ӨНӨӨДРИЙН БУРУУ ХООЛЛОЛТ МАРГААШИЙН ӨВЧИН
- Humuun News
- Apr 28
- 4 min read

Монгол улсад жил бүр 1000 гаруй хүн ходоодны хорт хавдраар оношлогддог бөгөөд Үндэсний статистикийн хорооны 2010-2020 оны хооронд хийсэн судалгаанд хорт хавдрын 8137 шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 28.5 хувиар нэмэгджээ. Иймд ходоодны хорт хавдар нь жилээс жилд залуужиж, энэ өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо ч мөн олширсоор байгаа юм. Судалгаанаас харахад өвчлөгсдийн дийлэнх хувь нь 50-аас дээш насныхан байсан бөгөөд үүний 80 хувь нь хүүхэд насандаа буруу хооллолтын хэв маягтай байсантай холбоотойг тогтоожээ.
Би бага ангиас ахлах анги хүртлээ гэр бүлийнхнээрээ хоол хүнсээ бэлдүүлж иддэг байсан. Харин арван жилээ төгсөж Улаанбаатар хотод оюутан болж орж ирээд миний амьдралын дадал зуршил, хэв маяг бүгд өөрчлөгдсөн. Ажил хийдэггүй хичээл ихтэй оюутан хүний хувьд хаана хямд, амттай, хурдан бэлэн болдог зүйлийг л авч иддэг болсон байлаа. Би ийм маягаар хоолны буруу зуршилтай явсаар удалгүй ходоод их хэмжээгээр өвдөж эхэлсний дараа хооллолт, амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой гэдгээ ойлгосон. Гэсэн ч би ганцаараа ийм хооллолттой байсан уу? гэвэл мэдээж үгүй. Монголд суралцаж буй оюутан залуусын дийлэнх хувь нь санхүүгийн боломжгүй байдал, сургалтын ачаалал, цагийн ажил, өдөр тутмын дадал зуршил зэргээс хамаараад иддэг хоол нь бэлэн гоймон, муудсан тосонд шарсан, бууз, хуушуур, ороомог. Бидний идэж буй энэ хоол нь өөрөө ходоодны хорт хавдрын суурь шалтгаан болж өгдөг. Тэгвэл Г.П.Малахов зохиолчийн бичсэн “Өлсөхүйн гайхамшиг” номоос байгалийн хуулийн дагуу эрүүл байх, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой өөрийн судалж мэдсэн мөн хэрэгжүүлдэг аргуудаас хуваалцъя.

1.Цагийн хуваарийн дагуу идэх
Бид бүхэнд цаг байдгийн адилаар хоол боловсруулах эрхтэнд ч мөн цаг байдаг. Өдрийн арван хоёр цагаас оройн найман цаг хүртэл хоол идэхэд хамгийн тохиромжтой байдаг бол оройн найман цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл ходоод хоолыг шингээдэг үе. Энэ үеэр хоол идвэл ходоод хоолыг боловсруулан шингээж чадахгүйд хүрдэг байна. Харин үүрийн дөрвөн цагаас өдрийн арван хоёр цаг хүртэл бүдүүн гэдэс идэвхтэй ажиллаж бие бүхэлдээ цэвэрлэгээ хийгддэг үе. Энэ үеэр мөн хоол идэхийн хатуу хориглодог бөгөөд идэх шаардлагатай бол маш хөнгөн хооллох (самар,жимс ногоо) хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг.
2.Идэх дараалал
Хоол хүнсийг хурдан шингээж хоол боловсруулалтын системээ сайжруулахын тулд хурдан шингэдэг (жимс,ногооны салат)зүйлсийг түрүүлж идэх хэрэгтэй. Ингэснээр хоол ходоодонд орсноор нарын гэдэс рүү хурдан боловсруулагдаж хэрэгтэй шим тэжээлээ авч чаддаг байна. Хэрэв шингэц удаан явагддаг хүнсийг түрүүлж идвэл бие хэрэгтэй шим тэжээлээ авч чадаагүйгээс илүү хурдан өлсдөг байна.
3.Нүүрс ус болон уургийг хольж хэрэглэхгүй байх
Хүний биеийн 70 хувь нь ус үлдсэн 30 хувь нь бусад эд эрхтэн байдгийн адилаар хоол хүнсийг ч бас 70 хувийг уураг, үлдсэн 30 хувийг нүүрс устай хоол хүнсийг идэх хэрэгтэй. Ингэж идсэнээр хоолны шингэцийг сайжруулахад нэн тустай.
Мөн АНУ-ын Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх төвөөс энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой бидний амьдралын энгийн дадал дээр тулгуурлан гурван гол зөвлөмжийг хүргэсэн байна.
1.Жимс, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх
Судалгаанаас харахад төрөл бүрийн жимс, хүнсний ногоо тэр дундаа витамин С, бета-каротин (beta-carotene)-аар баялаг хүнсний бүтээгдхүүн өдөр тутамдаа хэрэглэснээр ходоодны хорт хавдраас сэргийлж, хамгаалах нөлөө үзүүлдэг байна.
2.Согтууруулах ундааны хэрэглээг багасгах
Согтууруулах ундаа болон тамхи их хэмжээгээр хэрэглэх нь ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг тул хэрэглээгээ багасгах эсвэл хязгаарлах.
3.Биеийн жингээ хэвийн хэмжээнд барих.
Хамгийн хялбар арга мэт санагдаж байгаа боловч таргалалт нь зүрх болон ходоодны хорт хавдар зэрэг олон өвчний суурь болдог учраас өдөрт дор хаяж 30 минут чанартай дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжих ч бас маш чухал талаар дурджээ.
Хэрэв бид өдөр тутамдаа маш их боловсруулсан хүнс, түргэн хоол идлээ гэж бодоход ердөө арван жилийн дараа гэхэд ходоодны хорт хавдар,зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг өвчний эхлэлийг ч тавих боломжтой. Тэгэхээр бид өдий хүртэл сурч мэдсэн мэдлэгээ хэдэн жил ашиглах бол? дөнгөж амьдралд хөл тавьж байгаа энэ насан дээрээ ирээдүйд өөрийнхөө бүтээх тэр дүр зургийг ердөө дөрөвхөн жилийн дотор үгүй хийх ч боломжтой байх нь. Тиймээс оюутан түүний ухамсар болон их сургуульд чиглэсэн шийдэл болгон хэрэгжүүлэх боломжтой хэд хэдэн шийдэл байна.
Нэгдүгээрт, сургууль болгон тодорхой хугацааны давтамжтай эрүүл мэндийн хэв маягт чиглэсэн сургалтууд зохион байгуулах. Ихэнх оюутнууд эрүүл мэнд чухал гэдгийг мэддэг ч үүний төлөө ямар нэгэн үйлдэл хийж чаддаггүй. Бас ямар хүнсийг хэзээ яаж хэрэглэх тал дээр ч мөн ойлголтгүй,мэддэггүйгээсээ болоод ямар нэг өвчнийг илүү оройтуулдаг болов уу.
Хоёрдугаарт, их сургууль бүрд байдаг цайны газар болон дэлгүүрийн цэсэд өөрчлөлт оруулах. Тэр болгон гэрээсээ хоолоо бэлдэж авчирч чаддаггүй оюутнууд олон байдаг, иймд хамгийн ойр худалдан авч болох эдгээр газрууд хүртэл ямар ч шим тэжээлгүй, үнэтэй, удсан бэлэн хоол хүнсийг ч худалдаалах нь элбэг байдаг. Тиймээс бага зардлаар өдөрт авах шим тэжээлийн хэмжээг тусгасан эрүүл хоолны менютэй болох хэрэгтэй.
Гуравдугаарт, оюутнууд өөрсдөө хоол хүнсээ бэлтгэн ирэх. Сургуульд завсарлагааны цагаар дэлгүүр болон цайны газраас хоол худалдаж авч идэж байгаа оюутан их байдаг ч гэрээсээ хоол бэлтгэж ирээд иддэг оюутан бараг л байдаггүй. Энэ нь хэдий хичээлийн ачаалал мөн завгүй зэргээс шалтгаалдаг байж болох ч ихэвчлэн өөрийнхөө төлөө цаг зав гаргаж, худалдаж авч иддэг мөнгөөрөө өөртөө зөв аргаар хөрөнгө оруулж чадахгүй байгаа нэг хэлбэр. Тиймээс сургууль болгон богино долгионы зуух, суух ширээ сандалтай болсон энэ үед эрүүл мэндийнхээ төлөө хоолоо бэлтгэж авчрах нь хамгийн зөв шийдлүүдийн нэг болох нь.
Эх орныхоо ирээдүй болсон оюутан залуус бид бүгдээрээ сайхан амьдрах хүсэлтэй. Сайхан амьдрахад маш их энерги хэрэгтэй бол энергийг бид өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнснээс авдаг. “Эрүүл хүн мянган хүсэлтэй бол өвчтэй хүн ганцхан хүсэлтэй” гэдэг үг байдаг. Тэгэхээр бүх зүйлийн үндэс эрүүл мэндтэй л холбоотой гэдэг санаа юм шүү дээ.
С.Нандин-Учрал
Comentarios