Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Урлагийн наадам”
- May 13
- 5 min read

Өглөөний 10 цаг. Спорт заалны хаалга нээгдэх мөчид дотроос нь хөгжмийн аялгуу далайн давалгаа мэт түрэн гарч, хүмүүсийн яриа урссаар байлаа. “Хүмүүн урлагийн их наадам 2026" нь оюутнуудын хувьд өөрийн доторх ертөнцөө тайзнаа амилуулж, авьяас, урам зориг хоёр нэгэн зэрэг галын дөл мэт бадарсан онцгой өдөр байлаа. Тэнд оюутан, багш, оролцогчдын хүлээлт зүрхний зөөлөн догдлол мэт аажмаар заалыг дүүргэн, суудлууд нэг нэгээрээ дүүрч байв.
ХИС-д урлаг заал байхгүй тул спорт заалыг урлагийн тайзны уур амьсгалд хувиргасан байсан. Нэмэлтээр тайзны гэрлээр засаж, цацраг болгон нь орчин бүрийг амь оруулах мэт тохируулсан нь энгийн нэг спортын танхимыг уран бүтээлийн өлгий болсон байлаа. Сургуулийнхаа нэрийг сийлсэн гүн цэнхэр, сүрлэг урт хөшиг заалны хойморт дэлгэгдэв. Энэ нь эхлэл төгсгөл нь үл харагдах тэнгэрийн хаяанд ууссан мөнхийн уужим далай мэт ноёрхож байлаа. Одод шиг гялалзах гэрлүүд нэвт шүргэн тусахад тэр орчин бүхэлдээ нүдэнд биш зүрхэнд харагдах хязгааргүй уянгын үлгэрийн орон шиг хувирсан байх нь тэр. Хөшигний урд үзэгчдийн суудал эмх цэгцтэй байрласан нь тайзыг чиглэсэн тэсэн ядан хүлээх хүлээлтийн далайг бий болгож байв.
Өнгө өнгийн хувцас нарны туяа мэт нүд гялбуулан харагдана. Тайзны гэрэл тусах тэр мөчид бүжигчдийн хөдөлгөөн хунгийн чуулга мэт амилан, дуучдын уянгалаг хоолой заалыг зөөлөн эгшгээр сэргээв. Хөгжимчдийн аялгуу агаарт хөвөн хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж, үзэгчдийн зүрхийг баяр баяслаар бялхааж байлаа. Оролцогчдын сандралыг гар, нүүрний хувирлаар нь мэдэж болохуйц байсан. Хэсэг хүмүүс инээмсэглэн бие биедээ урам өгч, тайзан дээрх үзүүлбэр бүртээ “үг бүхнээ зүрхнийхээ цусаар бичдэг яруу найрагч” шиг өөрийн сэтгэлээ шингээж байлаа. Энэ нь наадмын уур амьсгалыг илүү амьд мэдрэмжтэй болгон, үзэгчдийг туйлын туяа харж байгаа мэт сонирхлыг нь татаж байсан юм.
Энэ удаагийн наадам нь 2026 оны 4 сарын 3-нд нийт 132 оролцогч, 40 гаруй үзүүлбэр тоглогдож, гоцлол дуу, хамтлаг дуу, гоцлол бүжиг, хамтлаг бүжиг, хөгжим, чөлөөт үзүүлбэр гэсэн 6 төрлөөр өрсөлдөв. Шүүгчээр Олон улсын battle-ийн финалист, UBDance Fest-ийн аварга, E-Army лидэр, Meda G захирал Ууганбаярын Чинхүслэн, “Visual Moon” хамтлагийн гитарчин, Room 11-ийн үүсгэн байгуулагч, B Production-ийн Ерөнхий менежер, Berlin Alternative Fashion Week-ийн хамтран зохион байгуулагч, Sound & Imaging Arts, Cultural Exchange байгууллагын гүйцэтгэх захирал Батмөнхийн Тэмүжин, мөн Чингисийн одонт соёлын элч, Морин хуур найрлалын хөгжимчин, МУСТА, Жаргалсайханы Уранцэцэг нар урилгаар оролцлоо.
Хөтлөгч Англи хэлний багш, орчуулгын 1-р ангийн оюутан М.Энх-Аялгуу, Маркетингийн 1-р ангийн оюутан О.Есөнтөмөр нар микрофоноо барин тайзны голд гарч үгээ хэлэх тэр агшинд ийнхүү албан ёсоор урлагийн наадам эхэллээ. Үзэгчид нүд салгалгүй тайзыг ширтэж, агшин бүрийг догдлон хүлээж байсан юм. Тэд бүгд нэг л зүйлийг мэдэрч байв. Урлагийн наадам хүн бүрийн сэтгэлд гэрэл гэгээ нэмж, бүүдгэр тэнгэрт нар цухуйхтай адил байлаа. Тайзнаас урсан гарах аялгуу, алга ташилт, инээмсэглэл бүгд нэгэн зүрх шиг нийлж, тухайн агшныг мартагдашгүй нандин дурсамж болгон хувиргаж байв.
Би өөрөө хамтлаг бүжгийн төрөлд оролцсон тул тайзны арын уур амьсгалыг илүү ойроос мэдэрч чадсан юм. Тайзны ард оролцогчид хөдөлгөөнөө сүүлчийн удаа давтаж, амьсгалаа жигдрүүлэн, нэг нэгнийхээ харцнаас зориг авч байлаа. Гэрэл тусах тэр үед сандрал биш, бэлэн байдал нүүрэн дээр нь тусч байсан юм. Удалгүй манай хамтлаг тайзан дээр бүжиглэж дуусмагц хашхирах чимээ, алга ташилт нь зөвхөн бидний үзүүлбэрт бус, урт хугацааны бэлтгэл, ядарсан өдрүүд, хөлсөө гартал давтсан хөдөлгөөн бүрийг үнэлж байгаа мэт санагдав.

Нэг оролцогч тайзан дээр гарахдаа сандралаа хаяж, хөгжим эхэлмэгц дэлбээлж буй цэцэг мэт өөртөө итгэлтэй болж, бие нь салхины аясаар найгах мэт хөгжимд уусав. Тэр бол гоцлол бүжгийн төрөлд оролцсон Сэтгүүл зүйн 1-р ангийн оюутан Ж.Баасан юм. Түүний хөдөлгөөн бүр хөгжимтэй нэгэн хэмнэлд уусан, тайзыг бүхэлд нь эзэгнэсэн жинхэнэ уран бүтээлч мэт харагдаж, үзэгчдийн зүрхэнд мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн юм. Чөлөөт үзүүлбэрийн төрөлд Сэтгүүл зүйн 1-р ангийн оюутан А.Амин-Эрдэнэ өгүүллэг уншлаа. Тэрээр Ц.Түмэнбаярын "Өдтэй бичиг" өгүүллэгийг уншиж эхлэх мөчид заал тэр чигээрээ нам гүн болж, үзэгчид нэгэн зэрэг төвлөрөн анхааралтай сонсож байлаа. Аравт, зуутын тогтолцоотой байсан тэр үеийн хатуу нийгэмд улс төрийн чухал бичгийг алдаж, хайртай хүмүүсээ нэг нэгээр нь алдах эмгэнэлт хувь заяатай 12настай охины талаар өгүүлсэн юм. Түүний уншлага, хоолойн чичирхийлэлд үг бүр нь амь орж үзэгчдийн сэтгэлд тод зураг мэт бууж байлаа. Өгүүллэг дуусахад хамгийн чанга алга ташилт заалыг дүүргэсэн юм.

Мөн Бизнесийн удирдлагын 1-р ангийн оюутан Ч.Ууганзаяа биеийн хөдөлгөөнөө хөгжимтэй нэг амьсгалд уяж, нугарах бүртээ хатуу суурин дээр гол мөрөн мэт зөөлөн урсаж байв. Түүний уян хатан хөдөлгөөн нь хүний бие ийм хэмжээнд намирч урсах торгон хөшиг шиг уян хатан байж чадна гэдгийг үзэгчдэд харуулсан. Тэр нь чөлөөт үзүүлбэрийн төрөлд тэргүүн байр эзэлсэн юм.

“Өмнө жилүүдэд зөвхөн өөрсдийн суралцаж буй хөтөлбөрийн оюутнуудтайгаа хамтран оролцдог байсан бол 2025 оноос эхлэн 4 салбар сургуулийн харьяа хөтөлбөрүүд хоорондоо нэгдэж болох боломж нээгдсэн нь энэ удаагийн наадмын томоохон онцлог болж чадсан. Ингэснээр оюутнууд илүү нэг нэгэнтэйгээ нэгдэж, хамт олны оролцоо ихэсч, өрсөлдөөний чанар сайжирсан. Мөн энэ жил маш олон төрлийн авьяастай оюутнууд оролцсоноороо их онцлог байж чадлаа. Өрсөлдөөн ихтэй наадам болсон гэж харж байна. Анги хамт олнууд маш идэвхтэй, сэтгэл зүрхээ гаргаж оролцож байгааг нь харахад их бахархууштай байсан. Сургуулийн спорт заалыг 16:00 цагаас өмнө суллаж өгөх шаардлагатай байдаг нь ер нь жил бүр хүндрэлтэй байдаг. Учир нь тухайн жилд хэр их оюутнууд, хэр их үзүүлбэрүүдээр оролцохыг бид мэдэхгүй тул үйл ажиллагааг цагт нь багтаана гэдэг нь бас тэрүүхэн тэндээ их эгзэгтэй хүндрэл болж хувирдаг. Гэсэн ч бид уламжлал болсон энэхүү маш том хүрээнд хийгддэг тус үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд бүх бэрхшээлүүдийг давж чадсан” хэмээн Хүмүүн клубийн тэргүүн Маркетингийн 4‑р ангийн оюутан Б.Номин дурдлаа.
16 цаг болоход хамгийн сүүлийн үзүүлбэр дуусаж, тайзны гэрэл аажмаар бүдгэрэн, саяхан л давлагаалж байсан баярын шуугиан намжиж заал чимээгүй болов. Хөтлөгч эцсийн үгээ хэлэн шүүгчид дүнгээ нэгтгэж байх хооронд оролцогчид зүрх нь цээжиндээ багтахаа больсон мэт түгшиж, олон өдрийн хичээл зүтгэл, бэлтгэлээ дүгнүүлэхээр тэсэн ядан хүлээж байгаа харагдана. Эцэст нь дүн гарч, байр эзэлсэн оролцогчид шагналаа авав. Зарим нь шагналаа барин нүдэнд нь оч асгарах шиг инээлдэж, дурсгалын зураг татуулж, хамтлагийнхантайгаа тэврэлдэн зогсоно. Зүрхэнд нь хурсан аз жаргал дэндүү ихсэж, хаврын анхны бороо орж байгаа адил баярын нулимс унагааж байв. Харин зарим нь ганцаараа дотроо бодолд автан, манан дунд төөрсөн мэт гуниглан алхаж байлаа.
Энэ өдөр зөвхөн урлагийн наадам болж өрсөлдөж, уралдах нь чухал биш байв. Нэг өдрийн турш оюутнуудын өөр өөрийн авьяас, хичээл зүтгэл, зориг бахархал нь унтардаггүй дэнлүү мэт нэгдэж байсан. Зөвхөн үзүүлбэр үзүүлэх бус, “Олны хүч оломгүй далай” гэдэгтэй адил хамтдаа бүтээдэг үйл явц гэдгийг харууллаа. Мөн энэ удаагийн наадам нь оюутнуудын харилцан ойлголцол, багийн ажиллагааг нэмэгдүүлж, ур чадвараа сорих илүү өргөн боломжийг бий болгосон нь онцлох үр дүн байв. Саад бэрхшээлүүд байсан ч зохион байгуулалтын баг, оролцогч, дэмжигчид хамтдаа даван гарч чадсан нь энэ арга хэмжээний үнэ цэнийг улам тодотгож байна. Ингэснээр уг наадам нь авьяасыг шалгаруулах төдийгүй, оюутнуудын эв нэгдэл, тууштай байдал, хамтын хүчийг илэрхийлсэн сургуулийн соёлын чухал илэрхийлэл болж байна. Оролцсон ч, үзсэн ч, алга ташсан ч тэнд байсан хүн бүр энэ өдрийн нэг хэсэг болсон байлаа.
Шагнал: Гоцлол дууны төрөл:
· Тэргүүн байр Э.Хонгорзул /ОУХНСС/
· Дэд байр Б.Болортуяа /ОУХНСС/
· Гутгаар байр Б.Тэмүүлэн /ОУХНСС/
Хамтлаг дууны төрөл:
· Тэргүүн байр Б.Тэмүүлэн Э.Хонгорзул /ОУХНСС/
· Дэд байр М.Эрдэнэцоож Б.Болортуяа /ОУХНСС/
· Гутгаар байр Дөрөв хамтлаг /ОУХНСС/
Гоцлол бүжгийн төрөл:
· Тэргүүн байр Ү.Жавхлантөр /БС/
· Дэд байр Н.Эрхэс /ОУХНСС/
· Гутгаар байр Б.Жинжиймаа /ОУХНСС/
Чөлөөт үзүүлбэрийн төрөл:
· Тэргүүн байр Ч.Ууганзаяа /БС/
· Дэд байр А.Амин-эрдэнэ /МХМС/
· Гутгаар байр 23k хамтлаг /ОУХНСС/
Хамтлаг бүжгийн төрөл:
· Тэргүүн байр Таалдаа хамтлаг /ОУХНСС/
· Дэд байр Үүлэн чөлөө хамтлаг /ХСС/
· Гутгаар байр Нарны домог хамтлаг /ХСС/
Хөгжим төрөл:
· Тэргүүн байр Д.Оюунтунгалаг /ХСС/
· Дэд байр Ч.Жавхлантамир /ОУХНСС/
· Гутгаар байр Н.Эгшиглэн /ОУХНСС/
Сурвалжилсан: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Б.Алтанзул




Comments