Арваннэгдүгээр сарын эргэн тойронд
Өнгөрсөн арван нэгдүгээр сар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хувьд томоохон үйл явдлууд шинэ бүтээн байгуулалтаар дүүрэн байлаа. Түүхт 45 жилийн ойн баяр тохиосноос эхлээд "Оюутны хөгжлийн төв" ашиглалтад орж, багш оюутнуудын ололт амжилтаар бялхан байв.
Уншигч танд арван нэгдүгээр сарын онцлох үйл явдлуудыг хүргэж байна, хүлээн авна уу.
45 жилийн ойн хүндэтгэлийн концерт
Монгол Улсад хүмүүнлэг, нийгмийн ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшинд нийт 30 гаруй хөтөлбөрөөр сургалт явуулж буй Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 45 жилийн ойн хүндэтгэлийн концерт 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “The Corporate Convention Center”-т боллоо.
Ерөнхий гурван хэсгээс бүрдсэн гурван цагийн ойн тоглолтод тус сургуулийн 100 гаруй оюутан оролцож авьяас чадвараа толилууллаа.
Эрдэм шинжилгээний хурал
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 45 жилийн ойд зориулсан “Дижитал үе дэх салбар дундын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.
Тус эрдэм шинжилгээний хуралд МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид дижитал үеийн онцогт нийцсэн салбар дундын судалгааны ажлуудыг хэлэлцүүлсэн байна.
3. Төсөл
"Econimist" буюу Эдийн засаг мэргэжлийн клубын "Magic Cube" төсөл
2024 шооноос бүрдсэн дээрх урлан нь хүүхдийн хавдарын эмчилгээнд зориулсан хандивын санхүүжилт бүрдүүлэхэд оршино. ХИС-ийн Бизнесийн удирдлага хөтөлбөрийн 4-р түвшний оюутан М. Ачитмарал ‘Төслийн менежмент’ болон ‘Бизнесийн сэтгэл судлал’ хичээлийн хүрээнд бичил төсөл боловсруулж, бизнес эрхлэн нийт орлого болох 410’000₮-ийг 100% ‘MAGIC CUBE’ төсөлд хандивлалаа.
Оюутны хөгжлийн төв
45 жилийн ойг угтсан бас нэгэн томоохон бүтээн байгуулалт нь “Оюутны хөгжлийн төв”-тэй болсон явдал юм.
Тус төвийн барилгын ажил энэ оны тав дугаар сараас сургуулийн удирдлагуудын оюутан төвтэй сургалтанд суурилсан төвтэй болох санаачлагын дагуу нийт оюутны сэтгэл ханамжын судалгаан дээр үндэслэн эхэлсэн байна.
Энэ сарын онцлох хүмүүсийг манай редакцийн зүгээс онцоллоо.
ОНЦЛОХ БАГ ХАМТ ОЛОН
Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч Г.Доржваанчиг, М.Долгорсүрэн, сургуулийн эмч Ц.Болорхүү, бүрэлдэхүүн бүхий "Оюутны хөгжлийн төв"-ийг энэ сар онцолж байна.
Тус төв нь 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгэм хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оюутан суралцагчдын үнэтэй оролцоог нэмэгдүүлэх, ажлын байранд бэлтгэх, хувь хүний хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагааг явуулдаг.
Өнөөдөр арай л оройтчихов уудаа гэсээр сургуулиас гарахад гэрэл нь ганцаараа асаалттай үлддэг №201 тоотод тэд байрлана. Үүдээр нь зөрөх бүрийд оюутны хөл хөдөлгөөн, их үйлсэд дарагдсан харагдана. Хаа нэг шагайх бүрийд Доржоо ах ширээнийхээ араас "Яасан ахын дүү, яаж туслах уу" гэсээр инээмсэглэн угтана.
Түүнд энэ сургуулийн оюутан бүр чухал. Хэн шагнал авсан, хэн амжилт гаргасан, сургуулийн талаар оюутнууд ямар сэтгэгдэлтэй байна, оюутнууд юу хүсэж байна, оюутныг яаж дэмжих, сургуульд юу хэрэгтэй байна гэдгийг тэр л хамгийн сайн мэддэг. Тэрбээр оюутан залуусын сайн ах, сайн найз, номер нэг дэмжигч байж өөрөөрөө үлгэрлэн харилцаа хандлага ёс зүй ийм л байх ёстой хэмээн алгуурхнаар "нөлөөлөгч" байж болох юм.
Бидний төлөө цохилох оюутны хөгжлийн төвийн хамт олонд талархал илэрхийлье.
ОНЦЛОХ БАГШ
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн доктор(Ph.D.), Профессор Э.Эрдэнэчимэг багшийг энэ сар онцолж байна.
Тэрбээр өөрийн заадаг "Интернэт маркетинг" /MKG305/ хичээлийн хүрээнд маркетингийн ангийн 13 багийг Номин Холдинг групп компаниас бүх их, дээд сургуулийн дунд #candomongolia2024 дижитал контент бүтээх уралдаанд амжилттай чиглүүлэн оролцуулсан байна. Ийн маркетинг менежментийн IV дамжааны "Moon", "Frirends", "5х1" багын оюутнууд эхний гурван байрыг эзэлж, ажлын урилга хүлээн авчээ.
Мөн Up tech компанитай хамтран AR технологийн тусламжтайгаар "Ирээдүйдээ боломж олго" компанит ажлыг яг одоо хэрэгжүүлж байгаа юм байна.
ОНЦЛОХ ОЮУТАН
Энэ сар бид программ хангамжийн ангийн II курсийн оюутан Б.Дүүрэнбилэгийг онцолж байна.
Жирийн нэгэн хичээлийн өглөө.
Оюутнууд яарсаар хичээлдээ орж байгаа нь харагдана. Тэнд хэн нэгэн гүйсээр ирэх нэгэнд хаалга онгойлгож буйтай нь таарлаа. Хариуд нь баярлалаа гэж лавдаг л хэлсэнгүй. Үргэлжлүүлэн түүнийг даган алхвал цэвэрлэгээний ажилтан эгчид хүндрэл учруулсандаа уучлалт хүсэж, таарсан нэгэнтэй мэнд мэднэ. Ийн түүнтэй хэдэнтэй таарах болов. Хоёрдугаар байрны үүдэнд шоо борлуулж байхад нь нэг, тэнхимийн дүүд маань мэдэхгүй зүйлд нь тусалж байхад нь хоёр, хүнд зүйл бариад сургууль руу ороход хаалгыг минь онгойлгож яг гурав.
Түүнийг та ч мөн адил хаа нэгтээ хүнд тусалж байхад нь харж байсан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Эсвэл бүр танд ч тусалж байсан байж мэднэ. Тэр хүн бүрд сайхан сэтгэгдэл төрүүлж, хариу нэхэлгүй тусалж, яарсан нэгэнд хаалга онгойлгож халуун дулаахан хайр түгээгч нэгэн хэмээн тодорхойлоход буруудахгүй биз ээ. Нэг оюутны өглөө талархлаар эхлэхэд яг л ид шид мэт сургууль даяараа эерэг энерги тархдаг гэхээр тун гайхалтай биз.
Тэрбээр, бусдад туслах огтхон ч тээртэй санагддаггүй. "Баярлалаа" гэсэн шидэт үг сонсоод л болчихдог хэмээснийг энд дурдъя.
ОНЦЛОХ АЖИЛТАН
Энэ сарын онцлох ажилтнаар сургуулийн харуул хамгаалалтын алба хаагч Т.Ганболд ахыг онцолж байна.
Түүнийг "Аан нөгөө гоё ааштай ах уу" хэмээн бүгд танина. Бүр ёс зүйн хичээлийн гол дүр ч болж байсныг сайн санаж байна. Тэрээр үүдээр орж ирсэн хэн бүгдийг инээмсэглэн угтаж, мэнд мэднэ. Бүр хааяа хаалга ч нээж өгнө. Оройтсон нэгэнд болгоомжтой харихыг сануулж, зүс таних нэгэндээ заавал мэнд хүргэнэ.
Тэрбээр, "Оюутнууд бужигнах үе хамгийн гоё санагддаг, би өөрөө бусдыг урьтаж хүндэлбэл хариу хүндлэл ирдэг гэдэгт итгэдэг. Одоо эрхэлж буй ажилдаа тун чиг дуртай" гэдгээ инээд алдан хэлж байсан юм.
ИРЭХ САРД МЭДҮҮШТЭЙ
Нийт оюутнуудын нэгдсэн шинэ жил 12 дугаар сарын 24-ны өдөр "Astory Event Hall"-д 18:00 цагаас болно. Дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй...
Бэлтгэсэн: Б.Хонгорзул
Comments