top of page

ИНЭЭМСЭГЛЭЛИЙН НАРАН ДОР ГЯЛАЛЗСАН АЛТАН ТАЙЛАНД


Өнгөрсөн 3 сард би эгчтэйгээ, эгчийнхээ найзуудтай хамт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр Тайланд улс руу яваад ирсэн. Яагаад ч юм өвлийн амралтаар аялаж сэтгэлээ сэргээмээр санагдаад эгч маань аяллын төлөвлөгөө ярихаар нь намайг тээшиндээ аваад явахгүй биз гэж хошигнож байсан юм. Өвлийн амралтаар амжаагүй ч явах боломж гарсанд сэтгэл догдлож нисэх өдрөө догдлон хүлээсэн.

Онгоцны тасалбарыг 2 сарын өмнө урьдчилан захиалаад 3-р сарын 27-нд Улаанбаатар-Бээжин-Фукет чиглэлд 8цаг ниссэн. Гэрээсээ гарахдаа оймсон дээрээ шууд сандалаа өмсөөд буугаад л халуун орныг угтахад бэлэн гарлаа. Бээжин хүртэл гайгүй. Ердөө хоёрхон цаг. Харин Бээжингээс Фукет руу явахад цаг явж өгөхгүй, унтах гэхээр догдлоод нойр хүрэхгүй байсан.

 

Эцэст нь Фукетэд газардахад хүлээлт дүүрэн аялал маань эхэлсэн дээ. Манай эгч бүх буудал, үзэж харах зүйлсийн маршрутыг төлөвлөсөн байсан тул онгоцны буудлын гаднаас байрласан виллагаас угтаж хүргэх үйлчилгээ тоссон. Тайландад англиар ярих хүн маш олон учраас хөлөө олоход хялбар газар санагдсан. 4 өдөр Фукетэд, 3 өдөр Бангкокд байрласан. Фукет далайн эрэгтэй ойрхон учраас илүү бүгчим халуун гэж бодсон ч Бангкок илүү халуун байсан. 


Сэтгэлд үлдсэн газрууд

1.Банана далайн эрэг ба Фатон шөнийн гудамж

Далайн түрлэг ирж бас буцахдаа даахгүй байсан гунигийг минь угаачих шиг… 

Тэнгисийн уудам үзэсгэлэнд тэнгэр хүртэл дурлаад ичиж улаа бутарч буй мэт зураглал. Наранд үнсүүлж, давалгаанд бүүвэйлэгдсэн өдөр.



Фукетийн хамгийн гоё далайн эрэг нь Банана. Хэдийн Фатон эрэг нь илүү ойр ч гэлээ хүн ихтэй, жаахан замбараагүй бохир гэнэлээ. Фатон шөнийн гудамж гэж бий. Анх буусан шөнөө бид тэр хавиар зугаалсан.


Шоу цэнгээний төв цэг. Шөнийн 2 цагт ч гэсэн үл ажран зугаацах залуусын хөл хөдөлгөөнд дарагдсан газар. Ганцаараа явбал аюултай санагдсан. Энд тэндгүй согтуу, бас өвс татаад мансуурсан хүмүүс орилолдоно. Ил задгай бар, лоунжнууд. Хүн татах гэж элдэв янзын самбар лоозон бариад татаад оруулах нь холгүй ятгаад л. Мөн ледибой. Яахав фейсбүүкээс зөндөө л тийм хүмүүсийн бичлэг зураг харж байсан ч нүдээрээ харах сонин л юм билээ. Эрэгтэй хүн учраас өндөр чанга биетэй дээрээ муухан эмэгтэй хүнээс дээр нүүрээ будаж, бариу даашинз өмсөөд, өсгийт дээр гунхана. Өөрийгөө хараад бараг л тэд нараас дутаад байгаа юм шиг санагдах шахсан шүү. Хууль ёсоор мансууруулах элдэв өвс, тамхийг нь зөвшөөрдөг учраас чөлөөтэй. Хурц үнэр нь ялгарч үнэртдэг. Хамгийн үзэж харж байгаагүйгээ үзсэн нь Фатон л байсан даа. 



2. Madoobua кафе

Заавал очоорой гэх газар!

Байгалийн тогтоц гайхамшигтайгаас гадна энэ дроноор зураг бичлэг хийх кафены үйлчилгээ нь жуулчдыг татах түлхүүр нь. Яг энэ дээрх зураг шиг байдлаар 8 зураг татуулахад 500฿ буюу 50,000₮. Гэхдээ уух зүйл болон хоолны амт нь бусад идсэн хоолыг гүйцэхгүй. Миний дүгнэлтээр Тайландууд чихэрлэг амтанд их дуртай хүмүүс шиг санагдсан. Шөл нь хүртэл жаахан чихэрлэг амттай. 


3. ФиФи арлын аялал

Бүтэн нэг өдрийн завин аялал дараагийн төлөвлөгөө байлаа. Гэхдээ нэг хүний 2800฿ дэндүү үнэтэй байсан ч хямдруулаад 1600฿-аар 4 арлыг тойроод ирсэн. Хамгийн сонирхолтой хөтөлбөр нь усанд шумбалт байсан. Далайн гүн дахь амьдрал мөн тэр гүн гүнзгий ёроолд хүн төрөлхтний нээж хүрэхгүй байгаа нууцууд оршдог гэхээр сонирхол татдаггүй гэж үү? Айдсаа ардаа хийгээд биеэ суллан хөвөөд далай доор нүдээ нээхэд өнгө өнгийн алаг загаснууд дураараа сэлцгээж, усны тунгалагийг нь гайхна. Бүр доош харвал номин ногоон өнгө илүү гүн болно.



Аяллын хувьд цаанаасаа өглөөний цай болон өдрийн буфет хоол багтсан тул гэдэс цатгалан. Хамгийн хэцүү нь завин дээр явах. Жижигхэн моторт завин дээр удаан хугацаанд явах учраас зарим хүмүүс далайн өвчинтэй байх магадлалтай тул сэргийлэх эм өгдөг. Мөн энэхүү аялалд хамрагдахын өмнө усны хувцас болон усан дотор сугарах боломжгүй битүү углааш зэргийг бэлдэх хэрэгтэй. Хэдий завь хөдлөх цэгт хэрэглэлүүдийг зардаг ч гэсэн хэд дахин үнэтэй гэдгийг анхаараарай.





4. Хоол

Би явахаасаа өмнө зуны хувцсандаа багтаад гоё харагдчих гээд оройн хоолоо хасаад явсан юм. Гэтэл Тайландад бараг л өдөрт 3 удаа хоол идсэн. Үнэхээр гоё хоолнуудтай. Хаа ч очоод юу ч идсэн сэтгэлд хүрээгүй, мөнгөндөө харамссан тохиолдол байгаагүй.





Хамгийн сонин зүйл нь юу байсан гээч? Матрын мах!

Эндээсээ шууд шорлоод өгдөг юм байна лээ. Бас л харахад эвгүй шүү. Яаж бодохоороо зүгээр л усандаа хэвтэж байсан амьтныг ингээд дэлгээд тавьдаг байна аа. 



5. Wat Pho сүм

Тайландад ирсэн жуулчдын сонирхлыг татдаг бол яалтачгүй тэдний шашин шүтлэгтэй гүн гүнзгий холбогдох соёл. Архитектурын гайхалтай зохиомж болон сүндэрлэсэн том том суварга шиг байгууламжуудыг үзэх боломжтой сүм. Тэрнээс гадна үндэсний хувцсыг нь өмсөх дээрээс нь зургаа даруулах зурагчин хөлсөж болох үйлчилгээ сүмийн гадуур дүүрэн. 


Иймэрхүү байдлаар зурагчин нь яаж зогсвол хөөрхөн харагдахыг зааж өгөөд дардаг. Ямар ч нэмэлт засвар болон өнгө нэмсэн зүйлгүй ингэж гоё гарсан. Хэрэв таны утас нээх гоё камергүй эсвэл зураг дарж өгөх хүнгүй явбал энэ үйлчилгээг битгий алгасаарай!



Аялал гэдэг тухайн орны хамгийн дээдийг үзэж, баян хүн шиг л зугаацах шүү дээ. Миний урьд очиж үзээгүй зөвхөн цэнхэр дэлгэцээр л тольдож байсан газар. Тайланд яагаад инээмсэглэлийн орон бэ гэхээр тэд үнэхээр тайван бас найрсаг хүмүүс. Жижигхэн зүйл байсан ч тайлбарлаж бас хэлний мэдлэг муу байсан ч үнэхээр их хичээж туслах хүмүүстэй олон таарсан. Зүүн өмнөд Азийнхан халтар, ядуу буурай гэх үзэл олон л байдаг. Үнэндээ яг доторх нийгэм нэг талдаа дэндүү бараан нөгөө талдаа дэндүү харьцангуй тансаг байхыг би хэлж мэдэхгүй. Гэвч өөрийн нүдээр үзэхэд хөгжилд хүрсэн улс юм. Магадгүй ард олны энэ найрсаг, хичээнгүй зан нөлөөлдөг юм болов уу гэж би бодсон.




Дуустал уншсанд баярлалаа илүү олон үйл явдлыг сонирхвол миний влогийг үзээрэй^^



Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page