нөөцийн боломжгүй үед мөн нийтлэхээс татгалзаж болно. Эдгээр тохиолдолд энэ шийдвэрийг хүсэлт ирүүлсэн этгээдэд заавал эргэн мэдэгдэнэ.
Баримт нягтлах мэдээллийг сонгохдоо бүх төрлийн мэдээллийн баримтыг нягтлах боломжгүй гэдгийг хатуу анхаарна. Баримт шалгах боломжгүй мэдээллийн төрөлд дараах мэдээлэл багтана.
Хувь хүний үзэл бодол
Ирээдүйд болох зүйлийг таамаглан, төсөөлж хэлсэн зөгнөл
Өрнөж буй үйл явц
Эх сурвалж
Mongolian Fact-checking Center нь аливаа мэдээллийг нягтлан шалгахдаа заавал анхдагч эх сурвалжтай холбогдоно. Холбогдох боломжгүй, эсвэл өгөгдсөн хугацаанд хариу авч амжаагүй нөхцөлд учир шалтгааныг заавал баримт шалган нийтлэхдээ дурдана.
Аливаа баримтыг нягтлан шалгахдаа тухайн баримтыг батлах, эсвэл няцаах хамгийн гол баримтуудыг заавал дурдана. Эцсийн дүгнэлт нь хэрхэн гарахаас үл хамааран хоёр талын баримтыг заавал оруулна. Ингэхдээ тухайн эх сурвалж нь цахим хэлбэрээр байгаа нөхцөлд холбоосыг нь заавал оруулж өгнө.
Mongolian Fact-checking Center нь анхдагч эх сурвалжтай заавал холбогдох ч эцсийн дүгнэлтэд баталгаат эх сурвалжийн мэдээллийг чухалчилж үзнэ.
Анхдагч болон баталгаат эх сурвалжийн мэдээллээр тухайн баримтыг батлах, эсвэл няцаах тохиолдолд тухайн эх сурвалжийг заавал ил тод мэдээлнэ. Зөвхөн тухайн эх сурвалжийн хувийн аюулгүй байдал, эдийн засгийн баталгаат байдалд сөргөөр нөлөөлөхүйц тохиолдолд дурдахгүй байж болно. Гэхдээ энэ тухай аль болох дэлгэрэнгүй мэдээлнэ.
Аливаа мэдээллийг анхлан олон нийтэд мэдээлсэн этгээд нь анхдагч эх сурвалж болон баталгаат эх сурвалжийн аль нь ч биш байх үед түүнтэй заавал холбогдож, нэмэлт мэдээлэл авахыг зорино. Гэхдээ дараах зүйлсийг бодолцож, шаардлагатай үед уян хатан ажиллах хэрэгтэй:
Цахим орчинд дурын хүнтэй холбогдоход хүндрэлтэй байж болно
Тухайн эх сурвалж шуурхай хариу ирүүлээгүй нөхцөлд хүлээж цаг алдахгүй байх хэрэгтэй
Тухайн эх сурвалж баримт шалгахыг болиулах санал илэрхийлэхээс үл хамааран баримт нягтлах ажиллагааг үргэлжлүүлэх
Хувийн аюулгүй байдал, хууль эрх зүйн зохицуулалт зэрэг шалтгааны улмаас баримт шалгагч нь тухайн эх сурвалжтай холбогдохгүй байж болно.
Баримт нягтлагч нь хэт нэг талыг баримталсан баримт мэдээлэл цуглуулах замаар мэдээллийг нягтлан шалгаж болохгүй.
Эш татаж, дурдаж байгаа эх сурвалжийн өгсөн мэдээлэл нь хувийн ашиг сонирхолтой зөрчилтэй гэж үзсэн нөхцөлд эх сурвалжийн хувийн эрх ашигтай холбоотой мэдээллийг заавал нийтэлнэ.
Нийтэд мэдээлэгдсэн аливаа мэдээллийг нягтлан шалгахдаа зөвхөн нэг эх сурвалжаар няцаах, эсвэл батлахгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Тухайн асуудлаар байр суурь илэрхийлэх ганцхан эх сурвалж байх нөхцөлд үүнийг тодорхой тайлбарлах хэрэгтэй.
Mongolian Fact-checking Center нь хэд хэдэн эх сурвалжийн мэдээлэл ашигласан тохиолдолд тэдгээр эх сурвалжийн баталгаат байдал, тухайн асуудлаар байр сууриа илэрхийлэх эрх зүйн чадамжтай эсэх, тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх зүйн чадамжтай эсэх зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж итгэж болох байдлаар эрэмбэлж болно.
Баримт нягтлах ажиллагаа
Mongolian Fact-checking Center нь баримт нягтлан шалгах үйл ажиллагаандаа дараах үе шат, дарааллыг дагаж мөрдөнө. Тухайн нөхцөл байдал, баримтын онцлогоос шалтгаалан зарим үе шатыг алгасах боломжтой.
Тухайн мэдээллийг анхлан олон нийтэд ил болгосон эх сурвалжийг судална.
Тухайн мэдээлэл тархсан байдалд үнэлгээ хийнэ.
Тухайн мэдээлэлд эрх ашиг нь хөндөгдөж байгаа, эсвэл тухайн асуудлаар эцсийн хариулт өгч чадах анхдагч эх сурвалжийг тодорхойлж, тодруулга авна.
Анхдагч эх сурвалжийн мэдээллийг няцааж, эсвэл баталж болохуйц бусад эх сурвалжийг тодорхойлж, тодруулга авна.
Технологийн шийдэл ашиглан нийт эх сурвалжийн мэдээллийг нягтлан шалгана.
Олж авсан эх сурвалжуудын мэдээллийг нэгтгэн, эцсийн дүгнэлт гаргах боломжтой нөхцөлд баримт нягталсан тухай тайлан мэдээг бичнэ.
Эцсийн дүгнэлтийг редакцаар хэлэлцэн нийтлэхэд бэлдэнэ.
Тухайн мэдээллийн баримтыг нягталж байх хугацаанд тухайн мэдээлэлтэй холбоотой нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхийг шалгана.
Тухайн мэдээллийн баримтыг нягталсан тухай тайлан мэдээ нь энэ журмын 2.1-д заасан зорилгуудыг биелүүлж чадах хэвээр байна гэж үзвэл нийтэлнэ.
Хувийн болон байгууллагын эрх ашгийг ил тод мэдээлэх
Шалгаж байгаа мэдээлэлтэй холбоотойгоор Mongolian Fact-checking Center нь ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай бол түүнийгээ нягтлан шалгасан мэдээлэлдээ тодорхой тусгаж оруулна.
Энэ журмын 1.4-д заасны дагуу арилжааны зорилготой, ямар нэг компанитай байгуулсан гэрээний хүрээнд нягтлан шалгасан баримт нь олон нийтэд мэдээллийн ач холбогдолтой гэж үзсэн нөхцөлд нийтэлж болно. Гэхдээ энэ тохиолдолд нийтэлсэн мэдээлэлд тухайн баримт нягтлах үйл ажиллагаа нь хаанаас санхүүжсэнийг ЗААВАЛ ил тод, хялбар харагдахуйц байдлаар нийтэлнэ.
Хориглох үйлдлүүд
Mongolian Fact-checking Center нь баримт нягтлан шалгасан тухай тайлан мэдээллээ нийтлэхдээ нууц нэр ашиглахгүй.
Нэг эх сурвалж бүхий мэдээллийг нэг эх сурвалжаар няцаахгүй, батлахгүй.
Хоёрдогч, эсвэл гуравдагч эх сурвалжийг анхдагч эх сурвалж мэтээр ойлгуулахыг хориглоно.
Тухайн эх сурвалжийн хувийн, бизнесийн эсвэл улс төрийн эрх ашгийг нуун дарагдуулахыг хориглоно.
Хувийн үзэл бодол, таамаг, хувийн амьдралын туршлагад тулгуурлан дүгнэлт гаргахгүй.
Хувийн үзэл бодол, таамаг, хувийн амьдралын туршлагад үндэслэн урьдчилсан байдлаар дүгнэлтийг таамаглаж, түүнд тохируулан зөвхөн өөрийн таамаглалыг батлах эх сурвалжийн мэдээллийг цуглуулахыг хатуу хориглоно.
Ямар ч тохиолдолд эх сурвалжийн хэлсэн үг буюу аман эх сурвалжийг хоёрдогч, эсвэл гуравдагч эх сурвалжаар баталгаажуулахгүйгээр ашиглахгүй.
Аливаа тайлан мэдээ, бичмэл эх сурвалж, судалгаа зэргийг судалгааны арга зүйг нь судлахгүйгээр ашиглахгүй.
Хэл найруулгын хувьд хоёрдмол утга илэрхийлэхүйц, хэт уянгын халилтай, уншигчийн сэтгэл зүйд нөлөөлөх, сэтгэлийг хөөргөх зэрэг нөлөө үзүүлж болзошгүй хэл найруулга, үг ашиглахгүй.
Бусад
Mongolian Fact-checking Center нь өөрийн цахим хуудас болон албан ёсны цахим сүлжээндээ холбоо барих мэдээллээ тодорхой, хялбар харагдахуйц байдлаар оруулна.
Mongolian Fact-checking Center нь залруулгын бодлого болон холбоо барих мэдээллийг баримт нягталсан тухай тайлан мэдээ болгоны доор байршуулж өгнө.
Mongolian Fact-checking Center нь олон нийтийг баримт нягтлуулах хүсэлт ирүүлэх, өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт, гомдлыг идэвхтэй ирүүлэхийг дэмжиж, урамшуулна.
Mongolian Fact-checking Center нь хэрэглэгчээс баримт, мэдээ нягтлуулахтай холбоотой хүсэлт хүлээж авсан нөхцөлд тухайн баримт нь зөвхөн нягтлан шалгах боломжтой бөгөөд олон нийтийн эрх ашигт чухал нөлөөтэй гэж үзсэн нөхцөлд шалгагдаж, нийтлэгдэнэ гэдгийг тодорхой ойлгуулна. 7.5. Mongolian Fact-checking Center нь энэхүү журмыг Олон улсын баримт шалгагчдын сүлжээ ( International Fact-checking Network)-ний бодлоготой уялдуулан шинэчилж, дагаж мөрдөнө.
Эх сурвалж: mfcc.mn
Comments