“Hawks” баг оюутны лигт шинэчилсэн бүрэлдэхүүнтэй оролцоно
- Humuun News
- 2 days ago
- 1 min read

Тус баг энэ хичээлийн шинэ жилд нэгдүгээр түвшний суралцагчдаар бүрэлдэхүүнээ өргөтгөлөө. Сургуулийн элсэгчдийн дунд зохион байгуулагддаг тэмцээнд амжилттай оролцсон Програм хангамжийн нэгдүгээр түвшиний оюутнууд А.Дөлгөөнтамир, Ж.Арман, Н.Саруул, Л.Бат-Амгалан, Гадаад хэл орчуулгын оюутан А.Амартүвшин, 4-р түвшиний оюутан Г.Мишээл, Олон улсын харилцааны чиглэлээр суралцагч Х.Тэмүүлэн нарыг шалгаруулан авчээ. Энэ улиралд туршлагатай тоглогч О.Төгөлдөр багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэнэ.
Хоёр сарын турш бэлтгэлээ хангаж энэ сарын 17-ны өдөр оюутны лигийн 25 дахь улирлын нээлтийн үйл ажиллагаанд шинэ бүрэлдэхүүнээрээ оролцов. Энэ жилийн лигт 23 их, дээд сургуулийн 41 баг тамирчид өрсөлдөж байна.
Багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбат энэ улиралд аваргын төлөө өрсөлдөх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд сургуулийн зүгээс бүх талын дэмжлэгийг үзүүлж, багийн амжилтанд түлхэц болж байгааг онцлов. Энэ улиралд төвийн байрлалын тоглогчдоор хүчээ зузаатгасан нь онцлог байлаа. Өнгөрөгч сарын 26-ны өдөр Чингис СООСЭ Их Сургуулийн “Spartans”, энэ сарын 6-ны өдөр Төмөр замын дээд сургуулийн “Жигүүртэн”, 14-нд ҮБТД Сургуулийн “Nipe broncos” багуудтай нөхөрсөг тоглолт хийж, багийн уялдаа холбоогоо шалгасан байна.
“Hawks” баг оюутны лигээс гадна “U23” улсын аварга шалгаруулах тэмцээн, их дээд сургуулиудын “Универсиад” спортын наадам, насанд хүрэгчдийн УАШТ мөн Монголын оюутны спортын их наадам зэрэг томоохон тэмцээнүүдэд тогтмол оролцдог. Багийн дотоод уур амьсгал, харилцаа хандлага, хичээл сурлагын чанараараа бусад сургуулийн багуудаас онцгойрдог байна.
“Hawks” сагсан бөмбөгийн багийг дэмжихийг хүсвэл та доорх холбоосоор нэвтрэн багийн сошиал хаягуудыг дагаарай.
Бэлтгэсэн: Сэтгүүлчийн 1-р түвшиний оюутан С.Нарансувд














Comments