Камер асахаас өмнөх Tonight Show-ний уур амьсгал
- 2 minutes ago
- 4 min read
Америкийн телевизийн салбарт олон арван жилийн түүхтэй дэлхийд алдартай The Tonight Show Starring Jimmy Fallon нь үзэгчдийг инээд хөөр, сонирхолтой ярилцлага, өвөрмөц контентоороо байлдан дагуулсаар ирсэн билээ. Тус шоуг хөтлөгч Jimmy Fallon 2014 оноос хойш амжилттай хөтөлж байна. Тэгвэл энэхүү алдарт шоу Монголын үзэгчдэд хүрч Central TV-ийн дэлгэцээр албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн ням гараг бүр гарж эхэлжээ. Монгол хувилбарыг жүжигчин, хөтлөгч, тус сувгийн захирал Г.Анхбаяр хөтлөн явуулж олон улсын форматыг үндэсний өнгө аяс үзэгчдийн сонирхолд нийцүүлэн хүргэж байгаа юм. Энэ удаа надад уг шоуг биечлэн үзэх боломж олдсон юм.
Анх Central TV-ийн Instagram хуудсанд “үзэгчдийн бүртгэл явагдаж байна” гэх зарыг олж хараад шууд бүртгүүлсэн юм. Аз туршсан тэр шийдвэр минь удалгүй хариу авч хэдхэн хоногийн дараа и-мэйлээр “Та сонгогдлоо” гэсэн мэдээ ирлээ. Тус mail-д зураг авалтын өдөр, цаг, хувцаслалт болон баримтлах шаардлагуудыг дэлгэрэнгүй бичсэн байлаа. Пүрэв гаргийн 13:00 цагт Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Nomadia Pictures компанийн байранд.

Өглөө нь хичээлтэй байсан тул 12 цагт тараад төв номын сангаас Зайсан чиглэлийн автобусанд сууж MCM буудал дээр буулаа. Тэндээсээ газрын зураг ашиглан студийн зүг явлаа. Зам дагуу нарийхан бараг хоёр хүн зөрөхөд бэрх явган хүний замаар алхах зуур “би зөв газраа явж байна уу” гэх эргэлзээ надад төрж эхлэв. Гэвч цаашлах тусам хослол өмссөн залуус харагдаж эхэлсэн нь зөв газраа явж байгаа юм шиг санагдав. Удалгүй машины том зогсоолын цаана “Nomadia Pictures” гэх том хаяг нүдэнд тусаж. Гаднаас нь харахад агуулах ч юм шиг энгийн барилга ч юм шиг энэ газарт хаалгыг нь олж харахад бэрх байлаа. Гэвч барилгын буланг тойроход үүдний хэсэгт олон хүн цугларч ээлжээ хүлээн зогсож байгаа нь харагдав. Дөхөж очиход хаалганы дээр “The Tonight Show Starring Ankhbayar” гэсэн хаяг тод харагдаж гадаа нь Central TV-ийн ажилтнууд зогсож байлаа.
Дотогш ормогц орчин нь шууд анхаарал татав. Хар хөх өнгө давамгайлсан хэт хурц биш минимал хийцтэй интерьер зөөлөн шаргал туяатай гэрэл, цонхоор тусах байгалийн гэрэл, тухтай дулаахан уур амьсгалыг бүрдүүлжээ.

Үүдэнд ирсэн зочид улавч өмсөн бүртгэлийн хэсэгт нэрээ хэлэн бугуйнд зүүдэг “Tonight Show” гэсэн юм авлаа. Хүлээлгийн хэсэгт ормогц хүмүүс аль хэдийн ирж хоёр талд сууж байгаа харагдана. Энд хувцсаа хадгалах locker, кофе захиалах жижиг булан, өндөр сандлууд бүхий ширээ, мөн дугуй хэлбэрийн тухтай буйдангууд байрлана. Урдах том дэлгэцээр өмнөх дугааруудыг гаргаж байсан нь үзэгчдийг уур амьсгалд аажмаар оруулж шоуны хүлээлтийг нэмэгдүүлж байв. Ийнхүү бараг нэг цаг орчим хүлээх зуур бид тэр орчиндоо бага багаар дасаж эхэлсэн юм. Зарим нь дурсгал болгон зураг дарж, зарим нь зүгээр л ажиглан чимээгүй сууна. Ажилчдыг ажиглахад хамгаалагч нараас бусад нь ихэвчлэн залуучууд байлаа. Central TV-д залуучууд их байдаг болохоор хүмүүс их дуртай байдаг юм шиг.
Шоу эхлэхээс 30 минутын өмнө үзэгчид хариуцсан ажилтан Н.Нандин-Эрдэнэ хэмээх 25 орчим насны эгч гарч ирэн бидэнд ямар зүйлсийг баримтлах ёстойг тайлбарлаж өгсөн нь их таалагдсан. Тэр зөвхөн заавар өгөхөөс гадна үзэгчидтэй хөгжилтэй яриа өрнүүлж, уур амьсгалыг илүү дотно болгож чадсан юм. Сүүлд нь түүнийг ариун цэврийн өрөөний үүдэнд тааралдахад би боломжийг алдалгүй өөрийгөө сэтгүүл зүйн оюутан гэдгээ хэлж энэ ажилд хэрхэн орсон талаар нь асуув. Тэр намайг өхөөрдсөн харцаар харж байснаа “Би анх телевизийн салбарт сонирхолтой байсан болохоор дадлагажигчаар орж байсан. Тэгээд бага багаар туршлага хуримтлуулаад энэхүү ажилдаа орсон. Ер нь энэ салбарт дуртай байхад л боломж аяндаа гарч ирдэг” хэмээн хариулсан нь надад мөн боломж байгаа юм шиг мэдрэмж төрж эхэлсэн.
Удалгүй шоу эхлэх цаг болж биднийг тайз руу оруулахдаа зураг авах, бичлэг хийхийг хатуу хориглож байгааг санууллаа. Бараг хоёр метр өндөр өргөн хаалгаар орж ирэхэд урд талд нь өндөр хөшиг, баруун гар талд хөгжимчдийн зэмсгүүд, мөн хөтлөгч болон зочдын суух хэсэг байрласан байв. Үзэгчдийн суудал хоёр эгнээгээр байрласан бөгөөд зүүн талд нь зураг авалтын камерууд эгнэн байрлажээ. Би урдаас гурав дахь эгнээнд суусан бөгөөд тайзыг бүхэлд нь төвөггүй харж байлаа. Шоу эхлэхийн өмнө туслах хөтлөгч, жүжигчин Ш.Доржсүрэн гарч ирэн үзэгчидтэй хөгжилтэй харилцаж уур амьсгалыг улмал таатай болгож байлаа.

Тун удалгүй зураглаачид бэлэн болсныг мэдэгдэж “Гарууд” хөгжмийн хамтлаг байраа эзэллээ. Өндөр хөшигний цаанаас хөтлөгч Г.Анхбаяр гарч ирэхэд эхний зураг авалт эхэлж нэг авалтаар шууд л болчхов. Тэр мөчид туршлагатай хөтлөгч ямар ч алдаагүй итгэлтэй ажилладгийг би анзаарсан юм. Зураг авалтын завсарлагаар камеруудын байрлалыг өөрчилж дараагийн хэсэгт бэлтгэх зуур Н.Нандин-Эрдэнэ биднийг уйдаахгүйн тулд хөгжилтэй асуулт асууж үзэгчдийг идэвхтэй байлгаж байлаа. Удалгүй дараагийн зураг авалт эхэлж хөтлөгч зочдоо урьж танилцууллаа. Энэ удаагийн эхний зочдоор Жавхлан, Баясгалан нар оролцсон бөгөөд тэдний яриа сонирхолтой, чөлөөтэй өрнөж бараг 30 минут үргэлжилсэн юм. Дараагийн зочдоор оюуны спортын мастер Энхшүр, Мөнхшүр нар оролцож мөн л алдаа мадаггүй сонирхолтой ярилцлага өрнүүлэв. Зочдын хэсэг дууссаны дараа 10 минутын завсарлага авч тайзны дараагийн засалтыг хийлээ. Завсарлага дуусахад хөгжөөнт тоглоомын хэсгийн тайз бэлэн болсон байв. Тайзны голд гурван сандал нэг ширээ байрлуулж орчныг бүдэг гэрэлтүүлэн зөвхөн ширээг тод гэрлээр тусгасан нь илүү анхаарал татаж байлаа. Камерууд ч гурван талаас байрласан байв. Энэ хэсэг надад хамгийн их таалагдсан. Жавхлан, Баясгалан нар оролцож тоглоом эхлэхэд үзэгчид үнэхээр чин сэтгэлээсээ инээж байлаа. Өмнө нь “үзэгчдийг хүчээр инээлгэдэг” гэх сэтгэгдэл харж байсан ч бодитоор оролцоход тэр уур амьсгал огт өөр үнэхээр хөгжилтэй санагдсан юм. Хөгжөөнт хэсэг дууссаны дараа хөтлөгч Анхбаяр үзэгчдэд хандан талархал илэрхийлж “Та наргүйгээр энэ нэвтрүүлэг орших боломжгүй” хэмээн урам өгсөн нь хүмүүс яагаад энэ нэвтрүүлэгт дуртай байдгийн нэг илрэл мэт санагдсан.
Зураг авалтын дараа хажуудаа сууж байсан хүнээс ямархуу байсныг асуухад: “Зурагтаар харахаас шал өөр мэдрэмжтэй юм байна. Яг дунд нь сууж оролцохоор илүү сонирхолтой, илүү хөгжилтэй санагдлаа” гэж хэлсэн. Шоу дууссаны дараа ажилчид бидэнд талархал илэрхийлж дахин үзэгчийн бүртгэлд хамрагдах боломжтойг хэлэв. Ингээд би тэр халуун дулаан уур амьсгалтай орчноос гарч Central TV-ийн нэвтрүүлгийг илүү ойроос мэдэрч яагаад хүмүүс дуртай байдгийг мэдлээ.
Сурвалжилсан: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан С.Ариун-Эрдэнэ




Comments