top of page

Glow up нь гадаад төрх үү эсвэл дотоод өөрчлөлт үү?

  • 4 days ago
  • 3 min read

Сүүлийн үед “glow up” гэдэг үг залуусын дунд маш их хэрэглэгдэх болсон. Ихэнх хүмүүс энэ ойлголтыг гадаад төрхөө өөрчлөж илүү үзэсгэлэнтэй болох өөрийгөө “шинэ хувилбар” болгон харагдуулахтай холбож ойлгодог. Гэхдээ үнэхээр glow up гэдэг зөвхөн гаднах өөрчлөлт үү, эсвэл илүү гүн утгатай дотоод өөрчлөлт үү?

Нийгмийн сүлжээгээр бид төгс мэт харагддаг хүмүүсийг өдөр бүр хардаг. Тэдний арьс нь толигор, хувцас нь загварлаг, амьдрал нь аз жаргалтай мэт. Энэ бүхнийг хараад “би ч бас ийм болох хэрэгтэй” гэж бодох нь элбэг. Ингээд хүмүүс glow up-ийг зөвхөн гадаад төрхтэй холбож өөрийгөө бусадтай харьцуулж эхэлдэг. Гэвч энэ бол зөвхөн өнгөцхөн тал.

Амеркийн сэтгэлзүйч, Хүмүүнлэг сэтгэл судлалын үндэслэгчийн нэг Карл Рожэрс хэлэхдээ жинхэнэ glow up нь дотроос эхэлдэг. Өөрийгөө ойлгох, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, сэтгэлзүйн хувьд өсөж хөгжих нь хамгийн том өөрчлөлт юм. Хүн өөрийгөө хүлээн зөвшөөрч сул талаа ойлгож давуу талаа хөгжүүлж эхлэх үед тэр хүн аяндаа өөрөөр “гэрэлтэж” эхэлдэг. Энэ гэрэл нь нүүр будалт шинэ хувцсаас илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Чи өөрийгөө үнэлж эхлэх үед л хүмүүсийн чамд хандах хандлага өөрчлөгддөг. 

Дотроосоо гэрэлтэхэд хамгийн эхний суурь нь бие махбодь гэдгийг Harvard Medical School-ийн сэтгэлзүй ба эрүүл мэндийн судалгаанууд онцолдог. Сайн унтаж амрах, өдөр бүр хангалттай ус уух, бага багаар хөдөлгөөн хийх зэрэг энгийн дадлууд нь хүний тархи болон сэтгэлзүйн тэнцвэрт шууд нөлөөлдөг гэж үздэг. Бие ядарсан үед стрессийн даавар ихсэж, сэтгэл санаа тогтворгүй болдог тул ямар ч гоё хувцас өмссөн гадаад өөрчлөлт хийсэн ч жинхэнэ “гэрэлтэх” мэдрэмж төрдөггүй. Тиймээс эхний алхам бол өөрийгөө шахах биш биеэ анхаарч жижиг боловч тогтмол дадлуудаар хайрлах явдал юм.

Дараагийн чухал шат нь сэтгэл зүй бөгөөд Harvard University-ийн positive psychology болон self-compassion чиглэлийн судалгаанд энэ нь хамгийн гол хүчин зүйл гэж тайлбарлагддаг. Хүмүүсийн хамгийн их гаргадаг алдаа бол өөрийгөө бусадтай харьцуулах бөгөөд энэ нь сэтгэлзүйн дарамтыг нэмэгдүүлж, өөртөө итгэх итгэлийг сулруулдаг гэж үздэг. Харин өөрийгөө бусадтай харьцуулахын оронд өөрийн өсөлт, өөрийн ахицад төвлөрөх үед хүн илүү тогтвортой сэтгэлзүйтэй болдог. Harvard-ийн self-compassion судалгаанд мөн хүн өөрийгөө шүүмжлэхээ багасгаж илүү эелдэг хандаж эхлэхэд стресс буурч сэтгэл санаа тайвширдаг гэж гарсан. Ийм үед хүний нүүрний илэрхийлэл хүртэл зөөлөрч нүдний харц илүү тайван, гэрэлтэй болдог нь зөвхөн сэтгэлзүйн өөрчлөлтийн гадаад илрэл гэж тайлбарлагддаг.

Энерги аура бол хамгийн анзаарагддаг хэрнээ тайлбарлахад хэцүү. Өөрийгөө хүндэлдэг хүн өрөөнд орж ирэхэд чимээгүй мөртлөө хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Энэ нь үнэтэй зүйл өмссөндөө биш харин дотроо тайван болсонтой холбоотой.  Чи өөрийгөө сонгож эхлэх үед хуучин орчин, хуучин харилцаа заримдаа өөрөө холддог. Энэ нь шинэ шатанд орж байгаагийн дохио. Мөн glow up гэдэг нь төгс болох тухай биш. Зарим өдөр ядрах зарим өдөр өөрийгөө голох  нь хэвийн. Гол нь чи өөрийгөө орхихгүй байх. Өдөр бүр багахан өөрчлөлт хийсээр байвал гэнэт нэг өдөр толинд хараад “би үнэхээр өөр болсон байна” гэж мэдэрдэг мөч ирдэг.

Юм болгон хоёр талтай байдаг шиг чи дотроосоо өөрчлөгдсөн ч  гадаад төрх ч бас чухал. Өөртөө анхаарал тавих, цэвэр цэмцгэр байх, өөрт зохих хэв маягаа олох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ нь чиний зорих зорилго биш харин дотоод өөрчлөлтийн үр дүн байх ёстой. Хэрвээ хүн дотроо өөрчлөгдөөгүй бол гаднах өөрчлөлт түр зуурынх байдаг.

Миний хувьд хүн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч давуу болон сул талаа ойлгон өөртөө анхаарал тавьж эхлэх тэр мөчөөс жинхэнэ өөрчлөлт эхэлдэг. Иймээс бусадтай өөрийгөө харьцуулах хурдан хугацаанд өөрчлөгдөх гэж яарах нь утгагүй бөгөөд харин өөрийн хурдаар өөртөө тохирсон замаар хөгжих нь илүү үнэ цэнтэй юм.


Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 2-р түвшний оюутан С.Ариун-Эрдэнэ

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page